Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

"“Монголын Зэс Корпораци” эзэмшиж байсан 49 хувийг төрд шилжүүлэн авах үйл явц үргэлжилж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэт Үйлдвэр” компанийн төрөөс 100 хувь бүрдсэн ТУЗ-ийн хурал өчигдөр Эрдэнэт хотод боллоо. ТУЗ-ийн хурал урт хугацаанд үргэлжилж, хурлын дундуур зарим гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Тэд үйлдвэрийн дэд захирлууд болон тэргүүн дэд захирлуудыг ажлаас нь халж, чиглэл хариуцсан орлогч албан тушаалыг бий болгож, дөрвөн хүн томилсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин одоо ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн сэтгүүлчдийн асуултанд хэрхэн хариулсныг хүргэе.


-ТУЗ-ийн удирлагууд болоод захирлуудын асуудлыг шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал сарын 25 сая төгрөг, ТУЗ-ийн гишүүд сарын 4 мянган ам.долларын цалин авна гэнэ. МУ-ын Засгийн газраас төрийн өмчит компаниудын захирлыг бууруулах бодлого баримталж байгаа гэсэн. Яагаад “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирлууд ийм өндөр цалин авдаг вэ. Хоёрдугаарт, ТУЗ-ийн хурал хуулийн дагуу явагдаж байгаа юу, 49 хувийг өөр компани авсан нь Компанийн тухай хуулийг биелүүлж чадсан уу, энэ асуудал Олон улсын арбитрийн шүүх болоод ОХУ руу буцах, Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.доллар төлөх болвол та бүхэн хариуцах уу?

-Өнөөдөр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болон ТУЗ-ийн цалин хөлсний асуудал огт яригдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. ТУЗ-ийн цалинг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоодог. ХЭХ-аас цалин тогтоож өгөөгүй байгаа.

МУ-ын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу төрийн өмчийн компаниудын цалин хөлсний хэмжээг хязгаарласан зүйлүүд бий. Ерөнхий захирлын цалин хөлсийг өнөөдөр огт яриагүй.

Цалин хөлстэй холбоотой асуудлыг тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадавх, өрсөлдөх чадвар, үр өгөөж гээд олон зүйлийг харгалзаж үзэж тогтоодог. Гүйцэтгэх удирдлагын цалинг ТУЗ тогтооно. Холбогдох шийдвэрүүдээ гаргаад явна.

ТУЗ-ийн хурал хуулийн дагуу болж байна. ХЭХ-аас ТУЗ-ийг өнгөрсөн долоо хоногт гурван хүнийг нэмж томилоод 7 хүнтэй байгаа. ОХУ-тай холбоотой элдэв яриа хөөрөө байхгүй гэдгийг олон хүмүүс өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн учраас ойлгомжтой байх гэж бодож байна.

-Халаа сэлгээ их явагдах нь, цехийн даргаас дээш албан тушаалтнуудыг бүгдийг нь солих гэсэн мэдээлэл байна. Бүтцийн өөрчлөлтөөр ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?

-Бүтцийн өөрчлөлт гэдэг тухайн компанийн өмнө тавигдаж байгаа зорилтыг ханган биелүүлэхэд шаардлагатай, оновчтой механизмыг олж бүрдүүлэх асуудал. Компанийн тухай хуулиар компанийн өдөр тутмын ажиллагааг Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий захирал хүлээж байгаа.

Ерөнхий захирал ингэж ажиллах нь зүйтэй гэсэн нөхцөл санал болгоод түүнийг нь бид баталж өгсөн. Тодорхой хүмүүс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. ТУЗ бол зөвхөн дэд захирлыг түвшний асуудлыг ярьдаг. Бид гаргасан шийдвэрээ та бүхэнд танилцууллаа. Инженер техникийн ажилтнууд, үндсэн ажилтнууд ажил төрөлгүй болох вий, хохирох вий гэж санаа зовох зүйлгүй.

-Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ байр сууриа илэрхийлэхгүй гэж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл ТУЗ-д байгаа. 49 хувийн төлөөлөл оролцоогүй, хурлын зар хүлээн аваагүй байхад хуралдсан ХЭХ хэр хүчин төгөлдөр вэ. Цалин хөлсний асуудал энэ хурлаар яригдах уу?

-Ерөнхий захиралтай байгуулах гэрээний нөхцөл эцэслэгдээгүй байна. Энэ асуудлыг урьдчилж тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломж алга байна. Гэрээг тодорхой хуулийн дагуу байгуулаад явна. Засгийн газар ТӨХК-иудын цалинг танах шийдвэр гаргасан.

Үүний дагуу төрийн эзэмшилж байгаа компаниудын захирлуудын цалинг бууруулсан, бууруулаад явж байгаа. Бид Засгийн газрын тогтоол, холбогдох хууль тогтоомжийг баримталж шийдвэрээ гаргаж байгаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр 49 хувийн төлөөлөл Б.Шинэбаатарыг томилсон гэсэн. Учир шалтгаан нь юу вэ, хэр удаан хугацаанд байх вэ?

-“Монголын Зэс Корпораци” эзэмшиж байсан 49 хувийг төрд шилжүүлэн авах үйл явц үргэлжилж байна. Энэ процесс явагдаж байгаа учраас “Монголын Зэс Корпораци”-иас санал болгож томилсон энэ хүнийг нэгдүгээр орлогчоор томилуулсан.