Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Түүхийн судалгаа ҮНДЭСТНИЙ НЭГДЭЛ бүрдэхэд чухал үүрэгтэй"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргасан “Монгол Улсын Түүх” номыг танилцуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

Монгол Улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан сурах бичгийг шинэчлэн бичжээ.

П.Дэлгэржаргал: Түүхийн судалгаанд шинэ шат ахина гэж найдаж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал “Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэн гаргасан Монгол Улсын түүх нэртэй сурах бичиг нээлтээ хийж байна.

Энэ бол манай тэнхимийн багш нарын хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Сурах бичгийг бичихэд баримталсан зарчим бол олон улсын их, дээд сургуулиудад барьдаг стандартын дагуу хэвлэж байгаа явдал юм.

Монгол Улсын Их Сургуулийн захиргаа болон МУИС-ийн дэргэдэх МУИС пресс хэвлэлийн газраас санхүүжүүлсэн. Тиймээс бид зургаас аваад бүтэц, зохион байгуулалт зэрэг сурах бичиг ямар байх ёстой тэдгээр стандарт шаардлагуудыг хангаж, хэвэлсэн байгаа.

Түүхийн хичээлийг ямар мэргэжлээр суралцаж байгаагаас үл хамааран бүх оюутан үзэж байна.

Глобалчлалын эрин үед үндэснийхээ түүх соёлын өндөр мэдлэгтэй монгол иргэнийг бэлдэх бодлогыг баримтлах ёстой.

Энэ хүрээнд түүхийн судалгаа гэдэг бол үндэстний нэгдэл бүрдэхэд чухал үүрэгтэй. Тэр үүднээсээ МУИС дахь түүхийн судалгаанд шинэ шат ахина гэж найдаж байна" хэмээн тайлбарлалаа.

Я.Төмөрбаатар: Оюутан төвтэй сургалтад чухал хэрэглэгдэхүүн болно
 
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ын захирал Я.Төмөрбаатар нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “2016 оноос манай сургууль олон улсын жишигт нийцсэн сурах бичиг, сургалтаар Монгол Улсдаа хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд бизнес, илтгэх урлаг, математик, физик, газар зүй, хэл шинжлэл, уран зохиол зэрэг нийт 15 сурах бичгийг эрхлэн гаргаад байна. Өнөөдөр мөн Монгол Улсын Түүх сурах бичиг хэвлэгдэн гарч байгааг танилцуулж байна.

Энэ сурах бичгийн хувьд хэд хэдэн онцлог шинэлэг талууд байгаа. Монголын түүх бол жилд 5,000 орчим оюутан үзэж, судалдаг чухал хичээл. Тиймээс оюутан төвтэй сургалт явуулахад чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.

Цаашлаад Монгол Улсын бусад их, дээд сургуулийн олон мянган оюутан, ард иргэд өргөнөөр ашиглах бүрэн боломжой. Форматын хувьд шинэлэг, үнэхээр олон улсын сурах бичгийн жишигт нийцүүлж бичсэн, Монголын түүхийн анхны сурах бичиг болсон гэж дүгнэж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Түүх сурах бичгийг,

  • Монголын түүхийг он цагийн дарааллаар бус үндсэн асуудалд төвлөрүүлэн судалж, бичигдсэн,
  • Өмнөх сурах бичгүүдтэй харьцуулахад үг хэллэгийн хувьд энгийн, ойлгомжтой, шинэ өнгө төрхтэй, оюутан уншигчдад сонирхолтой хэлбэр бүтэцтэй,
  • Үндсэн түүх бичлэгээс гадна газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, нэрийн хэлхээстэй хослуулсан,
  • Монгол Улсын түүхийн суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон,
  • Оюунтнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн оруулснаараа онцлог давуу талтай гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа ажээ.