Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ариунболд: БНСУ-д онцгой байдал зарлах нөхцөл бүрдээгүй байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар яамны Консулын газрын захирал Я.Ариунболд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн аюулгүй байдал, визний асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Я.Ариунболд “Монгол-БНСУ-ын 2004 онд ноот бичиг солилцоод хоёр жилд дөрвөн удаа, нийт 10 зорчсон иргэд визгүй зорчдог байсан. БНСУ-ын тал энэ гуравдугаар сараас эхлээд дангаараа энэ тохиролцоогоо цуцалсан. Энэ нь өөрийнхөө улсад дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд агаарын тээврийн зорчигчдыг онлайнаар бүртгэх тогтолцоо нэвтрүүлж байгаатай холбоотой юм билээ.

Гэхдээ визгүй зорчдог байсан 2,838 Монгол иргэн байдаг. Тохиролцоог цуцалснаар эдгээр иргэний ажил төрөл, эрх ашигт нөлөөлөх болсон. Энэ асуудлыг ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил анхааралдаа авч БНСУ-ын Элчин сайдтай уулзсан. Уулзалтын үр дүнд олон удаа зорчсон иргэдэд таван жилийн олон удаагийн виз олгож эхэлсэн.

Иргэд ихээр асууж байгаа асуудал бол БНСУ-д байгаа манай иргэдийн аюулгүй байдлын асуудал юм. 2014 онд БНСУ-д байнга оршин сууж байгаа Монгол иргэдийн тоо 24,561 байсан бол 2015 онд 30,527 болж 19 хувиар өссөн, 2016 онд 35 мянга, 2017 оны гуравдугаар сарын байдлаар 36,661 Монгол иргэн БНСУ-д оршин сууж байгаа.

Манай Сөүл дэх ЭСЯ, Пусан дахь Консулын газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Элчин сайдын яам болон консулынхан ар гэрээ Монгол руу буцаасан гэдэг албан бус бөгөөд худал мэдээ.

Хойд Солонгос өнгөрсөн бүтэн сайн өдөр цөмийн зэвсэг туршсан ч бүтэлгүйтсэн. Энэ нь БНСУ-д онцгой байдал зарлах нөхцлийг бүрдүүлээгүй байна. Гаднаас нь ажиглахад тухайн улс сонгуулийнхаа үйл ажиллагааг хийгээд явж байна. Гэхдээ манай ЭСЯ, Консулын газрууд иргэддээ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа” гэв.