Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бадрал: Зөвлөлдөх уулзалтад биднийг дэмжсэн, дэмжээгүй хүн бүрийг ирэхийг уриалж байгаа

ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс ирэх пүрэв гаригт зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадралтай ярилцлаа. 

-АИХ хөдөлгөөнөөс гаргасан ухуулах хуудсыг наасан хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж байсан санагдаж байна?

-АИХ хөдөлгөөн 2016 оны намар үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр бид гол төлөв хотын төвөөр ухуулах хуудас наасан юм. Хуулийн байгууллагаас Төв талбайн орчимд ухуулах хуудас наасан хүмүүсийг барьсан. Хууль номоороо ч төв талбайг тойрсон тодорхой бүсэд элдэв ухуулга наахыг хориглодог. Хамгийн гол нь барьсан хүмүүсийнхээ хувийн утасных нь мэдээллийг бүгдийг нь шалгасан. Энэ нь хувь хүний нууц руу халдсан үйлдэл болохоор бид эсэргүүцсэн юм. 

-Танай хөдөлгөөний зүгээс УИХ-ыг хоёр танхимтай болгох ёстой гэж уриалдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орж таараад байгаа юм?

-Монгол Улсын нэн шинэ түүхэнд буюу 1990-1992 онд АИХ, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай парламент байсан шүү дээ. Түүнийг эргээд хэрэглэе, нэг үгээр АИХ-тай болъё гэж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар АИХ-аа устгачихсан л даа. Бид яагаад АИХ-ыг шинээр байгуулах нь зүйтэй гэж үзээд байгаа юм гэдэг асуудал гарна. Товчхондоо ингэж байж өнөөгийн нийгэмд байгаа гол институцууд нэг нэгнээ барьцаалах биш, нэг нэгэндээ тавих зүй ёсны хяналтыг хэрэгжүүлээд явах боломжтой болно.

Нэг ёсондоо бид өөр өөрийнхөө ажил үүргийг чөлөөтэй гүйцэтгээд явах боломжоор хангадаг тогтолцоонд л шилжихийг уриалж байгаа. Үүний тулд АИХ-аа дахин байгуулах хэрэгтэй. Эргээд АИХ-тай болъё гэхээр хүссэн, хүсээгүй одоогийн Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах болчихож байгаа юм л даа. Түүнээс биш бидний зүгээс одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг муулаад, ад үзээд байгаа юм ердөө ч байхгүй. Өнөөгийн Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд ирсэн зүйл. Гол нь одоогийн улс төр, эдийн засгийн байдалтай Үндсэн хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй болчихжээ. Тиймээс бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж цаг үед нь тохируулан улам боловсронгуй болгоё гэдэг зорилт тавьсан. 

-Ирэх пүрэв гарагт зөвлөлдөх уулзалт хийх юм байна. Түүгээр юуг голлон хэлэлцэх вэ?

-Бид ямар нэгэн улс төрийн нам шиг өөрсдийнхөө үзэл бодлыг бусдад тулган шаардах хэлбэрээр ажиллахгүй. Тиймээс ч зөвлөлдөх уулзалт гэж нэрлэн бидний гаргаж тавиад байгаа энэ асуудлыг сонирхож, дэмжиж байгаа болон бүр эсэргүүцэж буй хүн бүрийг цуглараач гэж байгаа. Олуулаа зөвлөлдсөн зүйл бурууддаггүй шүү дээ. Зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь хэрэв дутуу мэдээлэлтэй, дотоод сэтгэлдээ эргэлзээтэй, тодорхой үзэл баримтлалаа тэгшитгэж цэгцэлж чадаагүй хүмүүс байвал мэдээлэл өгөх юм.

Мэдээж үүсгэн байгуулагчдын зүгээс АИХ хөдөлгөөнийхөө үндсэн язгуур, гол зорилгоо олон нийтэд таниулж, илэрхийлнэ. Илэрхийлж байна гэдгээрээ далимдуулж энэ бол туйлын үнэн, үүнийг заавал ч үгүй хийх ёстой гэдэг байдлаар шахаж шаардахгүй. Эцсийн дүндээ ямарваа хүн өөрөө сайн эргэцүүлэн бодоод дотоод сэтгэлдээ итгэл үнэмшилтэй болчихвол хэнбугай ч хүчээр эсвэл тархи угаалтаар өөрчилж чадахгүй шүү дээ. 

-АИХ хөдөлгөөн хэчнээн хүнийг хамраад байгаа юм бэ?

-Хүмүүс тань шиг хэдэн гишүүнтэй болсон, дарга нь хэн юм бэ гэж асуудаг. Энэ бас л бидний сурчихсан, хуучин сэтгэлгээний арга байгаа юм. Бид хэтэрхий улстөржиж, намчирхсан нийгмээс арай жаахан эрүүл саруул нийгэм рүү шилжие гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэн мянган гишүүнтэй болсон, тийм аймгуудад салбар зөвлөлтэй болсон гэж ярихдаа гол нь биш. Гол нь бид өөрсдийнхөө дотоод сэтгэлд итгэл үнэмшилтэй болсон энэ зүйлээ сурталчлаад явъя гэж байгаа.

Бидний үзэл баримтлал зөв л байх юм бол хүссэн, хүсээгүй дэмжигчдийн тоо өсөөд л явна. Тийм ч учраас бид хөдөлгөөн гэж нэрлэсэн. Үүгээр дамжуулан хэдэн улсууд дарга болох зорилгогүй. Энэ асуудлыг сонирхож, дэмжиж байгаа бүх л иргэд хамрагдах боломжтой юм. Анх 1980-аад оны сүүлээр МоАХ-г анх байгуулж байхад манайх тэдэн мянган гишүүнтэй болчихсон гэж ярьж байгаагүйг би санаж байна. Зөв асуудлыг хөндөөд тавихаар иргэд дэмжээд явчихдаг юм билээ л дээ. Тэгэхээр АИХ хөдөлгөөн маань өөрсдөө хэр сайн ажиллана түүнээс л хэчнээн дэмжигчидтэй болох нь хамааралтай гэж ойлгож байгаа. 

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газраас Ажлын хэсэг гаргасан байсан. Бас зарим нам, төрийн бус байгууллагууд өөр өөрсдийнхөө хувилбарыг дэвшүүлж байна. Тэдэнтэй хэр уялдаатай ажиллаж байна вэ?-Үндсэн хуулийн өөрчлөлт хийх саналаа

боловсруулсан сайн дурын бүлгэмүүд байна. Мөн цоо шинээр Үндсэн хууль биччихлээ гээд зарлаж байгаа улс төрийн нам ч бий. Бидний хувьд санаа сэтгэл гаргаад их, бага хэмжээнд ажилласан хүмүүсийг хүндэтгэж байгаа. Чиний бичсэн буруу, биднийх зөв гэж маргаагүй. Ганц язгуур зарчмын асуудал бий. Энэ санаачилж буй улсууд маань хэр зэрэг улс төрийн институцын эрх дархтай улсууд юм бэ.

Одоогийн нэг намын давамгайлсан УИХ жишээлбэл, өөрийнхөө байгуулсан Ажлын хэсгээр Үндсэн хуулиа боловсруулаад явах нь нийт гурван сая монголчуудын эрх ашгийг хэр хамруулж чадах вэ гэдэг л асуудал. Тэгэхээр зарим өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс “Яг одоогийн нөхцөлд эрх барьж байгаа парламент нийт иргэдийн эрх ашгийг төлөөлсөн Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийж чадахгүй” гэж байгаа. Тэд ч адилхан хүн учраас одоо эрх барьж байгаа давамгайлчихсан нь нөлөөлөөд нэг тал руу туйлширсан юм гарчихна гэсэн болгоомжлол л доо. Тэгэхийн оронд өөрчлөлт оруулахгүй байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. 

Бид тэр саналууд дээр нэгдэж байгаа. Хөдөлгөөнөө зориуд АИХ гэж нэрлээд өөрсдийнхөө үзэл баримтлалыг юуны төлөө яриад явж байна гэхээр одоо Үндсэн хуулийн текстийн асуудалтай бид зууралдах нь хамгийн утга учиргүй. Текст бол сүүлд нь хийж  болох механик ажил юм. Харин эхлээд тэр цагаан цаасан дээр ямар зүйлүүд бичих юм гэдгийг ард иргэдээрээ ярилцах ёстой. Яг ийм өөрчлөлт хийвэл нийгэм, тогтолцоо, улс төрийн намууд маань хүртэл шинэчлэгдээд арай эрүүл саруул түвшинд гарах юм байна гэдгийг тодруулах хэрэгтэй. Ингэвэл бидний хойч үед хэрэгтэй эрүүл саруул, дэлхийн жишигтэй нийцсэн тогтолцооны өөрчлөлт болох юм гэдэг санаануудаа л одоо уралдуулж байгаа юм. Тэрнээс одоо АИХ-тай байна. Тэр нь нэг даргатай, гурван орлогчтой байна гэдэг зүйл гол биш.

20, 30 жилийн дараа Монгол Улсын нийгмийн амьдралд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг хичээж, тунгааж байж бид өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд бичих ёстой шүү дээ. Тэгэхээр эхлээд нийт ард түмэн, мэдлэг боловсролтой эрдэмтэд өөр хэн байдаг юм бүгдтэй нийлж концепцуудаа гаргах ёстой. Бичих нь хамгийн сүүлийн шатны асуудал. Хоёр гурван Ажлын хэсэг гарсан байна лээ. Зарим сургууль, намууд өөр өөрсдийн сонирхсон сайн мэддэг сэдвүүдээ цаасан дээр буулгачихаад түүнийгээ хамгийн зүйтэй гээд яваад байгаа. Гэтэл үүний цаана нь Үндсэн хууль өөрчлөх техник ажиллагаа маань хүртэл ардчилсан байдлаар явагдахгүй байгаа биз.

Хэн нэгэн өөрийн автор эзэмшлээ алдахгүйн тулд байлдаж байгаа юм шиг инээдэмтэй байдалд орчихоод байгаа юм. Бидний хувьд тогтолцооны өөрчлөлт хийе гэж байгаа. Тогтолцоо нь буруу байгаа  учраас улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хүссэн үр дүндээ хүрэхгүй байна. АИХ-тай болгож өөрчлөөд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулбал түүнийгээ дагаад ганцхан улс төрийн намууд биш нийгэм, эдийн засгийн харилцаа бүгдээрээ өөрчлөгдөөд явна гэдэгт бүрэн итгэж байна. Бид ч үүнийг санаачлаад хэлээд байгаа юм биш л дээ. Дэлхийн томоохон эрдэмтдийн бүтээлүүдэд бидний яриад байгаа өөрчлөлтийн тухай дурдсан байдаг. Түүнийг л ярьж байна. 

-АИХ хөдөлгөөнөөс жагсаал цуглаан, гарын үсэг цуглуулах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах болов уу?

-Олон улсын практик харж байхад хөдөлгөөнүүд янз бүрийн арга хэрэгслээр өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Бид мөн тэднээс дутахгүй арга хэмжээнүүдээ явуулна. Гэхдээ бид зэр зэвсэгт уриалах, самуун өдөөх, хүч хэрэглэсэн арга замаар ерөөсөө явахгүй. Ухуулах хуудас тараах, наах, чуулга уулзалт зохион байгуулах, тайван жагсаал цуглаан хийх арга хэрэгслээр ажиллана. Одоо дулаараад олон төрлийн баяр наадам шувтарч байгаа учраас улс төрийн амьдрал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдоод бидэнтэй, бидэнгүй элдэв жагсаал эхэлж байгаа. Бидний хувьд заавал 2020 он хүлээгээд байхгүй, тэгсэн мөртлөө одоо энэ Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийх гээд байгаа нь буруу гэж байгаа. 

-Яарахгүй гэсэн үг үү?

-Тийм. Асуудлыг яаруу, дутуу яриад дулимаг ойлгуулаад шийдэх нь хамгийн буруу. Бид хамтдаа ямар нийгэм рүү халтирч яваагаа, одоогийн эдийн засгийн байдал яагаад ийм болчихов гэдгийг ярилцах хэрэгтэй. Зүй бус эдийн засаг тогтчихлоо шүү дээ. Зүй бус эдийн засгаа дагаад зүй бус улс төр автоматаар бий болдог онолтой. Тэгэхээр бид зүй бус эдийн засаг, улс төртэй л тэмцье гэж байгаа юм. Үүний тулд тогтолцоогоо эрүүл саруул соёлтой болгоё гэж байгаа. Тогтолцоогоо өөрчлөхгүй юм бол цөөн тооны олигархуудын дарангуйллын систем тогтоно.

Бидний нийтийн тэмцэл бол эцсийн эцэст мань мэт нь улс төрийн амбиц хөөж байгаа биш өөрсдийнхөө хойч үе үр хүүхдүүдийнхээ төлөө явъя гэсэн санаа. Эрс өөрчлөх гэж байна шүү дээ. Хүмүүсээс үнэхээр гуймаар юм бол өдөр тутмын утаа, түгжрэлийн асуудал эсвэл цалин мөнгө байхгүй, тийм тэтгэмж, ийм сул мөнгө өгөхөө больчихсон ядуу зүдүү байна гэдэг бол нөгөө л тогтолцооны үр дагаврууд юм. Үр дагаврыг бид үндсэн язгуур асуудал гээд бухимдаад байна. Тэгэхээр асуудалд утаа үнэрлэж байгаад байгаа юм биш. Энэ бүхнийг бодоод үзэх юм бол дээр гарчихсан эрээ цээрээ алдсан олигарх бүлэглэлүүд л биднээр тоглож байна шүү дээ.