Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ийн 10.3 хувилбар гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Apple компани мобайл төхөөөрмжүүдийнхээ үйлдлийн систем болох iOS-ийн 10.3 хувилбарыг өнөөдрөөс гаргаж байна. Та iPhone, iPad төхөөрөмжийнхөө “Settings” хэсгийн “General”->”Software Update” хэсэгт нэвтрэхэд iOS 10.3-ийг татаж, суулгах урилга гарч ирэх юм.

Гэхдээ суулгахаасаа өмнө шинэ хувилбарт нэвтэрсэн гол өөрчлөлтүүдийг мэдэж авахыг зөвлөж байна.

Эхний гол шинэчлэл нь гурван сарын өмнө худалдаанд гарсан AirPods утасгүй чихэвчний байрлалыг хянах боломж. Утасгүй учраас энэ чихэвч нь хаягдах магадлал өндөртэй. Тэгвэл “Find My iPhone” аппликэшнийг ашиглан чихэвчин дээрээ чимээ гаргаж, байрлалыг нь олох, хамгийн сүүлд хаана утастай холбогдож байсныг харах зэргээр AirPods чихэвчийг хаяж гээхээс сэргийлэх боломжтой болсон байна.

 

Мөн Siri дуу хоолойгоор харьцах туслагч нь апп хөгжүүлэгчдэд ашиглах боломж олгож байгаа тул зарим аппликэшныг дуу хоолойгоор удирдахад нээлттэй болжээ. Үүнд зарим такси дуудлагын үйлчилгээнүүд нэгдсэн байгаа гэнэ.

iOS 10.3 нь Apple-ийн автомашины энтертаймент систем болох CarPlay төхөөрөмжтөй илүү өргөн хамтарч ажилладаг болсон байна. Гэхдээ CarPlay системтэй автомашинтай бол энэ танд хамаатай.

iTunes-ээс түрээслэсэн видеог өөрийн ашигладаг бүх төхөөрөмж дээрээ зэрэг ашиглаж болохоор болжээ. Одоо зөвхөн анх түрээсэлсэн төхөөрөмж дээрээ үздэг юм.

Хамгийн сүүлд анхааруулахад iOS 10.3-аас эхлэн Apple компани файлын системээ цоо шинээр сольж байгаа. Өнөөг хүртэл 30 жил ашиглаж ирсэн Apple-ийн HFS+ файлын систем нь их хэмжээний дата зохион байгуулах, нууцлал, аюулгүй байдлын хувьд хоцрогдсон тул APFS хэмээх шинэ хүчтэй системээр сольж байгаа юм.

iOS 10.3-ийг суулгаснаар таны бүх датаг энэхүү шинэ файлын системд хөрвүүлнэ. Хөрвүүлэлтийн явцад алдаа гарах магадлалтай тул iOS 10.3-ийг суулгахаасаа өмнө одоо байгаа датагаа нөөцөлж (Backup) авах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Эх сурвалж: Techinsider