Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

У Сун: "Spirit of Ballet" тоглолт нь өсвөр үеийнхний хамтарсан анхны тоглолт гэдгээрээ онцлогтой

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Монголын балетын хөгжил сан" Монголын Балетын Урлагийн Холбоотой хамтран Монгол-Солонгосын өсвөрийн балетийн бүжигчдийн хамтарсан "Spirit of Ballet" гала тоглолтыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү тоглолтын хүлээн авалт өнөөдөр боллоо.

Хүлээн авалтын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун "Spirit of Ballet тоглолт нь өсвөр үеийнхний хамтарсан анхны тоглолт гэдгээрээ онцлогтой болж байна. Эдгээр хүүхдүүд маань хоорондоо ойр дотно болж, нөхөрлөх боломж бий болж байна" гэлээ.

Тоглолт нь балетийн урлагаар дамжуулан хүүхдэд эрүүл амьдрах ухаан, урлагийн үнэ цэнийг ойлгуулах, Монголын ирээдүйн балетийн урлагийн мэргэшсэн боловсон хүчин, мөн урлагт хайртай балетийн урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой юм.

Өсвөр үеийнхний балетийн бүжигчдийн хамтарсан тоглолт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас тоглогдоно.

Монголын Балетын Холбооны тэргүүн Ц.Жаргалан "Тоглолтод Солонгос Улсын 10 бүжигчин, Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд, Монголын Үндэсний Балет сургуулийн төлөөлөл, Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид оролцож байгаа. Нийтдээ 40 орчим хүний бүрэлдэхүүн оролцоно

Тоглолтын ач холбогдол нь манай улсын өсвөр үеийн төлөөллийн ур чадвар, олон улсад өрсөлдөх хөгжүүлэх боломжтойг харуулах, цаашлаад БНСУ-н балетийн мэргэжлийн сургуулиудад суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино. Мөн балетийн урлагаар хичээллэж байгаа хүүхэд залуучууд олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцох боломж бага байдаг бөгөөд 2 улсын хамтарсан тоглолтонд оролцсоноор өөрийгөө сорьж бусад улсын өсвөр үеийнхэнтэй туршлага солилцон өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм" хэмээн ярилаа.

БНСУ-н өсвөрийн балетчдийн төлөөлөл Монгол Улсад анх удаа айлчлан тоглолт хийж буй нь 2 улсын соёлын харилцаанд болон манай улсын балетийн хөгжилд өндөр ач холбогдолтой болж буй юм.