Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн театрын өдрөөр алдарт "Гамлет" тайзнаа тавигдана

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна. 

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Энэ жилийн тухайд “Сонгодог жүжгийн өдрүүд” маань гуравдугаар сарын 06-наас 30-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 27-ны өдөр дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг их тайзнаа тоглогдоно. 

Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн Профессор ОХУ-ын гавьяат жүжигчин Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч БАДАГАЕВА ТУЯНА “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашидын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Мөн зочин ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, СУЛЬТИМОВ ДОРЖО НОРБОСАМПИЛОВИЧ энэ өдрүүдэд манай театрт ажиллах болно. 

“Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдаануудыг БСШУСЯам, Нийслэлийн боловсролын газар, СИУС-тай хамтран ЕБС-ийн сурагчдийн дунд зарласан бөгөөд шалгаруулалтыг дөрөвдүгээр сард явуулна.

Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТеатрын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр ирсэн билээ. 

Энэ удаад Монгол улсын томоохон хотууд болох Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 28,29-ны хооронд, Орхон аймагт “Уурхайчин соёлын ордны” тайзнаа дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. 

Тоглолтын хөтөлбөрт Дорнод аймагт У.Шекспир “Ромео Жульетта" сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил ” хүүхдийн жүжиг, Дархан-Уул, Орхон аймагт Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” драмын жүжгүүд тоглогдох бөгөөд үзэгч олны эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын үндсэн дээр эдгээр уран бүтээлүүдээ 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэхийн зэрэгцээ уран бүтээлчид-үзэгчдийн уулзалт, ярилцлага зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Эх сурвалж: УДЭТ