Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хонгорзул: Хайр мэдэрсэн хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь зөв тогтдог

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
 

Нас насных нь онцлогт тохируулан хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хүмүүжүүлэх талаар “Focus on the family Mongolia” төвийн тэргүүн, сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

-Цаг үеэ дагаад хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өөр болж байх шиг. Тухайлбал, өмнө нь эрхийг сурахаар, бэрхийг сур гэх “зарчим” үйлчилж байсан бол сүүлийн үед зарим нь хүүхдээ эрхлүүлэх хэрэгтэй гэх боллоо. Ер нь эрхлүүлэх гэж юу гэсэн үг вэ. Дур зоргоор нь байлгахын нэр үү. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

-Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх өөр өөрийн гэсэн хэв маягуудтай байдаг. Жишээлбэл, зарим эцэг, эх хүүхдийнхээ хийж буй бүхнийг хүлцэж, хүүхэд юу хүсэж байна тэр дураар нь байлгадаг, бүх зан байдлыг нь тэвчдэг. Үүнийг эрхлүүлнэ гэж хэлж байгаа юм. 

Харин нөгөө хэсэг нь эрх мэдэлтэй эцэг, эхчүүд. Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ ямар хүн болгож төлөвшүүлэхийг хүснэ, түүнийгээ зорилго болгож, багаас нь өөрсдийнхөө удирдлага, зарчмаар өсгөдөг. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ зан байдалд удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Энэ хоёр төрөл нь хэт туйлшрах юм бол эрүүл хэв маяг биш. Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүүхдэдээ ямар нэгэн байдлаар эрх чөлөө олгохгүй юм бол хүчирхийлэл болох аюултай. Жишээлбэл, хатуу чанга дүрэм гарган, түүнийг нь ягштал дагахгүй бол шийтгэл онооно гэсэн үг. Шийтгэл сахилгажуулалт хоёр ялгаатай. 

Мэдээж хэрэг, эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн аюулгүй байдалд хараа хяналт тавих, гаргаж буй зан байдал, үйлдэл нь тухайн хүүхдэд аюул учруулахгүй байх талаас нь анхаарал тавих хэрэгтэй. Тиймээс юуг болох, юу болохгүйг хэлж зааглаж өгөх ёстой. 

-Хүүхдэдээ ямар зан чанарыг хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй вэ?

-Ямар зан чанарыг бий болгох вэ гэхээс илүү хамгийн түрүүнд эцэг, эхчүүд ямар ч үед хүүхдэдээ хайртай гэдгээ сайн мэдрүүлэх хэрэгтэй. Хайр мэдэрсэн хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь зөв тогтдог. Мөн бусдын талаарх бодол ч эерэг болдог. Эсрэгээрээ хайрлаагүй, гологдсон гэсэн мэдрэмжийг авбал өөртөө итгэлгүй, голсон, бусадтай тааламжгүй харьцдаг хүн болно. 

-Нялх бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарах ёстой вэ. Цаашид хэн болох нь бага наснаас ихээхэн хамаарах байх?

-0-1 насандаа хүүхэд эцэг, эхийнхээ хайр халамж, энхрийлэлд өсөх шаардлагатай. Энэ үедээ хүүхдээ хэт их эрхлүүлж байна, муу занд сургаж үргэлж уйллаа гэх ойлголт огт байж болохгүй. Мөн энэ насандаа хүүхэд ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа учраас уйлж дохио өгдөг. 
Уйлах дохио бүрт нь хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Энэ үе нь хүүхэд би хэн бэ гэдгээ мэдрэх болон бусад хүмүүсийн талаарх ойлголт бүрэлддэг, харилцааны суурь үндэс бий болдог маш чухал үе. Ийм учраас энэ үе дээр нь хайр энхрийллээр хүүхэдтэй харилцах нь чухал. 

Мөн хүүхэд өөрийгөө 0-1 настайдаа ээжийнхээ нэг хэсэг гэж боддог. Бүх зүйл нь ээжтэйгээ нэг хүн гэдэг ойлголтыг төрүүлж байдаг юм.  
Харин 2-4 насандаа ээжээсээ тусдаа хүн юм байна гэдгээ танин мэддэг. Өөрийгөө илүү танин мэдэх, өөрийгөө судлах, хүрээлэн буй орчинтойгоо танилцах хэрэгцээ гарч эхэлдэг. Бүхнийг “Би, би” гэж өөрөө хийх гэж зүтгэдэг болно. Үүнийг нь хоёр насны синдром гэж нэрлээд байгаа.

Хүүхдийнхээ өмнүүр орж бүх хэрэгцээг нь хангаад өгчихөөр хүүхдүүд өөрөө хийж чаддаггүй, аливаа зүйлд хойрго, өөртөө итгэлгүй болох, санаачилгагүй байх үндсэн суурь нь болдог.

Энэ бол өөрөө бие хүн болж, салан тусгаарлагдаж буй үе. Гэтэл энэ үед хүүхэд нь зөвхөн өөрөөс нь хамаарч байгаад 2 нас хүрээд эхлэхдээ бүхнийг өөрөө хийх гэж оролдоход ээж нар нь салан тусгаарлах процессыг бий болгохыг хүсдэггүй. 0-1 настай байсан шиг нь харьцаад байдаг. 

Хүүхэд аливаа зүйлийг сонирхож, өөрөө хийхийг хүсэхэд нь хатуу чанга хориглож, шийтгэж болдоггүй. Аль болох сонирхож байгаа зүйлийг нь дэмжих, урдуур нь орж юмыг нь хийж өгөх хэрэггүй. Яагаад гэвэл, хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хоёр наснаас бий болно. 

Гэтэл эцэг, эх нь өмнүүр нь орж юмыг нь хийгээд байхаар хүүхэд өөрийгөө тухайн зүйлийг хийж чадахгүй юм байна гээд бодчихдог. Хүүхдийнхээ өмнүүр орж бүх хэрэгцээг нь хангаад өгчихөөр хүүхдүүд өөрөө хийж чаддаггүй, аливаа зүйлд хойрго, өөртөө итгэлгүй болох, санаачилгагүй байх үндсэн суурь нь болж байгаа юм. 

-Хоёр насны синдром буюу хүүхдийн зан ааш өөр болж эхлэхэд эцэг, эхчүүд яахаа сайн мэддэггүй. Тэгэхээр яах ёстой вэ?

-Хүүхэд аливаа зүйлийг сонирхож байна, өөрөө хийх гэж оролдож байна гээд бүх үйлдлийг дэвэргээд байж болохгүй. Юу болох, юу болохгүйг маш сайн хэлж өгч байх хэрэгтэй. 

Тоглоом, гар утас нэхэхэд эцэг, эхчүүд болохгүй гэж хэлсэн бол тухайн байр суурь дээрээ хатуу байх ёстой. Тэгэхгүйгээр уйлахаас нь айгаад утсаа өгөөд байж болохгүйгээс гадна эцэг, эхчүүд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Хүүхдийг сахилгажуулахдаа бие махбодын өвдөлт өгөхөөс илүүтэй сэтгэл зүйн өвдөлтийг өгч болдог. Энэ нь хүүхдийнхээ дуртай тоглоомоор тодорхой хугацаанд тоглуулахгүй байх зэргээр сахилгажуулж болно. 

Түүнээс биш уураар хандаж болохгүй. Энэ нь эргээд хүүхдэд би муу хүүхэд юм байна, ээж, аав намайг хайрлахгүй байна гэдэг мэдрэмжийг төрүүлдэг учир эцэг, эхчүүд хийсэн зүйл чинь буруу болохоос биш бид чамд үргэлж хайртай гэдэг мессэжийг өгч байх ёстой.

-Тэгвэл таваас дээш насанд нь хүмүүжилд анхаарах хэрэгтэй вэ?

-Таваас дээш 7-12 насанд хүүхдийн сэтгэн бодох чадвар хурдацтай явагддаг. Аливаа зүйлийг логик уялдааг олох гэж хичээдэг. Энэ яагаад ийм байна вэ гэдгийг олох гэж хичээдэг. Маш их зүйлийг эцэг, эхээсээ асуудаг үе. Тэдгээр асуултад нь эцэг, эхчүүд төвөгшөөлгүй хариулж байх ёстой. 

Мөн энэ насанд хүүхдүүд сургуульд ордог учраас хүүхдэд ээж, аавын дэмжлэг маш их хэрэгтэй. Сургуульд ороод ачаалалтай байх үед нь хичээлийг зааж өгөхөөс гадна хүүхдүүддээ сэтгэлзүйн хувьд дэмжих хэрэгтэй. Миний хүү/охин бүхнийг сайн сурч чадна, алдаа гаргасан ч засаж болно гэдгийг ойлгуулах нь чухал. 

Ингэснээр хүүхдэд алдсан ч гэсэн алдаанаасаа суралцаж болох юм байна гэдэг ойлголт бий болдог. Энэ үед нь мөн академик буюу албан ёсны сургалтаас гадна хүүхдэд өөр бусад зүйлийг зааж өгөх хэрэгтэй. 

Гэрийн ажил зааж сургах, хувцсаа цэгцлэх, тоглоомоо байранд нь тавих, хичээл номоо эмхтэй байлгах зэргийг сургах нь цаашид бие хүн болон төлөвшихөд бэлдэж буй бэлтгэл үе юм. Эдгээрийг зориудаар сургахгүй бол хүүхэд өөрөө аяндаа сурна гэж байдаггүй. 
Түүнчлэн гэрийн ажлаас гадна хүний эд зүйлс дураараа хүрч болохгүй, хүнээс юм авсан бол ариг гамтай хэрэглээд буцааж өгөх ёстой, ахмад настнаа хүндлэх хэрэгтэй гэх зэргээр гэр бүлийн үнэт зүйлийг хүүхдүүддээ ойлгуулж, цаг гаргаж зааж өгөх хэрэгтэй.

-12-оос доош насныхан эцэг, эхийнхээ үгэнд ороод тэднийхээ хэлснээр байдаг. Гэтэл өсвөр нас буюу 13-аас дээш насныхан  заримдаа гэрийнхнийхээ үгийг үл ойшоох маягтай болж эхэлдэг?

-Энэ үе их онцлог. 10 гаруй жилийн хугацаанд яг л ээж, аавынхаа хэлснээр байдаг байсан бол одоо өөрийнх нь үзэл бодол бүрэлдэн бий болох үе. Тухайн хүүхэд би хэн бэ, би ирээдүйд хэн байх вэ, би юу хүсэж байна вэ, ямар мэргэжилтэй болох вэ гэдгээ тодорхойлж байдаг. Тиймээс эцэг, эхийнхээ хэлсэн зүйлийг шууд за гээд хийдэггүй. 

Яагаад би энийг хийх ёстой вэ, би ч мөн тусдаа бие даасан хүн, найзуудтайгаа цагийг өнгөрүүлмээр байна, дуртай зүйлээ хиймээр байна гэсэн хандлагыг гаргадаг. Ингэхээр эцэг, эх болон хүүхдийн дунд үл ойлголцол бий болж байгаа юм. 

Энэ үед нь эцэг, эхчүүд “дасгалжуулагч” шиг байх хэрэгтэй. Дасгалжуулагч хүн тамирчдад яаж тоглохыг заадаг болохоос өөрөө тоглоомонд ордоггүй. Түүнтэй адилаар эцэг, эхчүүд хүүхдээ чиглүүлж өгөөд, өөрсдөө дуртай зүйлээ хийх эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Мөн энэ насныхны онцлог нь егөөдөл, хөгжилтэй байдалд дуртай. Гэтэл тоглоом наргиа нь эцэг, эхчүүдэд өөрийг нь хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх талтай. Тиймээс өөр өөрсдийн насны онцлогийг мэдэж, түүндээ тааруулж харьцвал илүү үр дүнтэй. 

Түүнчлэн энэ үед хүүхэдтэйгээ найз нөхдийн харилцаанаас хандах хэрэгтэй. Энгийн жишээ татвал, хүүхдээсээ чи ямар дуунд дуртай вэ, үг нь чамд таалагдаж байна уу эсвэл ая нь чамд таалагдаж байна уу гэх зэргээр дуртай зүйлийг нь лавшруулж асуух замаар хүүхэдтэйгээ нээлттэй харилцах боломжтой болдог. Тэгэхгүйгээр чи яахаараа ийм дуу сонсож байдаг юм, яагаад ийм хүүхдүүдтэй нийлээд байгаа юм гэх зэргээр зандраад эхэлбэл хүүхэд хүлээж авдаггүй. 

Харин ямар шалтгааны улмаас үүнд татагдаж байна вэ гэдгийг ярилцаж байх хэрэгтэй. Хүүхэд дуртай зүйлийнхээ талаар илүү дэлгэрэнгүй ярьдаг. 

-Хэдхэн сарын дараа ЭЕШ болно. Зарим сурагч мэргэжлээ сонгоод ямар шалгалт өгөхөө сонгосон байгаа бол зарим нь эргэлзсээр байгаа. Тэгвэл мэргэжил сонголтын эцсийн шийдийг хэн нь гаргасан дээр байдаг вэ. Хүүхэд үү, эцэг, эх үү?

-Мэргэжлээ сонгохдоо өөрийнхөө хийх дуртай зүйл юу вэ гэдгийг олох нь чухал. Мэдээж хэрэг хүүхдүүд ойр тойрныхоо хүмүүсээс зөвлөгөө авах нь зөв. Гэхдээ эцсийн шийдийг өөрөө гаргах хэрэгтэй. 

Мэргэжил сонгоход дотоод болон гадаад мотиваци нөлөөлдөг. Дотоод мотиваци буюу өөрт нь сэтгэл ханамж өгдөг зүйлдээ үндэслэн мэргэжлээ сонгосон хүүхэд бүтээлч байх, шинийг эрэлхийлэн цаашид амжилт олох магадлал өндөр.

Харин гадаад мотиваци нь буюу өндөр цалин, нэр хүнд, ажлын байраа бодож мэргэжил сонговол ажил дээр гараад сэтгэл ханамжгүй, шинийг санаачилдаггүй, өөрийгөө дайчлахгүй болон бүтээлч биш байдлаар ханддаг. Тиймээс юу надад сэтгэл ханамж өгөх вэ гэдгээ тодорхойлж мэргэжлээ сонгосон нь илүү их амжилтад хүргэнэ.

-Шилжилтийн насыг хамгийн эмзэг үе гэх нь ч бий. Тэгвэл энэ насанд нь хүүхдэдээ эцэг, эхчүүд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Шилжилтийн нас их залуужиж байгаа. Одоогоор 9 наснаас эхэлж байгаа. Ерөнхийдөө шокын үе гэж хэлж болно. Гаргаж буй зан нь хурц, түрэмгий ууртай болж ирдэг. Энэ бол бие организм болон сэтгэлзүйд гарч буй хурдацтай өөрчлөлттэй холбоо. Эцэг, эхчүүд энэ үед нь аль болох хүлээцтэй хандах шаардлага гардаг. Хүүхэд хэдийгээр бухимдаж байгаа ч гэсэн хурдан хугацаанд тайвширч чаддаг. 

Өсвөр насныханд ч гэснэ тэврэлт, үнсэлт хэрэгтэй.

Шилжилтийн насанд нь ч  гэсэн хүүхдэдээ хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Жаахан байхад тэврээд үнсдэг байсан хэр нь том болохоор нь тэгэхээ больчихдог. Өсвөр насныханд ч гэснэ тэврэлт, үнсэлт хэрэгтэй. Ээж, ааваасаа хайртай гэдэг үгийг сонсох, урам зориг авахыг хүсдэг. Тиймээс шилжилтийн насан дээр нь хүүхдийнхээ хийж чадаж буй зүйлийг магтаж урамшуулах хэрэгтэй. Муу зүйлийг нь өөлөөд байвал өөрийнх нь үнэлэмж хараар будагдах аюултай.