Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Булган: БНХАУ-аас монгол хэлнээ орчуулагдсан Ганжуур, Данжуурыг хүлээлгэн өгч байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын Их Сургуульд “Ганжуур, Данжуур” судар бичиг хандивлах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Ганжуур, Данжуур бурхан багшийн сургаал XVII зууны дунд үед Лигдэн хааны зарлигаар  монгол хэлнээ орчуулагдаж байжээ. 200 гаруй эрдэмтэд энэ бүтээлийг орчуулахад 30 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан байдаг аж.

Чухал судалгааны үндэс тавигдаж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Т.Булган “Ганжуур, Данжуур бол бурхан багшийн сургаал болоод түүний дараа гарсан эрдэмтдийн тайлбар бүтээлүүдийн эмхэтгэл юм.

Ганжуур нь 100 гаруй, Данжуур нь 220 гаруй боть байдаг. Бурхан багшийн өөрийнх нь жинхэнэ сургаал Ганжуурт, дараах үеийн Энэтхэг, Төвөд, Монгол эрдэмтдийн бүтээлүүд Данжуурт багтдаг.

Өнөөдөр БНХАУ-аас монгол хэлнээ орчуулагдсан, монгол бичгээрх Ганжуур, Данжуурыг бүрэн эхээр нь хүлээлгэн өгөх ёслол болж байна. 

Монголчуудын түүх соёлоо мэдэх, шашин соёлоо ухаарах, уламжилж ирсэн мэдлэг ухаанаа хойч үедээ өвлүүлэхэд хамгийн чухал судалгааны үндэс тавигдаж байна” хэмээн тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “МУИС бол манай Элчин сайдын яамны хувьд хөрш байгууллага байдаг.

Манай хоёр талын хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Элчин сайдын яамны зүгээс МУИС-ийн хөгжилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр манай яамны зүгээс МУИС-д Ганжуур, Данжуурын судар бичгийг хандивлах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ нь зөвхөн бурхны судар төдийгүй, шашин, соёл, гүн ухаан зэрэг олон салбарыг хамруулсан байдаг.

Цаашид энэ судар бичгээр дамжуулан бурхны шашин, Төвөдийн соёл түүхийн талаар судалгаа хийхэд тус дөхөм болно гэж бодож байна” гэлээ.

МУИС-ийн VI байрыг шинээр барихаар болжээ
 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ын захирал Я.Төмөрбаатар “Бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөрөөр XIII зуунаас бүтээгдсэн энэ их соёлын өв Монгол Улсын Үндэсний номын санд ганц хувь хадгалагддаг.

БНХАУ-аас МУИС-д энэ бүтээлийг бүрэн эхээр нь өгч буй явдал нь цаашид судлан шинжлэх, олон нийтэд таниулах өргөн боломжийг нээж байна.

БНХАУ-ын Элчин сайд бол манай МУИС-ийн нэгэн сайн түнш. Манай сургуульд томоохон хөрөнгө оруулалт хийж, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 21 сая доллараар МУИС-ийн VI байр барьж өгөхөөр эхлэлийн шатандаа явж байна.

Цаашид бид олон ажлыг хамтын ажиллагааныхаа хүрээнд хийх болно” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсын Их Сургуульд бэлэглэж байгаа энэ бүтээл 1749, 1750 онд тус тус хэвлэгдсэн дармал эх юм. Дармал Ганжуур эхийн хувьд БНХАУ-д зургаан хувь, Монгол Улсад нэг хувь, Данжуур нь БНХАУ-д хоёр хувь, Монгол Улсад нэг хувь байдаг ажээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn