Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг шилдэг дуучид, балетын бүжигчид болон симфони оркестрын уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхийн сор болсон алдарт, шилдэг бүтээлүүд энэ л тайзнаа зуу, зуун удаа өөр өөрийн өнгө төрхийг гайхуулан Монголын үзэгчдийг цаг хугацаагаар аялуулан сонгодог урлагт дурлуулан байдаг билээ. Дуурийн театрыг сонгодог хөгжмийн дуурьсалгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Дөрвөн жилийн өмнө тус театрын хамт олон хагас зуун жилийн түүхэн ойнхоо босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг, ССАЖЯ, “Ямаха Тотал Мюзик” продакшны туслалцаатайгаар симфони оркестр хөгжмийн зэмсгийн хүрээнд дэлхий төвшинд хүрч, хамгийн сүүлийн үеийн “Ямаха” брэндийн мэргэжлийн хөгжмүүдтэй болсон билээ.
ДБЭТ-ын симфони оркестрын хөгжмийг хамгийн сүүлд 1988 онд шинэчилж, байсан бөгөөд ийнхүү 25 жилийн дараа симфони найрал хөгжмийн зэмсгээ иж бүрнээр нь сольж, сайжруулсан юм.
Энэхүү төслийн хүрээнд театрын уран бүтээлчдэд хүлээлгэн өгсөн симфони оркестрийн амин сүнс нь болсон “Grand-GX” төгөлдөр хуур гэхэд л Монголд цорын ганц юм. Симфони найрал хөгжмийн зэмсгээ иж бүрнээр нь сольж, сайжруулсан анхны төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж шинэхэн хөгжмийн аялгуугаар үзэгчдийн сонорыг мялаасаар байгаа билээ.