Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тунгалаг: Манай улс жилд дунджаар 574.2 мянган шоометр модыг түлшинд хэрэглэдэг

ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал болж байна. БОАЖЯ, МУИС, Ойн судалгаа хөгжлийн төв, хамтран зохион байгуулж Буй хуралд ойн салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. 

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг хурлыг нээн хэлэхдээ “Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд олон улсын ойн өдрийг “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэхээр НҮБ-ын Дэлхийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан. Учир нь өнөөдөр дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж байгаа нийт модны  50 орчим хувь хувь буюу жилд ойролцоогоор 1,86 тэрбум шоометр модыг түлшинд хэрэглэгдэж, 2.4 тэрбум хүн түлшний модыг халаалт, хоол хүнсээ болгоход ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж байна.

Манай улсын хувьд нийт бэлтгэгдэж байгаа модны 80 орчим хувь буюу  жилд дунджаар 574.2 мянган шоометр модыг түлшинд хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг байна. Модны эрчим хүч хүн төрөлхтний хамгийн анхны эрчим хүчний эх сурвалж гэж тооцогддог. Өнөөдөр ч дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд нийт  эрчим хүчний 6 хувийг, сэргээгдэх эрчим хүчний 40 орчим хувийг хангадаг.

Дэлхий дээр 900,0 сая хүн модны энергийн салбарт ажилладаг. Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, экосистемийн тулгуур зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна” гэлээ. 

 

Судлаачид Монгол орны ойг эмзэг, түймэрт өртөмтгий, ойн тогтвортой менежмент нэвтрээгүй, ашиглалт багатай гэж тодорхойлсон байна. Иймээс цаашид энэ асуудлуудад онцгой анхааран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, энэ салбарын нөөц боломжоо бүрэн ашиглах ёстой хэмээн үзэж байгаагаа БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Отгонсүрэн илтгэлдээ онцоллоо.

 

Манай улсад МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС гээд цөөн тооны их сургууль ойн мэргэжилтэн бэлддэг байна.

2016 оны есдүгээр сарын байдлаар ойн мэргэжилтнээр нийт 964 оюутан төгссөн бөгөөд 2015 онд 118 оюутан мэргэжлээрээ ажилд орсон гэдгийг Н.Баатарбилэг илтгэлдээ дурьдлаа. 

 

Сүүлийн 150 жилийн хугацаанд хорт хий ялгаруулдаг үйлдвэрлэл эрхлэж, ой огтлох зэрэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөөр байна. Иймээс бид амьдрал болсон ой модоо хайрлан хамгаалах шаардлагатайг хуралд оролцсон хүмүүс хэлж байлаа. Үүнтэй холбоотойгоор манай орны ойн салбарт гадаадын төсөл, хөтөлбөрүүд нэвтэрч, хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Монгол орны UN-REDD хөтөлбөр юм. Манай улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойн хомсдол, доройтлын түвшинг үндэсний хэмжээнд бууруулах, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, түүнийг хэмжиж баталгаажуулах, улмаар хүлэмжийн хийг багасгасан үр дүнгээр санхүүгийн урамшуулал хүртэх үндэсний чадавхийг бүрдүүлэх  юм хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.