2018/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.78₮
B14
УЛААНБААТАР
|
-1°
B14
УЛААНБААТАР
-4°
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-9°
01:00
S26
-5°
02:00
S28
-5°
03:00
S28
-5°
04:00
S28
-5°
05:00
S26
-5°
06:00
S26
-4°
07:00
S26
-4°
08:00
S26
-4°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S28
12:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2017 оны томоохон эрсдэлүүд буюу геополитикийн хямрал

Зууны мэдээ
2017 оны 3 сарын 9
Зууны мэдээ

Америкийн улс төр судлаач Ian Bremmer (Иэн Бреммер)  19 жилийн өмнө Еврази групп компаниа байгуулсан нь эдүгээ улс төрийн эрсдлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг дэлхийн хамгийн том компани болжээ. Тэрбээр CNN тэргүүтэй дэлхийн мэдээллийн хэрэгслээр байнга зочлон ярилцлага өгч байдаг, АНУ-д төдийгүй дэлхийд нэрд гарсан улс төр судлаач юм.  Иэн Бреммер дөнгөж 24-тэйдээ Станфордын их сургуулиас доктор цол авч байж.

Түүний удирддаг Еврази групп зургаан жилийн өмнө G-Zero буюу манлайлагчгүй дэлхий ертөнцийн тухай концепцийг дэвшүүлсэн нь өнөөдөр олон улсын тавцанд бодитойгоор биелж байна.  Еврази группээс жил бүрийн эхэнд тухайн жилд дэлхийн улс төрийн салбарт гарч болох томоохон эрсдэлүүдийг таамаглан гаргадаг. 2017 оныг Иэн Бреммер “Геополитикийн хямрал” эхлэх жил гэж үзжээ.  Та бүхэнд Еврази группээс гаргасан 2017 оны дэлхийн улс төрийн 10 том эрсдэлийн тухай товч мэдээллийг танилцуулж байна. 

1. АМЕРИКИЙН ТУСГААР ТОГТНОЛ

Independent America

Трамп өөрийн дэвшүүлсэн “Америкийг нэгдүгээрт” тавих философи, “Агуу Америкийг дахин бүтээх” амлалтаа Америкийн үнэт зүйлсийн гол цөм болсон “тусгаар тогтнол” дээр суурилан хэрэгжүүлэх юм. Трампын зүгээс энэ нь олон талт инстүүцүүд, холбоотны хамтын ажиллагаанаас ирдэг ачааллаас Америкийг чөлөөлж, дэлхий нийтийн үйлсэд зайлшгүй чухал шаардлагатай гэж үзэж ирсэн үүрэг хариуцлагаас нь Америкийг тусгаар тогтнуулах гэсэн утгатай юм. Хэрвээ дунд хугацаанд Америкт ямар үр ашигтай нь тодорхойгүй, эсвэл бусад улсууд “үнэгүй ашиглах” ямар нэг “нийт дундын ажил, үйлчилгээ” мэтийн зүйлийг Америк цаашид хийх ёсгүй гэсэн үг юм.

Гэхдээ, энэ бол Америк өөрийгөө тусгаарлагдмал байдалд оруулна гэсэн үг биш. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчийн хувьд Трамп өөрийн засаглалыг бусдаас сул дорой байхыг тэвчихгүй. Хамгийн гол нь тэрбээр улсынхаа хүчийг Нэгдсэн Улсын үндэсний эрх ашигт үйлчлэх чиглэл рүү шууд хандуулахыг хүсч байна. Тэрбээр эрс шийдэмгий нэг чиглэлийг баримтлах үзэлтэн юм.

Цэргийн хувьд тусгаар тогтносон Америк хүч хэрэглэхээс огтхон ч татгалзахгүй нь илэрхий буй.

Эдийн засаг талдаа үйлдвэржилтийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Эдүгээ хүртэл оршиж ирсэн чөлөөт худалдааг дэмжсэн харилцаанд тэрбээр итгэдэггүй. үндэстэн дамнасан корпорациуд америк ажилчдын амьдралын сайн сайхныг үл хэрэгсэн зөвхөн өөрсдийн эрх ашгийг дээдэлдэг гэж үздэг. Трамп юун түрүүнд бусад улстай үүсгэх хоёр талт хамтын ажиллагааг Америкийн эрх ашгийг дээдэлсэн хэлбэрээр хөгжүүлэх, мөн компаниудаар өөрийн улсдаа илүүтэй хөрөнгө оруулалт хийлгүүлж ажлын байр олноор бий болгох гэсэн хоёр чиглэлд хоёуланд нь эх оронч үзлийг эрчимтэй ашиглах байр суурьтай байна.

Америкийн үнэт зүйлд томоохон өөрчлөлт гарч байна. Ардчилал, иргэний эрх, хуулийн засаглалыг эрчимтэй дэмждэг Америкийн үнэт зүйлийн систем өөрчлөгдөх нь. Трамп холбоотны харилцаа, олон талт инстүүцүүдийн талаар үндсэндээ бизнес маягийн харилцааг эрхэмлэх юм. Холбоотнуудтай үүсгэх харилцаанд дунд хугацаандаа “харилцан хожоотой байх” буюу “win-win” хэлбэртэй байвал зохино гэсэн зарчим баримтална. Жишээлбэл, НАТО, “Нэг Хятад” бодлогыг дэмжих тохиролцоо, NAFTA гэх мэт Америкийн эрх ашигт үйлчлэхгүй гэрээ хэлэлцээрээс татгалзана гэсэн үг юм.

Эдгээр логикийг АНУ-ын олон нийтийн дийлэнх үндсэндээ дэмжих хандлагатай байгаа гэж болно. Америкчуудын олонх өөрийн улсын дэлхийд манлайлах үүргээ үргэлжлүүлэхийг маш бага сонирхож байна. Тэд даяаршсан худалдааны тогтолцооноос маш бага үр ашиг хүртэж байна гэж үзэж буй бөгөөд тэр нь ч ихэнх тохиолдолд зөв юм. Америкийн засгийн газраас явуулсан шилээ дарсан цэргийн олон интервенцүүд асар их хохирол бий болгосныг бөмбөрцгийн нөгөө хагаст өргөнөөр шүүмжилдэг. Дашрамд хэлэхэд, G-Zero ертөнц дэх геополитикийн үл нийцэл зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн бусад бүс нутагт түүнээс ч илүү их сорилтыг учруулж байна. Ойрх Дорнод, Европын терроризм, цагаачлал, Азид хүчээ авч буй хилийн маргаан, зэвсэглэлийн өрсөлдөөн гэх мэт. Энэ бүхэн хэд хэдэн чиглэлд улс төрийн эрсдэл үүсгэж байна.

Нэгдүгээрт, супер хүч байхгүй болсноос дунд хугацаанд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл. Үүний хамгийн тод жишээ Европ болж байна. Трампын улс төрийн бодлого Орос руу хэлбийж, НАТО-г төдийлөн дэмжихгүй гэх байр суурь барьж, өөртэйгөө ижил байр суурьтай, anti-establishment хөдөлгөөнүүдтэй (Францын Үндэсний фронт нам, Нидерландын Эрх чөлөө нам, г.м) нэгдэж буй нь өнөөг хүртэлх дэлхийн дэг журмыг хамгаалахад чухал үүрэгтэй байсан хэлхээ холбоосыг сулрахад хүргэж байна.Ойрх Дорнодод ч мөн адил хүчтэй нөлөө бүхий тоглогч үгүй болж, өөр хоорондоо өрсөлдөгч улсууд, мөн төрт улс биш тоглогчид зөрчилдөөнийг цаашид түргэсгэнэ.

G-Zero ертөнц дэх геополитикийн үл нийцэл зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн бусад бүс нутагт түүнээс ч илүү их сорилтыг учруулж байна.

Хоёрдугаарт, инстүүцийн бүтэц өргөн хүрээнд суларч эхэлнэ. Тусгаар тогтносон Америкийн нөлөөгөөр дэлхийн худалдаа, хөрөнгийн урсгал, дэлхийн интернет, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа хуваагдмал байдалд орох үйл явц хурдасна. АНУ бол НҮБ, Дэлхийн банк гэх зэрэг дэлхийн гол гол олон талт инстүүцүүдийн хамгийн том хандивлагч, дэмжигч байж ирсэн. Харин, тусгаар Америк тэдгээр инстүүцийг улс төрийн хатуухан шалгуураар хэмжиж, Трампын Засгийн газар тэдгээрийг Нэгдсэн Улсын үндэсний эрх ашигт хэрэгтэй эсэхийг дахин магадлахаас үүдэлтэй санхүүгийн дарамттай учирч эхэлнэ.

Гуравдугаарт, хүчирхэгжиж буй Хятадын зүгээс Америктай шууд зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Си дарга Америкийн тусгаар тогтнолыг Азид Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлыг нэмэгдүүлэх чухал боломж, эдийн засгийн сонирхлоо илүү өргөн хүрээнд тэлэх боломж гэж харж байна. Си Зиньпин саявтар хийсэн мэдэгдлүүддээ Хятад улс даяаршлын шинэ манлайлагч болно хэмээн зарлаж, дэлхийн эдийн засгийн форумд Хятадын ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа оролцож, НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг урьд өмнө байгаагүй жишгээр хүчтэй дэмжих зэргээр “хурдтай өсөж буй шилжилтийн насны хөвгүүн” Хятадыг эрийн цээнд хүрч буй гэдгийг илэрхийлэхдээ 2008 оны Бээжингийн олимпоор дэлхийн дэвжээнээ гарч ирж байснаас ч хавьгүй илүү ач холбогдол өгч байна.

Мандан гарч ирж буй Хятадын нөлөөгөөр Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын холбоотнууд “үнэнч сэтгэлээ” Бээжинд зориулж эхлээд байгаа нь олон улсын эдийн засгийн засаглалд Хятадын гүйцэтгэх үүргийг тэлэх болно. Гэхдээ, энэ үйл явц маш бүдэг бадаг замаар, улс бүртэй хийх хоёр талт харилцааны хэлбэрээр явагдаж байна. Нэг талаас Хятадад олдож буй тоглоомын дүрэм зохиох шинэ боломж, нөгөө талаас Трампын засгийн газраас эрж буй “шинэ, илүү ашигтай тохиролцоо” хоёр хаа нэгтээ давхацсанаар Хятадуудыг Нэгдсэн Улсын үндэсний ашиг сонирхлыг зөрчихөд хүргэж болзошгүй. Хоёр этгээдийн зөрчил цөөнгүй талбарт гарч мэднэ. АНУ ба Тайванийн харилцаа, өсөн нэмэгдэж буй Хойд Солонгосын цөмийн аюул, эсвэл валюттай холбоотойгоор үүсэж болох эдийн засгийн зөрчилдөөн, оюуны өмчийн асуудал, Трампын хэрэгжүүлэхээр зорьж буй үйлдвэржилтийн бодлогод дэлхийд тэргүүлэгч төрийн капиталист эдийн засгийн зүгээс учруулж болзошгүй саадуудтай холбоотойгоор худалдааны салбарт зөрчлүүд үүсэж болно. (Тиймээс, хоёр дахь эрсдэл Хятадын хариу үйлдэл гэж гарч ирж буй.)

 Дотоод бодлогын муугаас болоод бид ялагдаж магадгүй. Харин, гадаад бодлого муу байх юм бол бид “сөнөж”ч мэднэ.

Сүүлийн нэг эрсдэл бол тусгаар тогтносон Америк ба системийн нуралтаас гарч ирнэ. Энэ бол заль мэх хэрэглэгч, үймүүлэгч Орос бөгөөд тэд тэр хэвээрээ бултан зайлж одох болов уу. Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны хариуд Нэгдсэн Улсын зүгээс үзүүлсэн “хатуухан” хариу Ерөнхийлөгч Путины зан төлөвийг өөрчлөхгүй. Тэрбээр Франц гэх мэт цаашид болох Европын бусад орны сонгуулиудыг хакердаж мэднэ. Барууныхан тэдэнд олигтойхон хариу барихын тулд санал нэгдэн хүчээ нийлүүлж чадахгүй байна, эсвэл хүсэхгүй байна. Трамп ч бас тийм сонирхолгүй.

Европын холбооны удирдагчдыг хэтэрхий сул дорой, эсвэл хориг тавьсаар залхаж орхисон уу гэлтэй. Түүнчлэн, Путин Сирид байгуулсан “ялалтаа” үсрэх тавцан болгон ашиглаж багахан эсэргүүцэлтэйгээр Ойрх Дорнод дахь Оросын нөлөөг нэмэгдүүлэх болно. Тусгаар тогтносон Америк Путинд нааш цааш гүйх маш өргөн талбай үлдээж байна.

Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хэлсэн үг бий. “Дотоод бодлогын муугаас болоод бид ялагдаж магадгүй. Харин, гадаад бодлого муу байх юм бол бид “сөнөж”ч мэднэ.”

2. ХЯТАДЫН ХЭТ ХАРИУ ҮЙЛДЭЛ

China overreacts

Энэ намар болох Хятадын дээд удирдлагын сэлгээ цаашдын 10 жил, түүнээс ч илүү хугацааны улс төр, эдийн засгийн хандлагын ерөнхий дүр төрхийг тодорхойлно. Ирж буй XIX Их хурлын өмнө, хуралдааны үеэр, мөн дараагаар маш өргөн хүрээнд явуулах элитүүдийн сэлгээ Си-гийн үед цэцэглэсэн улстөрийн хуваагдмал орчинтой нийлснээр Хятадын шинэчлэлийн эрин эхэлснээс хойш тохиож буй хамгийн төвөгтэй арга хэмжээнүүдийн нэг болж мэдэхээр байна.

Энэхүү шилжилтээс улбаалан хоёр эрсдэл үүсэж болно. Нэгдүгээрт, бүхний анхаарал түүний манлайлах чадвар дээр төвлөрөөд буй энэ үед Си гадаад орчноос улсынх нь ашиг сонирхолд тулгарч болох сорилтуудад ихээхэн эмзэг хандаж, хүч хэрэглэх аргыг юун түрүүнд хэрэглэж болзошгүй. Америк, Хятадын хоорондын түгшүүрт харилцаанаас мөргөлдөөн ч гарч болзошгүй. Хоёрдугаарт, намын их хурлаа амжилттай явуулах үүднээс нарийн төвөгтэй бодлогын сонголтуудыг тайван замаар хийхийг урьтал болгосноор бодлогын чухал асуудал дээр алдаа гаргах магадлалыг тэрбээр санамсаргүйгээр нэмэгдүүлж мэднэ.

3. МЕРКЕЛИЙН СУЛРАЛ

Weaker Merkel

Энэ жил Европт улс төрийн эрсдэлүүдийн бас нэгэн давалгаа ирэх гэж байна. Тэдгээрээс зарим эрсдэл бодит биеллээ олох нь тодорхой болж байна. Brexit-ийг тойрсон маргаан Их Британи, Европийн холбоо хоорондын үл итгэлцлийг нэмэгдүүлж, тэднийг улам хагаралдуулна. Францын сонгуульд еврог шүүмжлэгч байр суурьтай Нэгдсэн фронт нам давамгайлж, төрийн эрхийг гартаа авч мэднэ. Грекийн хямрал үргэлжилсээр, ямар нэг шийдэл олж чадахгүй болов уу. Авторитар дэглэм рүү гулссаар буй Турк цагаачлалын асуудлаар Европын холбоотой хэл амаа олж чадахгүйд хүрч мэднэ. Хөгжилтэй орнуудад гарч болзошгүй өргөн хүрээтэй терроризмын аюул урьд өмнөхөөс хамаагүй өндөр эрсдэл болж үлдэх шинжтэй байна.

4. ШИНЭЧЛЭЛИЙН ХОМСДОЛ

No reform

Бусад олон асуудлын хувьд хүчтэй манлайлал үгүйлэгдэж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын удирдагчид эдийн засгийн бүтцийн шинэчлэлээс зайлсхийж эхэлснээр өсөлтийг боомилж, улмаар хөрөнгө оруулагчдад шинэ боломж гарч ирэхгүйд хүргэнэ.

5. ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ОЙРХ ДОРНОДОД НӨЛӨӨЛӨХ НЬ

Technology and the Middle East

Нүүрэн дээрээ хүчтэй автократ дэглэмээр өнгөлөн далдалж ирсэн ч, хэрэг дээрээ Ойрх Дорнодын засгийн газрууд сүүлийн хэдэн арван жилийн турш суларч доройтсоор байна. Ихэнх улсын хил хязгаарыг Европчууд хүчээр зурсан байдаг ч, тэр нь анхны зорилготойгоо хэзээ ч нийцэж байгаагүй юм. Хууль эрх зүйд нь гадаад талаас ихээхэн нөлөөлж байсны дээр газрын тосны мөнгөний нөлөө ч их. АНУ, түүний холбоотнууд аюулгүй байдлыг нь баталгаажуулж ирлээ. Өнөөдөр тэдгээр бүх зүйлийн ханган нийлүүлэлт тийм ч урт настай биш болоод байна.

6. ТӨВБАНКУУДАД УЧРАХ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ 

Central banks get political

Сүүлийн хэдэн аравны туршид анх удаагаа Төвбанкууд зөвхөн хөгжиж буй зах зээлүүд дээр төдийгүй, Нэгдсэн Улс, Евро бүс, Их Британи зэрэгт илэрхий дайралтад өртөх боллоо. Төвбанкны бие даасан байдлыг тэргүүн зэрэгт тавих нь чухал гэдэг логикийг үл хэрэгсэн, улс төр, эдийн засгийн бүх төрлийн хэрэгт Төвбанкыг буруутгах хандлага улстөрчдийн дунд газар авав. Эдгээр дайралтуудаас улбаалан санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байх ёстой Төв банк хэмээх цэвэр технократ инстүүцийн жинхэнэ үүргийг орвонгоор нь эргүүлэх аюул 2017 онд дэлхийн зах зээл дээрх эрсдэл болон гарч ирж байна.

7. ЦАГААН ОРДОН БА ЦАХИУРЫН ХӨНДИЙ 

The White House versus Silicon Valley

Трамп Америкийн ард түмэнд ашигтай “тохиролцоо” хийнэ гэдэг улс төрийн уриа дэвшүүлэн корпорациудтай тулж ажиллана гэдгээ зарласан. Харилцаа холбооны компаниуд, агааржуулагч үйлдвэрлэгч компаниуд хэдэн зуун ажлын байр бий болгосныхоо төлөө татварын хөнгөлөлт эдэлнэ. Бойнг, Lockheed Martin компаниуд засгийн газрыг дийлэхийн тулд “харандаагаа сайтар хурцлах” шаардлагатай болж байна.

Чухамдаа, эдгээр нь сайтар тохиролцож байж гарын үсэг зурж баталгаажих ёстой хэлэлцээрүүд юм. Америкийн томоохон компани, банкууд Трампын танхимд төлөөллөө сайтар оруулж дөнгөсөн бөгөөд үзэл онолын хувьд түүний хэрэгжүүлэх гэж буй бодлоготой нэг шулуун дээр байгаа гэж болно. Трампын зүгээс цаад шалтгаан нь тодорхойгүй ч, бизнесийн өндөр үзүүлэлттэй компаниудтай ямар нэг байдлаар “шууд тулах нь” ойлгомжтой бөгөөд энэ байдал тэдгээр компанийг “үймүүлнэ.” Гэхдээ энэ бол тухайн компаниудад тулгарах асуудал болохоос бүтцийн асуудал биш юм.

Харин, Цахиурын Хөндийтэй үүсэх зөрчил бол дээрхээс ялгаатай. Цахиурын Хөндий ба Трампын дунд үзэл, онолын томоохон ялгаа бий. Тухайлбал, Трамп үндэстний аюулгүй байдлыг чухалчилж байгаа бол Цахиурын хөндийнхөн эрх чөлөө, хувийн нууцлалыг чанд хамгаалахын төлөө байдаг. Трампын засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө байхад Цахиурын Хөндийнхөн ажлын байрыг автоматжуулахыг эрчимтэй өрнүүлж буй.

8. ТУРК

Turkey

Өнгөрсөн долоодугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлого Туркийн улс төрд ихээхэн тодорхойгүй байдал үүсгэв. Эдийн засаг нь ч тогтворгүй боллоо. Эрдоган өдөр тутмын үйл хэргийг сайтар хянаж байх үүднээсүргэлжлүүлэн онцгой байдал зарласаар байгаа. Шүүх, төрийн бюрократ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр бүү хэл бизнесийн салбарт хүртэл баривчилгаа, цэвэрлэгээг тасралтгүй явуулах замаар барьцаа улам чангалсаар.

Эрдоган эдүгээ аль хэдийнэ нэмэгдүүлээд авчихсан (de-facto) эрх мэдлээ хуульчилж авахыг хүсч байна. Үүндээ тэрээр сөрөг хүчин болох Үндэсний Хөдөлгөөний Намын дэмжлэгийг авахаар буй. Турк улс энэ асуудлаар ирэх хавар референдум явуулах шинжтэй байна. Тухайн тивийн бусад улсад болж буй референдумтай адилгүйгээр, улам бүр авторитар болсоор буй ерөнхийлөгчийн талд ялалт заавал ирэх ёстой. Эрдоганы эрх мэдлийг хэт төвлөрүүлэх бодлого Туркийн дотоод засаглал, эдийн засаг, гадаад харилцаанд учирч буй дарамтуудыг улам дордуулна.

9. ХОЙД СОЛОНГОС

North Korea

2017 он Хойд Солонгосчуудад онцгой жил байна. Энэ тийм ч сайн зүйл биш. Хойдууд цөмийн пуужингийн хөтөлбөрөө мэдэгдэхүйц сайжруулж чадсан, цаашид ч өргөжүүлэхээр байна. Энэ “зожиг” хаант улсад дор хаяж 20 орчим цөмийн бөмбөг хийх цацраг идэвхт бодис байгаа болов уу. Тэд пуужингийн цэнэгт хошууны оврыг багасгах технологи эзэмшихэд ойртсоор байгаа нь Нэгдсэн Улсын баруун эрэгт цөмийн цохилт өгч чадах тив алгасах баллистик пуужингийн чадвартай болно гэсэн үг юм. Энэ байдал Америкийн бодлого боловсруулагчдын санааг зовоож байна.

10. ӨМНӨД АФРИК

South Africa

Ерөнхийлөгч Ж.Зума улс төрийн хямралаас улбаалан Африкийн Үндэсний Конгрессын засаглалын хүрээнд болон түүний гадна талд эсрэг талынхантайгаа сөргөлдөж эхэлснээр Өмнөд Африкийн эдийн засагт томоохон эрсдэл учирч, бүс нутгийн тогтвортой байдал алдагдана. 2016 оны элдэв сорилтыг арайхийн зохицуулсан Зума шинэчлэгчдийн зүгээс тус улсын эдийн засгийн тогтворжилтыг сэргээхэд хэрэгтэй алхмуудыг авахад нь саад болсноороо өөрийн унах нүхийг бэлдэнэ. Африкийн Үндэсний Конгрессын дотоод зөрчил ялангуяа төрийн эзэмшлийн компаниудын менежментэд илүүтэй нөлөөлнө.

Ц.Буянцогтоо

x