Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярцэнгэл: ЕБС-иудыг сэтгэлзүйн албатай болгох хүний нөөц Монголд бий

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй салбарынх нь талаар ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлосон аймшигт хэрэг гарлаа. Амиа хорлолт нь 100 хувь сэтгэлзүйн асуудлаас үүддэг гэж сонсож байсан юм байна. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудал нийгэмд олны анхаарлыг татах боллоо. Ер нь ЕБС-иудад сэтгэлзүйч байдаг уу?

-ЕБС-иудад сэтгэлзүйч байдагггүй. Монгол улсын хэмжээнд 10-18 насны 430 мянган иргэн байна. Тэдний эдлэх ёстой эрх, суралцах орчин, нийгмийн хүрээлэл, харилцаа, хариуцлага шат шатанд биелэлт дутуу дулимаг. Нийгмийн эрүүл мэнд, чухал асуудлуудыг зохицуулах ёстой байгууллага нь зөвхөн нийгмийн сэтгэлзүйг цочирдуулсан тоо баримтуудыг гаргасаар л байна. Эдгээр тоо баримтуудыг судалж гаргасныхаа дараа “Одоо юу хийх ёстой вэ” гэх гарцыг эрэлхийлдэггүй нь үнэн. Тэгэхээр ЕБС-ийн орчинд сэтгэлзүйчийн үүрэг хамгийн эрэлттэй байна.

-Гадны улс орнуудад энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Олон улсад сэтгэлзүйн салбар дэвшилттэй хөгжсөн. Өндөр хөгжилтэй оронд өрх бүр зөвлөгөө үйлчилгээ авдаг сэтгэлзүйчтэй. Хөгжил буурай, хөгжиж буй орнууд ч гэсэн энэ салбарын хөгжил, хүрээлэн, хүн судлах үйл ажиллагааг тасралтгүй дэмждэг. Манайд зөвхөн сургуулийн орчинд бус гэр бүл бүрт, цаашлаад бизнесийн байгууллага, төрийн байгууллагын түвшинд сэтгэлзүйч, зан үйл судлаачдын ажлын байр байх шаардлага үүсэж байгаа.

Гэтэл төр засгаас “Монгол” хүний сэтгэлзүйн онцлогыг судлахад хөрөнгө оруулдаггүй. Түүнчлэн нийгмийн өөрчлөлт, нийгмийн сэтгэлзүйг судлах, эргээд авах арга хэмжээний талаар ч анхаардаггүй.

-Манайд сэтгэл судлалын салбар шинэ ойлголт шиг санагддаг. Таны бодлоор Монголд энэ салбарын хөгжил ямар шатанд явна вэ?

-Монгол улс сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болоод 20 гаруй жил болж байна. Яг одоогоор энэ мэргэжлийг олгож байгаа их дээд сургуулиуд 10 хүрэхгүй ч жилд төгсөж буй мэргэжилтнүүд, 20-оод жилийн хугацаанд төгссөн судлаачдыг авч үзвэл Монгол улсын бүх түвшний ахлах сургууль, ЕБС-иуд  нэг, бүр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэлзүйн албатай байж ч болох юм. Түүнчлэн энэ салбарынханд хууль эрхзүйн орчин, өөрсдийн ёсзүйн дүрэм ч алга.

Сэтгэлзүйн салбарынхныг байгууллагын идэвхжүүлэлтийн сургалт, илтгэгчид, онч үг бичигчид эсвэл хайрын талаар ярьдаг, зөвлөдөг хүмүүс гэж ойлгох нь түгээмэл.

-Та залуу сэтгэл судлаачийн хувьд Монгол сэтгэлзүйн салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн зүгээс юун дээр анхаардаг вэ?

-Миний хувьд залуу байна. Сурах зүйл ч их байна. Гэхдээ юун түрүүнд сэтгэл судлаачид бол илтгэгч биш, хүнд шууд л яаж амьдрахыг нь зааж өгдөг бэлэн амтай хүн биш гэх ойлголтыг нийгэмд ойлгуулахыг хүсдэг. Ядаж л энэ салбарын дүр төрхийг бас сэтгэлзүйчдэд хандах соёлыг төлөвшүүлэх тал дээр илүүтэй хичээж ажиллаж байна.

-Сэтгэлзүйчдийн нэг удаагийн зөвлөгөөний үнэ ханш хэт өндөр гэх хандлага байдаг. Нэг удаагийн зөвлөгөө доод тал нь 35 мянган төгрөг бүр цаашлаад 100 мянга байдаг гэж сонслоо. Энэ нь хэт өндөр ханш биш үү?

-Энэ үнэ ханш нь мэдээж, Монголчуудын хөдөлмөрийн хөлс, бүс нутгийн амьжиргааны түвшинтэй харьцуулвал өндөр. Харин олон улсын жишиг үнэтэй харьцуулахад хэтэрхий бага ханш. Зарим хүн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг мөнгөтэй хүмүүсийн л хийх ажил гэж бодох нь бий. Гэтэл яг үнэндээ сэтгэлзүйн бэрхшээл, асуудлуудыг ямар нэг эерэг аргаар шийдэхийн тулд та зайлшгүй сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Сэтгэлзүйн асуудлаа даван туулахын тулд ганцаараа шаналахын оронд сэтгэлзүйчид хандаж, мэргэжилтний тусламж авснаар асуудлыг илүү өргөн хүрээнд, зовиургүйгээр шийдэж чадна шүү дээ.

-Гэхдээ хүн болгон 35-100 мянган төгрөгөөр сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө авч чадахгүй шүү дээ. Магадгүй үнэ ханшнаас шалтгаалж иргэд сэтгэлзүйчид хандах нь бага байдаг байж болох юм?

-Таны хэлж байгаа үнэн. Бид өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авдаг билээ дээ. Миний бодлоор сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нийгмийн даатгалаар шийддэг хууль эрхзүйн орчинтой болчихвол олон хүн сэтгэлзүйчдэд ханддаг болох байх.

-Сэтгэл судлаачдад хандах иргэдийн хандлага, ойлголт хэр байна вэ?

-Хүмүүс эмийг курсээр нь ууж байж үр дүн өгдөг шиг олон удаагийн уулзалт хийж, зөвлөгөө авсны дараа үр дүн гарна гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Нэг удаа л ирчихээд боллоо гэж андуу ойлгодог нь ажиглагддаг. Гэтэл 8-16 удаагийн уулзалт, зөвлөгөөний үр дүнд энгийн органик хямрал бэрхшээлийг даван туулах чадамжтай болно гэж мэргэжилтнүүд үздэг.

-Та ихэвчлэн сэтгэл судлалын ямар салбарыг барьж ажилладаг вэ?

-Би хувийн дасгалжуулалт /coaching/ хийхийг эрмэлздэг, мөрөөддөг. Жишээ нь, “Ямар мэргэжилтэй болох вэ”, “Аль төслөө хийх вэ”, “Би хэн бэ”, “Би ямар хүн бэ”, “Энэ яг би мөн үү” гэх асуултуудад хариулт олоход нь туслаж, өөрийгөө олох чиг баримжааны аргазүйг судалдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.