Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол япончууд 850 сая ам.долларын зээлээсээ буцна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг удаа дараагийн хэлэлцээр хийж Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Ингээд 2017 оныхоо төсөвт тодотгол хийх шаардлагыг нөгөө тал тавьсан. УИХ Засгийн газраас энэ дагуу боловсруулсан төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Ингэснээр Монгол улс Олон Улсын Валютын сангийн “Extended fund facility”  буюу ОУВС-ийн урт хугацааны зээлийн хөтөлбөрт бүрэн утгаараа хамрагдаж эхлэх юм. Товчхондоо эрх нь баталгаажих юм.

УИХ-аар төсвийн тодотголоо эцэслэж батлаагүй байгаа хэдий ч ОУВС-ийн дээрх хөтөлбөрийн нэр хүнд хэдийн манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж эхлээд байна. 

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан зарим улс орон, олон улсын байгууллага манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Японы Засгийн газар 850 сая ам.доллар, Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар урьдчилан тохироод байна.

Мөн  Сангийн сайд саяхан Туркт айлчлах үеэрээ 300 сая ам долларын зээл хүссэн нь  700 сая ам.доллар болон өссөн. Энэ нь Монгол Улсад ОУВС-аас хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонтой холбоотой гэсэн тайлбарыг зээлдүүлэгч тал өгөөд байгаа билээ.  Яагаад гэвэл Олон Улсын Валютын сан байгаа учраас дэлхий Монгол Улсад итгэж эхэллээ. Нөгөө талдаа ОУВС-гүйгээр дэлхий бидэнд итгэхгүй, тэдний итгэлийг бид олохгүй нь, зарим нь зээлээсээ буцах нь  гэсэн болгоомжлол нэгэнт бий болжээ. 

Өмнө нь дэлхийн улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрөөрөө тухайн орныг эдийн засгийн хүндрэлээс нь гаргаж үр дүнг үзүүлж байсан ОУВС-ийн туршлагыг ийнхүү өндөр хөгжилтөй улс орнууд үнэлж, түүний үйл ажилалгаанд итгэж байхад Монголын зарим улстөрч итгэхгүй байгаа нь гайхалтай. Харин ийм хүмүүсээс, улстөрчдөөс ОУВС биш бол танд өөр ямар хувилбар байна гэж асуумаар байна. Шүүмжлэх гэж биш асуудал, санал, гаргалгаа ярилцаж, асуудлаа шийддэг зөв жишгийг хаана хаанаа бодох цаг иржээ.