Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будхүү: Эгийн голын усан цахилгаан станц Байгал нуурт бараг нөлөөлөхгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сэргээгдэх эрчим хүчний салбар руу чиглэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, технологи нь хурдацтай хөгжиж байгаа билээ. Энэ үеэр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж буй “Технологи, Хөрөнгө оруулалт Монгол-2017” олон улсын үзэсгэлэн, хурлаар “Сэргээгдэх эрчим хүч” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 

Хурлын эхэнд “Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн танилцуулга”-ыг тус нэгжийн Инженер, техникийн албаны дарга Д.Будхүү танилцууллаа. Эгийн голын усан цахилгаан станц нь манай улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үлэмж нэмэгдүүлэх том төсөл билээ. Гэвч сүүлийн 20 гаруй жил олон шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, гацаад байгаа юм. 

Тэрбээр “Эгийн голын усан цахилгаан станц нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт баригдах юм. Эгийн голд усан цахилгаан станц байгуулах асуудлаар анх 1964 онд Оросууд анх судалж байсан.

2006 онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болж байсан ч Засгийн газар солигдоод ажил зогссон. Үүний дараа 2011 онд дахин төслийн нэгжийг байгуулаад одоо ажиллаж байна. Бид ТЭЗҮ-ийг нь англи, монгол хэл дээр шинээр хийлгээд байна. Байгаль орчны судалгааг мөн шинэчлэх шаардлагатай болсон. 

Төслийн нийт өртөг нь шинэ ТЭЗҮ-гээр 827 сая төгрөг юм. Үүний 48 хувь нь барилга, 30 хувь нь тоног төхөөрөмж, үлдсэн нь зам, байгаль орчны нүүлгэн шилжүүлэлт байх юм. 2007 онд тендерт өгч байсан үнийн саналтай харьцуулахад барилга, тоног төхөөрөмжийн өртөг өссөн. 

2015 онд энэ төслийг БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохироод одоо хүртэл явж байна. 

Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар эрдэмтдийн уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулж, Байгал нуурын гидрогеологид үзүүлэх нөлөөллийн талаар судлахаар болсон” гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Илтгэлийн дараа түүнээс товч тодруулга авлаа.

-Төслийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, тендерийн бичиг баримтыг гүйцээгээд төслийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болчихсон байгаа. 

-Энэ жил Орос, Монголын эрдэмтэд Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийн талаар уулзалт зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Эгийн голын станц Байгал нуурын гидрогеологид хэрхэн нөлөөлөх талаар ярицлах эрдэмтдийн санал солилцох уулзалт болох юм. 
Уулзалтын үр дүнгээс хамаарч төсөл хэрэгжих эсэх нь тодорхой болно. Бид Байгал нуурт нөлөөлөл багатай гэдгийг нотлох гээд байдаг. Оросуудын хувьд Байгал нуурыг ширгээнэ гэж яриад байгаа. Бид одоо Байгал нуураас ямар ч ус аваагүй байгаа. Тэгэхэд л өөрсдөө сүйрүүлчих гээд байгаа улсууд шүү дээ. Одоо манайхыг Эгийн голын усан цахилгаан станц гээд ярихаар Байгалд хайртай болж гарч ирээд байгаа. 

-Та нарын хувьд нөлөөгүй гэдгийг ямар үндэслэлээр нотлох вэ?

-Бид олон улсад нэр хүндтэй компаниар ТЭЗҮ-гээ хийлгэсэн. Үүнийг боловсруулж байх явцад Оросууд хэл ам хийгээд, бид тэр компанид санал тавьж нэмэлт судалгаа хийлгэсэн. 

Судалгаагаар Байгал нуурт нөлөөлөх нөлөөлөл нь 0.023 хувь гэж гарч байгаа юм. Зөвхөн ус хураах үед л ийм нөлөөтэй. Ус хураасны дараа ямар ч нөлөөгүй. 
Бид усаа ашиглахгүй шүү дээ. Турбинээр эргүүлээд буцаагаад гоожуулна. Нэг литр ч ус авч үлдэхгүй. 

-Төсөл хэрэгжиж эхлэхээр болбол БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон байсан. Энэ зээл одоо хүчинтэй юу?

-Энэ зээлийн шийдвэр уг нь УИХ-аар батлагдсан. Гэхдээ тэр мөнгөө авч чадахгүй байсаар байгаад засаг төр солигдоод өөр тийшээ эргэх янзандаа орж байх шиг байна. 
Бид Оросуудаар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байсаар байгаад энэ мөнгөний асуудал хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо.

-Ахиад санхүүжилтийн асуудал яригдах нь ээ. Сая Засгийн газар дээр Эгийн голын төслийн нэгжийг ТӨХК болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй уялдаж хэрхэн ажиллах вэ?

-Манай төслийн нэгжийг эхлээд ХХК болгож байгаа. Дараа нь ХК болох боломжтой гэсэн асуудал яригдаж байгаа. Шийдвэр нь засгаас гарчихсан байгаа учраас бид дүрэм журам гээд л явж байна. 

-Буриадад болсон олон нийтийн хэлэлцүүлэгт Байгал нуурын асуудлаар ямар шийдвэр гарсан бэ?

-Зохион байгуулалттайгаар манайхыг эсэргүүцэж, манай талд биш шийдвэр гаргачихсан байна лээ. Гэхдээ Дэлхийн банкны хувьд Оросууд дургүй байсан ч бидний ТЭЗҮ-г хийж өгнө гэж байгаа. Энэ үеэр хэрэв байгаль орчинд нөлөөлөл багатай гэсэн үр дүн гарвал Дэлхийн банк өөрөө санхүүжүүлээд төслийг хэрэгжүүлэх боломжтой.