Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа: Орон зайг бөглөөд оронцог болж суух эрх АН-д байхгүй

Ч.Үл-Олдох
2017 оны 4 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Ярилцах  цаг” булангийн зочноор Эрүүл мэнд, спортын сайд асан, АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбааг урилаа.

 -Та сүүлийн үед чимээгүй байгаа. Хаана, ямар ажил амжуулж явна гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Улс төрөөс зай бариад хэдэн сар тайван амарч байна. Хэд хоногийн өмнө боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байхдаа  бодож төлөвлөж байсан ажлаа гүйцэлдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн боловсролын төв” Төрийн бус байгууллага байгуулсан.

Монголчуудын  эрүүл мэндийн боловсрол дутагдсанаас өөрсдөө эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, нөгөө талаас эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, төсвийн  болон эрүүл мэндийн даатгалын  асар их хөрөнгө мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Уг нь 2010 онд Эрүүл мэндийн хуулийг шинэчлэн батлуулахдаа  анх удаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүн зэрэгт тавьж хуульчилсан.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ гэдэг ойлголтоос төр нь ч, хувь хүн нь ч салж чадахгүй байна. Тиймээс энэ чиглэлд бага ч болов  юм хийе гэж бодсон юм.

-Миний мэдэхээр та чинь 2012 онд их улс төрөөс гарлаа гээд явсан биз дээ?

-Тэгсэн. УИХ-д гурван удаа сонгогдож,  байнгын хорооны дарга, төрийн сайдын ажлыг хүртэл хийсэн болохоор залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжье гээд 2012 оны УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. 2012 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та одоо  юу хийж байна, Аудитын Ерөнхий газрын дарга болохгүй юу” гэж утасдсан. Би гадагшаа явж биеэ үзүүлж, эмчилгээ хийлгэхээр төлөвлөсөн учраа хэлж баярласнаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгчийг утасдаад ийм санал тавихад үнэхээр баярласан. Эмчилгээнд яваад ирсний дараа  2012 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Г.Батхүү гишүүн утасдаад “Юугаа хийгээд гэртээ хэвтээд байгаа юм. Миний оронд УИХ-ын даргын зөвлөх бол, даргатай ирж уулз” гэж “тушаал” буулгасан. З.Энхболд даргатай очоод уулзтал ямар ч тайлбаргүйгээр шууд л ажилдаа ор гэсэн. Ингээд л  УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажилласан.

Гэтэл 2015 оны төгсгөлд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуудаад ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах санал тавихад нь зөвшөөрөөгүй. Гэвч өмнө нь сайдаар ажиллаж байсан яам маань сайдгүй, төрийн нарийн бичгийн даргагүй, бүгд үүрэг гүйцэтгэгчид болчихоор  салбараа бодоод арга буюу 2015 оны арванхоёрдугаар сарын төгсгөлд яамны ТНБД-аар томилогдсон. ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар  Шадар сайд ч баяр хүргээд хүлээж авсан.  

Үнэндээ сайдын, төрийн нарийн бичгийн даргын ажлыг амжуулах гэж цаг наргүй зүтгэсэн. Ингэж байтал 2016 оны хавар Эрүүл мэнд, спортын сайдаар томилж хэдэн сар энэ албыг хашсан. Одоо бол жинхэнэ утгаараа амарч, гурван зээ хүүгээ эрхлүүлээд сууж  байна.

-Намынхаа ажилд хэр оролцож байна. Мэдээж зааж зөвлөх  юм бишгүй байж таарна?

-27 жил энэ намд эргэлт буцалтгүй зүтгэсэн болохоор намын их хурал зохион байгуулах, дүрэм, журам боловсруулах гээд бүхий л ажилд гар бие оролцож байна. Намын шинэчлэлийн төлөө үгээ хэлж, алдаа оноог нь шүүж, санал бодлоо илэрхийлж байна. Намын их хурлаас Дүрмийн хорооны гишүүнээр сонгогдсон.

Миний хувьд цаг үеэ мэдрэхийг чухалчилдаг. Одоо би залуучуудтай намын удирдах байгууллагад орно гэж өрсөлдөж явах ямар ч шаардлага байхгүй. Хэчнээн жил намын хамт олны итгэлийг хүлээж төр засгийн, нам улс төрийн ажилд  зүтгэлээ. Дараачийн үе энэ ажлыг хийх цаг болсон. Улс төрийн ажлын туршлагадаа тулгуурлаад намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, намынхаа ажилд тус нэмэр болоод явж байх нь миний хувьд болоо. 

- Ингэхэд танай намыг  бүлэг, фракцын тохироог чухалчилдаг гэлцдэг. Гишүүд, ахмадуудаа хэр сонсдог юм бэ дээ?

-Үнэхээр сүүлийн хэдэн жил манай нам бүлэг фракц гэдэг юманд “идэгдэж” дууссан. Гэхдээ үүнийг анх хэн нэгэн санаачлаад хийчихсэн юм биш л дээ. Манай нам байгуулагдсан цагаасаа олон намыг өөртөө нэгтгэж ирсэн  болохоор нам дотор олон “толгойлогч” байдаг.

“Толгойлогч” бүрийг дагасан хэсэг бүлэг хүмүүс байсаар ирсэн. 90-ээд оны эхээр ардчилсан хувьсгалын тулгын чулууг тавьсан  Монголын ардчилсан холбоо /МоАХ/, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/,Шинэ дэвшилт холбоо /ШДХ/ түүнийг түшиглэж байгуулагдсан Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн намын угшил манай АН-д амь бөхтэй хадгалагдаж ирсэн. Тэгэхээс ч аргагүй. 

Тэр хүнд үед нэг хөдөлгөөн, нэг намд итгэл үнэмшлээрээ нэгдэж, үй зайгүй нөхөрлөж явсан нөхдүүд улс төрийн намын гишүүний хувьд ч, найз нөхдийн хувьд ч дэндүү ойрхон байсан. Байсаар ч байгаа гэдгийГ би хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ гурван хөдөлгөөн, намынхан эвсэж нэгдэж явахдаа хэзээ ч хатуу фракц бүлэглэл болж намаа салгаж бутаргаж байсангүй. 

Харин ч эвлүүлэх, эмхлэх гэж зүтгэж ирсэн. Хамгийн гол нь сүүлийн үед манай намын лидерүүд албан тушаалын төлөөх амбицдаа хөтлөгдөж  намын удирдах байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг хувааж янз бүрийн нэртэй бүлэглэл бий болгож, фракц гэдэг юмыг жинхэнэ утгаар нь амилуулсан.

Манай нам байгуулагдсан цагаасаа олон намыг өөртөө нэгтгэж ирсэн болохоор нам дотор олон “толгойлогч” байдаг.

Өмнөх дөрвөн жилд манай нам төр засгийн бүх эрхийг барьж байсан ч фракцууд хоорондоо сөргөлдөж,  эцэст нь Засгийн газраа унагаад, сонгуулийн босгон дээр өмнөх сонгуульд  ялалт байгуулсан  хуулиа хүртэл өөрчилсөн. Үүнийхээ горыг 2016 оны УИХ-ын сонгуульд амсаж, МАН-д 65 суудал бэлэглэсэн.

Өмнө нь 2000 онд мөн л эвсэж байж ялсан атлаа эцэст нь албан тушаалын төлөө дотроо өрсөлдөж, эцэстээ салж бутарч бие биеийнхээ эсрэг өрсөлдөөд  МАХН-д 72 суудал бэлэглэсэн  гашуун сургамж байсан. Үнэнийг хэлэхэд гишүүдийнхээ санал бодлыг сонсож, өмнөх сургамж, цаг үеэ мэдэрч тооцохгүйгээр  хэсэг бүлэг хүн дур зоргоороо авирлаж байгаа  нь ялагдлын үндэс болж байна. Ийм авир улс төрийн намд, ялангуяа лидер хэмээх нөхдүүдэд байж болшгүй зүйл. 

2000 онд бид алдаагаа засаж ардчилсан хүчний таван нам нэгдсэнээр Ардчилсан нам үнэхээр хүчирхэгжсэн. Түүнээс хойш УИХ-ын, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, Ерөнхийлөгчийн сонгуульд олон удаа ялалтын тугаа мандуулсан. Харамсалтай нь өмнөх дөрвөн жилд  дахиад л эвдрэлцэж, утга учиргүй сөргөлдөж, эцэст нь сөрөг хүчнийхээ “идэш” болж, буцаад 2000 оныхоо буурин дээр ирчихээд намаа шинэчлэх аянаа эхлүүлж байна. Бодит үнэн гэвэл ийм л байна.            

-Сүүлийн үед АН-д олон үйл явдал өрнөлөө. Дүрмийн шинэчлэл, намын даргын сунгаа, одоо дахиад дотоод сонгууль гээд хөвөрч байгаа үйл явдлуудад та ямар байр суурьтай байна?

-Нэгэнт байдал ийм дээрээ тулчихсан болохоор намын шинэтгэлийг  тууштай дэмжиж, ажлын хэсэгт орж ажилласан. Намын хоёр ч  их хурал болж намын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үүний дагуу намын даргын сунгааг хийж хамгийн олон санал авсан С.Эрдэнийг намын их хурлаас намын даргаар батламжилсан. Одоо намын ҮБХ болон аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны гишүүд, бүх шатны намын дарга нарыг сонгох сунгаа явагдаж дүнг намын удирдлага зарлалаа.

Цаашлаад намын даргын мэдэгдсэнээр  Ерөнхийлөгчийн сунгаа явагдах байх. Эндээс шалгарч батламжлагдсан нь  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Үнэндээ сунгаа манай намын тухайд “моодонд” орж байна. Буруу зүйл биш л дээ. Анх 1990-ээд оны сүүлчээр МҮАН-ын даргын сунгаа явагдаж Ц.Элбэгдорж, Да.Ганболд хоёр Монголыг тойрч байсан түүхтэй. 

Бас Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёр Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаанд оролцож байсан. Сунгаа эерэг ба сөрөг талтай л даа. Эерэг тал гэвэл намын байгууллага, гишүүдийнхээ  идэвхийг сэргээдэг. Сөрөг тал нь намын гишүүдийг талцуулж, хэн нэгнийг дагасан бүлэг хүмүүсийг бий болгодог.  Энэ талаас нь бодож сая намын даргад өрсөлдсөн таван нэр дэвшигчийн эв нэгдлийг хангах зорилгоор  таван сум атгуулаад явуулсан.

Одоо намын удирдах байгууллага, намын дунд, анхан шатны байгууллагын дарга нарын сунгаанд маш олон хүн өрсөлдөж байна. Зохион байгуулалтаасаа болж аймаг, нийслэлд  янз бүрийн гомдол санал  гарч байх шиг байна. Сонгуулийн дараа учир начир нь олдох биз дээ. Энэ сунгаагаар эмэгтэйчүүд, залуучуудын квотыг тусад нь  гаргаж, хооронд нь өрсөлдүүлж ҮБХ-нд эмэгтэйчүүд, залуучуудын тоог нэмэгдүүлж байгаа нь маш чухал алхам  болсон. 

-Энэ олон сунгаа АН-ыг хүчгүйдүүлж байгаа юм биш үү?

- Тийм учраас л намын хуучин  ҮЗХ-ны гишүүд энэ удаагийн сонгуулийг хойшлуулж дүрэм журмаа баталгаажуулаад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болъё гэсэн саналыг намын удирдлагад тавьсан байх. Намын удирдлага нэгэнт товлочихсон учраас хийдгээрээ хийнэ гээд эхлүүлсэн.

Одоо дахиад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд намын дотоод сунгаа явуулна гэхээр нэг л сэтгэлд буухгүй байна. Нэгэнт намын дотоод сунгаагаа хийгээд намын удирдах байгууллагаа байгуулчихаж байгаа болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулах намын  дотоод  сунгааг хийх шаардлагагүй мэт.

Яагаад гэвэл сунгааны үед нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж гишүүдээ задралд оруулж, элдэв хардалт сэрдэлтийг нийгэмд бий болгож, өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчид боломж олгохыг үгүйсгэх аргагүй. Үнэндээ сунгаанаас гарч ирсэн эцсийн нэр дэвшигч дээр гишүүдээ буцааж нэгтгэхэд маш төвөгтэй байдаг. Тэр жил Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын сунгааг зохион байгуулах үед намын нарийн бичгийн дарга байж, ийм зовлонг амссан хүний хувьд хэлж байгаа юм. 

-АН сунгаа л ярьдаг, улс орны томоохон чухал асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй, оролцохгүй, УИХ дээр олигтой дуугарахгүй байна гээд л шүүмжлэл их байна?

-Нийгэмд тэгж харагдаж байж болох л юм. Яагаад гэхээр иргэд сөрөг хүчнээс их зүйлийг хүлээдэг. Гэхдээ манай нэр дэвшигчид намын сунгааны явцад эрх баригчдын алдаа оноог шүүж, намын гишүүдтэйгээ санал бодлоо солилцож байр сууриа илэрхийлж яваа гэдэгт итгэлтэй байна. Намаас зарим нэг асуудлаар мэдэгдэл гаргаж л байна. Өнгөрсөн чуулганы үед манай УИХ-ын гишүүдийн хувьд байр сууриа хангалттай илэрхийлж байсан.

Ер нь  65 суудалтай нэг нам УИХ-ын танхимыг дангаараа эзэгнэж байхад юу ч хэлээд нэмэргүй гэх хандлага манайханд байх шиг байна. Тэгж огт болохгүй. 2000 онд АН ганцхан суудалтай, МАХН 72 суудалтай байхад  АН  ард түмнийхээ дуу хоолой болж, 14 хоног тутамд ТВ-ийн нэвтрүүлэг цацаж, сонин хэвлэл гаргаж, “Ард түмнээ сонсъё” уриан дор намын удирдлага, улс төрчдийнхөө хамт Монголын өнцөг булан бүрт хүрч ажиллаж байсан.

Түүний үр дүн 2004 оны сонгуульд гарсан. Ийм байдлаар  манай нам сөрөг хүчнийхээ хувьд хатуу байр суурьтай байж, эрх баригчдын алдаа завхралыг засаж залруулахын төлөө идэвхтэй ажиллах ёстой.  Жижиг тойргийн буянаар л МАН 65 суудал авсан болохоос  биш сонгогчдын 40 гаруй хувь нь АН-д санал өгсөн юм шүү дээ. Жижиг тойргийн гажиг энд л байдаг юм.   

-Ингэхэд та намын шинэ даргынхаа тухайд ямар бодолтой байна. “МАН С.Эрдэнийг захиалчихсан юм гэнэ лээ” гээд баахан шуугьсан шүү дээ. Гэтэл үнэхээр тэр гарч ирсэн?

- С.Эрдэнэ  манай намын  лидерүүдийн  нэг шүү дээ. 27 жил бид хэлхэлдэж, хэрэлдэж, тэврэлдэж, толхилцож  намынхаа төлөө зүтгэж ирсэн андууд. Миний хувьд түүний зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг, намын хамт олон, дэмжигчдэдээ хүрч ажилладаг, тэднийгээ бүх талаар дэмждэг, ямар ч тохиолдолд хаяад алга болчихдоггүй  үнэнч чанарыг нь үнэлдэг. Тэр ч чанараараа Баянгол дүүрэгт АН-аа ялуулж, өөрөө УИХ-ын гишүүний суудлаа алдахгүй л явж байна.

Бас хэлж  ярих зүйлээ хэнээс ч дальдрахгүй шулуухан хэлчихдэг хүн. Хүмүүс бусдын үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, дарангуйлагч гэх мэтээр ярьдаг. Улстөрчдийг янз бүрээр л ярьдаг шүү дээ. Одоо  С.Эрдэнэ Баянгол дүүргийн АН-ын дарга биш, Үндэсний хэмжээний АН-ын дарга болсон болохоор  бусдын үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, дарангуйлагч маягаар ажиллаж таарахгүй.  Мэдээж хуучин тогтолцоог өөрчлөхөд намын лидер, “лойдор”-уудын янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч болно.

“МАН С.Эрдэнийг захиалсан” гэсэн үг дэндүү хол сонсогдож байна.

Хамгийн гол нь эв зүйгээр асуудалд хандаж, зөвшилцлийн зарчмыг чанд барьж сурах хэрэгтэй. “МАН С.Эрдэнийг захиалсан” гэсэн үг дэндүү хол сонсогдож байна. Сунгаанд гарч ирсний өглөө МАН-ын удирдлага С.Эрдэнийг хүлээн авч хадаг аяга болсон болохоор хүмүүс тэгж хардсан байх. Юмыг олон өнцгөөс нь харж болно л доо.

МАН нэг талаас том намын даргын сунгааг хүндэтгэсэн байж болно. УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь хандсан байж болно. Бас манай намыханд ийм хардлага сэрдлэг төрүүлэх гэж хийсэн үйлдэл ч байж болно. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян шиг  “С.Эрдэнэ яаж ч мэднэ” гэж саймширсан ч юм билүү. Ингээд л янз бүрээр сэтгээд, зохиогоод, яриад байж болно шүү дээ. 

 -Одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Ардын нам Н.Алтанхуягийг захиалчихсан гэсэн “бор шувуу” нисэх болж. Гэтэл зарим нь УИХ-ын сонгуулиар Ардын намаас “бор халзан төлөг” ч хамаагүй гарч ирсэн. Одоо Ардчилсан намаас “гахай” дэвшсэн ч гарна  гэцгээх юм?

-Гахай  байхдаа ч яахав дээ. Шоглол мэт сонсогдож байгаа ч сүүлдээ  наад үг чинь сонгогч түмнийг доромжилсон бас манай намаас нэр дэвшигчийн нэр төрд халдсан хэрэг болж хувирна шүү дээ. Р.Амаржаргал манай намаас дэвшээд гараад ирлээ гэхэд “гахай” болж таарах уу. Ийм цуурхал дэгдээгээд нисэж яваа “бор шувуу”-г та нар намначих хэрэгтэй.

-Таны бодлоор Р.Амаржаргал гишүүн танай намаас дэвших юм уу?

- Манай олон лидер Ерөнхийлөгчийн сунгаанд дэвшинэ гэж байгаа шүү дээ. Бүгд л миний дотнын анд нөхөд. Р.Амаржаргал гишүүн дэвшинэ гэж байна лээ. Би хувьдаа Амаржаргалыг гараад ирээсэй л гэж бодож байна. Элдэв хэл аманд орооцолдоогүй, хэл ус сайтай, шударга, зарчимч, Монголдоо дээгүүрт тооцогдох эдийн засагч, хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд хийж төрд данстай болсон хүн.   

- “АН алга болчихлоо, орон зай нь хоосон үлдлээ” гэсэн ажиглагч, улс төр судлаачдын хэлж, бичиж байгаатай  та санал нийлэх үү?

- Огт нийлэхгүй юм байна. МАН-ын дараа орох үндэсний хэмжээний нам тийм ч амархан алга болно гэж юу байхав. 27 жилийн түүхэнд АН хэчнээн олон удаа салж бутарч, янз бүрийн нэртэй болж байсан ч ардчилсан хувьсгалын анхдагч гэсэн утгаараа монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн нам. Тийм болохоор АН алга болж, орон зай нь хоосорч хэн нэгний нам тэр орон зайг нь эзэлнэ гэвэл санасны гарз. Хамгийн гол нь орон зайг бөглөөд оронцог болж суух эрх АН-д  байхгүй гэдгийг хатуухан хэлмээр байна. Тэргүүлэгч хүчирхэг нам байгаасай гэсэн монголчуудын хүсэл мөрөөдөлд хүрэхийн төлөө зүтгэх ёстой. Энэ бол бидний хойч үе залуусын маань эрхэм зорилго байх ёстой.

-Одоо танаас Ардын намын тухай асуувал ямар вэ. 65 суудалтай “Бүдүүн бүлэг”-ийн хийж, хэрэгжүүлж байгаа ажилд та ямар дүн тавих бол?

-Ардын намын тухай би юу ярихав дээ,  Олдох оо. МАН-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, 65 суудал авсныхаа дараа хийж хэрэгжүүлж байгаа ажил нь тэнгэр, газар шиг зөрж байгаа болохоор ямар дүн тавих нь ойлгомжтой. АН-ыг муулж, “барьж идэх” гэж л төрийн эрх авсан юм шиг ааг аяг гаргах юм.

Бүх ажил тодорхой цаг хугацаатай, ямар Засгийн газрын, хэн гэдэг сайдын үед хийсэн нь тов тодорхой шүү дээ. 2008-2012 онд,  2012-2016 онд ч манай хоёр нам хамтраад л зүтгэсэн. Өмнө нь ч тийм л байсан. Одоо яриад байгаа өр зээл “муу муухай” бүхэн цөм  хариуцах эзэнтэй. Алдаа оноог засаг барилцаж байсан бүх намууд л хамтаараа хүлээх ёстой биз дээ. Хамгийн гол нь АН-ыг  дарж авах, дандаа өөрсдөө төрийн эрх мэдлийг гартаа атгаж байх гэсэн санаархал л яваад байна.  

АН алга болж, орон зай нь хоосорч хэн нэгний нам тэр орон зайг нь эзэлнэ гэвэл санасны гарз.

Дараагийн сонгууль болдгоороо л болно. Монголчууд өнөөдөр  бид хэнийг сонгочихвоо гээл шуугиад байна. Ерөнхийлөгчийг л МАН-д өгч болохгүй шүү гээд уриалаад байна. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз дээ.  “Шинэ баян цээж өвчтэй” гэгчээр УИХ-д сонгогдсон зарим шинэ гишүүдийн ярьж хэлж байгаа үгийг сонсоод гайхаж л суух юм. Улс төржиж орилохоо хойш тавьж, УИХ-ын гишүүн, хууль тогтоогч болж төлөвших гэдэг маш чухал юм шүү дээ.

Хэлж ярьж, хийж байгаа үйлдэл бүхэн нь Монгол Улсын, монгол хүний төлөө л байх ёстой. Нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай гуай Д.Тэрбишдагвын “Зааг” хэмээх номын нээлт дээр хэлсэн үгийнхээ төгсгөлд ”УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм билээ, би бас энд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй шүү” гээд чимхээд авна лээ.    

-Улс орны амьдралыг өөд татах талаар танд ямар санал, зөвлөгөө байна вэ?

-Өмнөх их хурал, Засгийн газрын алдаа оноог шүүх гэж  толгойгоо  гашилгалгүй, урагшаа хараад зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй. Миний хувьд хөгжлийн гарц бол мэргэшсэн боловсон хүчний тогтвортой бодлого баримталж, баялаг бүтээгчдээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн үндэс гэж боддог.

МАН, АН хоёр төрийн боловсон хүчний бодлого дээр гэхэд халж солихоороо өрсөлдөхөөс бус мэргэжлийн боловсон хүчний чадавхыг үнэлж цэгнэж өрсөлдүүлж чадахгүй байна. Бизнес эрхэлж хийж бүтээхийн төлөө зүтгэж байгаа баялаг бүтээгчдээ ч шоглож дууслаа. Харин ч  сүүлийн үед хайран сайхан залуусаа хайр найргүй балбаж, шорон гянданд хорьж байна. Тэгэхлээр Монголын эрдэм боловсролтой сор болсон залуучууд юу гэж Монголынхоо төлөө зүтгэхэв дээ. Гадагшаа л явахыг бодож байна. Тэдний оронд  улстөрчдийн гар хөлд зарагдаж, чирэгдэж явсан хүмүүс л төрд шургалж, цаг хугацааг тэгж ингэсхийгээд өнгөрөөж байна.

Ийм байхад сайн засаглал, төрийн оновчтой зөв мэргэн бодлого, хөгжил дэвшил  гэж ярихад хэцүү. Сая Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд төрийн албан хаагчид нөгөө хамгийн хүнд албыг хашиж байгаа эмч, багш нарын цалинг хоёр жил магадгүй гурван жил царцаахаар оруулж ирж. Тэгээд зогссонгүй зэрэг дэвийн нэмэгдлийг нь зогсооно гэнэ. Ийм байхад Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарын багш, эмч нар яаж өсөж дэвжихэв. Улам л итгэл үнэмшилгүй болж өгөөж нь буурна. Монголчууд л хохирно.

-Та  хоёр ч удаа Эрүүл мэнд спортын сайдын албыг хашсан. Таны нэр хүнд салбарын хамт олны дотор муугүй байр суурь эзэлдэг юм билээ. Одоогийн Эрүүл мэндийн яамны удирдлага хэр зэрэг ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын хуулийг 2011 онд анх өргөн барьсан хүний хувьд УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамтарч ажлын дэд хэсгийг нь ахалж, өмнөх их хурлаар батлуулсан. Энэ хууль даатгалын санг арвижуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Өмнө нь  “даахгүй нохой булуу хураана гэгчээр” хүүхэд хөгшид, цэрэг цагдаа, оюутан сурагч,  малчдын даатгалыг төр хариуцна гэж авчихаад төсвөөс нэг хүнд сард 670 төгрөгийг  эрүүл мэндийн даатгалын санд  өгдөг байсан.

Энэ нь Эрүүл мэндийн даатгалыг өсгөх боломжийг царцааж байсан. Бид энэ тогтолцоог өөрчилж  төрөөс хариуцах хүний тоог бууруулж, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн сарын доод хэмжээг  амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулж өгснөөр Эрүүл мэндийн даатгалын санг байнга арвижуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

2016 онд сайд болоод  өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээг даатгалд хамруулах үнийн жагсаалтыг холбогдох яамтай хамтран баталсан. Эрх зүйн орчин бүрдсэн учраас өнөөдөр НХХЯ, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын зөвлөл  хүүхдийн эм, элэгний вирусийн эм, эрхтэн шилжүүлэх мэс заслын зардлуудыг даатгалд хамруулж байгаад талархаж  байгаа. Өмнө нь байнга л ярьж байсан асуудал шүү дээ.

Бас 2010,2011,2012 онд эхлүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, аймгуудын төрөхийн барилга, БЗД, СБД, Налайх, Дархан-Уул аймагт барих 1,000-2,000 хүний суудалтай спорт цогцолборын  барилгуудыг үргэлжлүүлэхээр  Засгийн газраас хэд хоногийн өмнө өргөн барьсан төсвийн тодотголд бага ч гэсэн хөрөнгө мөнгө тусгасанд баяртай байна. 

Эрүүл мэндийн даатгалын мөнгө чинь төсвийн мөнгө биш, ард түмний өөрсдийнх нь мөнгө болохоор нэхэл хатуутай байдаг юм.

Болдогсон бол гаднаас авч байгаа төсөл хөтөлбөрөөр эрүүл мэнд боловсролын салбарын дутуу байгаа барилга байгууламжийг богино хугацаанд ашиглалтад оруулчихвал хэрэгтэй л байгаа юм. Бас Якутад дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “Азийн хүүхдүүд” наадмыг 2020 онд монголд хийх шийдвэрийг Засгийн газар гаргасанд талархаж байгаа. 

Энэ наадмыг монголд хийх саналыг хүлээн авч 2016 оны долоон сард якутад болсон хүүхдийн наадамд 250 тамирчин охид хөвгүүдтэйгээ оролцох үед санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт гарын үсэг зурахад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведев оролцож байлаа. Би өөрийнхөө хийж эхлүүлсэн ажлын үр дүн,  дутуу орхисон зүйлээ гүйцэлдүүлчих юмсан гэж байнга санаа зовж явдаг хүн шүү дээ.  

-Эрхтэн шилжүүлэх мэс заслын зардлыг төр хариуцах юм бишүү. Тэгж л  яриад байгаа шүү дээ?

-Эдийн засгийн хямралтай гээд байхад төр хариуцна гэж юу байхав дээ. Эрүүл мэндийн даатгалаас л санхүүжүүлнэ. Олон жил ярьсан асуудал. Сүүлийн үед Эрүүл мэндийн яам, эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж байгаа эм тариа, эмчилгээ оношилгоог төрөөс үнэгүй хийх боллоо гэж яриад тэр ч бүү хэл хэвлэл мэдээллээр зарлаад байх болж. Үнэгүй эм, үнэгүй оношилгоо, эмчилгээ гэж хаана ч  байхгүй шүү дээ.

Эрүүл мэндийн даатгалын мөнгө чинь төсвийн мөнгө биш, ард түмний өөрсдийнх нь мөнгө болохоор нэхэл хатуутай байдаг юм. Ийм том ажлыг хийж байгаа үед эрүүл мэндийн даатгалаа илүү тод ярьж сурталчлах нь даатгалын ач холбогдлыг түмэн олонд ойлгуулж, улмаар хүрээг нь тэлэхэд хэрэгтэй. Цаашдаа бүх зүйл даатгалаар явдаг тогтолцоонд шилжинэ шүү дээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.