Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэр “Хоногийн нэгдсэн график”-тай болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд  Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудтай “Хоногийн нэгдсэн график”-ийн талаар уулзалт хийж санал солилцсон юм. Автотээврийн үндэсний төвийн зүгээс Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг графикт оруулах зохицуулалтыг хийж эхлээд байгаа бөгөөд энэ асуудлаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас тодрууллаа.


- Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хуваарьт оруулах  шалтгаан юу байсан бэ?

- Өнөөдөр Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4,500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж  байна. Өнгөрсөн  10 сард 45 аж ахуйн нэгж буюу ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй  ажиллаж байсан.

Тэгэхээр 2,000 гаруй нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэсэн үг.  Үүнээс болоод  тухайн чиглэлд машины бөглөө түгжрэл үүсгэх,  жолооч нар олон хоног зам дээр хонох, эрүүл мэндээрээ хохирох, олон хоног очер дугаар үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байсан.  Тиймээс бид Гашуун сухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт, албан байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах болсон.

Зөвхөн аж ахуйн нэгжүүд бус Хилийн байгууллагууд, Гадаадын иргэн харьяатын алба, Мэргэжлийн Хяналтын байгууллага, Замын цагдаа гээд бүх байгууллагууд Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг мөрдөж ажиллах ёстой.

Дээрх хэлэлцээрээр хоёр улсын хоорондын байнгын ачаа тээвэрт “С” зөвшөөрлийн бичиг авч явах ёстойг заасан байдаг.  “С” бичиг нь 3 сарын хугацаатай, энэ хугацаанд  олон удаа ачаа тээвэрлэх, хилээр орж гарах бичиг юм. Ийм зохицуулалт хийснээр ямар нэг байдлаар зөрчил эсэргүүцэл гарахыг үгүйсгэхгүй юм.

- Тэгэхээр  яаж хяналт  тавих вэ?

- Бидний хийж байгаа ажлын гол нь ерөөсөө л жолооч нар зам дээр олон хоног дугаарладаг, олон хоног зам дээр хонодог байдлыг л таслан зогсоож байгаа юм. Уурхайгаас   ачаагаа ачаад зам дээр хонохгүйгээр хилээр гараад эргэж ирээд байгууллагынхаа камп дээрээ хонож байх ёстой.  Хуваарьтай өдрөө ажиллаад бусад хугацаандаа жолооч нар амарч, машин тэрэгнийхээ бүрэн байдлыг хангах ёстой юм.  

Ганц Автотээврийн үндэсний төв биш  Хилийн байгууллага нь зөвхөн “С” бичигтэй машин хилээр нэвтрүүлэх, замын цагдаа нь “С” бичигтэй машиныг зам дээр гаргах, уурхай нь ийм бичигтэй машинд л ачилт хийх зэргээр бүх түвшинд бүх байгууллагууд хамтран ажиллаж, хамтран хяналтаа тавьж байж энэ ажил үр  дүнгээ өгнө.  Авто тээврийн үндэсний төвийн болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.  

“Энэ өдөр энэ байгууллагын ийм дугаартай машин ачаа тээвэрт оролцоно” гээд бид хуваарь гаргаж өгнө. Хуваарийн дагуу уурхай нь ачилтаа хийхээс эхлээд бүгд гэрээ журам, хуваарийнхаа дагуу ажиллаж тус тусынхаа хяналтыг тавиад явах учиртай. Удаа дараа зөрчил гаргавал бид тээврийн хэрэгслийг тээвэрлэлтээс хасах, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна.