Төвдийн хил дагуу нутгаар айлчилж байгаа Далай ламын дараагийн төрлийнх нь тухай яриа дахин дэгджээ.
Далай лам Энэтхэг-Төвдийг заагладаг МакМахоны шугамаас өмнө зүгт 50 км зайтай Таванг хотод сүсэгтнүүдтэй уулзахдаа энэ талаар ярьсан байна. Төвдүүд амьдардаг энэ жижиг хот нь 1959 онд Лхасаас дүрвэж явсан 14 дүгээр Далай ламын хил даваад анх буудалласан газар юм. Мөн энэ хотод зургаадугаар Далай лам мэндэлж байжээ. Хятад улс энэ хотыг өөрийн нутаг гэж Энэтхэгтэй маргадаг.
Нутгийн төвдүүд 15 дугаар Далай ламыг төрөлх хотод нь мэндэлнэ гэж итгэдэг юм байна. Зургаадугаар Далай лам ч энэ тухай зөгнөн хэлж байсан гэгддэг.
Харин Далай ламд энд ярихдаа “Би бүр 1969 онд Далай ламын засаглал үргэлжлэх үгүйг төвдүүд шийднэ гэж хэлж байсан. Хэрвээ хэрэгцээ байхгүй болсон гэж үзвэл дахин төрөхгүй байсан ч болно. Далай лам, эсвэл аль нэг том ламын хойд дүрийг Хятадын засгийн газар тодруулж магадгүй гэж болгоомжилцгоож байна. Үүнд ямар ч утга байхгүй. Хэрвээ тийм бол Хятадын эрх баригчид эхлээд хойд насанд итгэдгээ зарлаад дараа нь Мао Зэдун, Дэн Сяопинь нарийн хойд дүрийг тодруулах хэрэгтэй” гэжээ.
Үнэхээр ч шашингүй улс гэдэг мөртлөө Хятадууд Төвдийн Буддизмын хойд дүр тодруулах үйл явцад хутгалдаж , 1995 онд Далай ламын сонгосон Панчин ламын хойд дүрийг үгүйсгэн өөрсдөө тодруулсан удаатай.
“Ладак намайг Ладакт дахин төрүүлэхийг хүсдэг. Хятадууд намайг Хятадад төрүүлэхийг хүсдэг. Европын орнууд ч бас ингэх хүсэлтэй. Нэг сүнсийг хэд хуваах вэ?” гэж 81 настай Далай лам хошигнон инээжээ.
Тэр “Намайг жанч халах үед зарим шинж тэмдэг илэрч магадгүй. Харин одоо бол ямар ч мэдэгдсэн зүйл алга. Энд тэнд төрнө гэсэн ямар ч санаа надад алга” гэж тайлбарласан байна.
Харин сүсэгтнүүд түүнээс хойд дүр нь эмэгтэй хүн байж болох эсэхийг асуухад Далай лам “Тийм байх боломжтой” гэж хариулжээ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!