Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск хүний тархинд компьютер суулгах зорилготой компани байгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Тэрбумтан, бизнесмэн Илон Маск хүний тархийг судлах зорилгоор Neuralink нэртэй компани шинээр байгуулсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Калифорни мужид бүртгүүлсэн энэ компани нь “neural lace” технологийг хөгжүүлэхэд чиглэх гэнэ.

Neuralink компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл дөрөвдүгээр сард нийтэд ил болохыг Маск өөрөө твиттер хуудсандаа мэдээлжээ.

Маскийн өмнө ярьж байсан санаануудаас харвал шинэ компани нь хүний тархинд электроник төхөөрөмж суулгах технологийг судалж байж болзошгүй байна. Ингэснээр хүний чадавхи огцом нэмэгдэж, роботуудтай өрсөлдөхүйц болно. Жишээлбэл асар их мэдээллийг санаж чаддаг болох юм. Өөрөөр хэлбэл Маск роботуудын давамгайллын эсрэг хүнийг хүчирхэгжүүлж тэмцэх санаа гаргасан бололтой.

Ийм төхөөрөмж тархиндаа суулгасан хүн компьютертай ямар нэг дэлгэц, гар, хулгана мэтийн интерфэйсгүйгээр шууд харилцдаг болох гэнэ. Бодол санаагаа компьютерт хадгалж, буцаан сэргээж болно гэсэн үг.

Дубайд болсон World Government Summit чуулган дээр Маск хэлэхдээ “Биологийн оюун ухаан, дижитал оюун ухаантай нэгдэх цаг ойрхон байгаа” гэж байсан нь үүнийг баталж байна.

Тэгвэл Цахиурын хөндийн өөр нэг компани Фэйсбүүк хүний тархийг “сканнердах” компьютерийн төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн жил тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хүний оюун бодлыг тэр чигт нь компьютерт хуулж, дэлхий нийтэд хүргэдэг болох цаг ирнэ гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Independent