Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь төрийн мэдэлд байна уу гэдгийг шалгуулна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар, зохион байгуулагч Б.Хархүү нар өнөөдөр тус төвд ирсэн иргэдийн гомдол, мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус төвөөс гуравдугаар сард “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг хувьчлуулах, шалгуулах” асуудлыг онцлох сэдэв болгон санал авчээ. Нийт 500 гаруй иргэн холбогдсоноос 50 гаруй хувь нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Энэ тухай М.Хүдэрбаатар “Иргэдийн хамгийн их бухимдаж ярьдаг зүйл бол халаас хоосон байгаадаа бус өөрсдийнх нь цалин тэтгэвэр, тэтгэмж болж ирэх ёстой мөнгө хэдхэн хүмүүсийн цалин хангамж болж очиж байгаатай холбоотой.

2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр бид төрийн гурван өндөрлөгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 200 гаруй иргэдийн ирсэн саналыг хүргүүлж байна” гэв.

Харин Б.Хархүү энэ талаар “Иргэдээ сонсох 11-11 төвд иргэд баримттай олон асуудлыг өгч байгаа. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь яг төрийн мэдэлд байна уу, 20 хувийг нь хувьчилчихсан байна уу гэдгийг шалгуулах шаардлагатай байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хэд хэдэн компани байгуулж эргүүлээд юм шахдаг байсан гэх мэдээлэл бий.

Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу шалгуулах шаардлагатай зүйлсийг шалгаж тогтоохыг хүсэж байна” гэв.

 

Тэдний сануулах бичигт дараах хоёр асуудлыг дэвшүүлжээ. Үүнд:

  1. Иргэдийн мэдээллийг нягталж, шалгахгүйгээр олон түмэнд цацах, түгээх боломжгүйн дээр шалгаж үнэн зөвийг тогтоох нь Монгол Улсын төрийн үүрэг тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор байгуулах,
     
  2. Одоо хууль ёсоор төрийн мэдэлд байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг бүтэн болон хэсэгчлэн хөрөнгийн биржээр шударгаар хувьчлах асуудлыг судлах, боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлууд багтаж байна.

Хэрэв иргэдийн санал хүсэлтийн дагуу тавьж буй энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй бол олон нийтэд хандан шийдвэртэй тэмцэнэ гэв.