Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Уоррен Бафетийн баруун гар Чарли Мангер зөвлөж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талд Чарли Мангер, Уоррен Бафетийн хамт

Чарли Мангер их сургуулиа орхиж, АНУ-ын агаарын хүчинд цаг уурчаар ажиллаж байгаад сүүлд Харвардын хуулийн сургуулийг төгссөн нэгэн.

Үүнийхээ дараа тэр Уоррен Бафеттай уулзсанаар үлдсэн бүх амьдрал нь шийдэгдсэн юм. Нэрт тэрбумтны Беркшир Хатэвэй компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Мангер Бафетийн баруун гарт тооцогддог.

Түүний хөрөнгө $1.51 тэрбум.

Бафетийн нэгэн адил Мангер нь хөрөнгө оруулалтын гоц авьяастан.

Чарли Мангерийн хөрөнгө оруулалт, бизнес, амьдралын талаар хэлсэн үгнүүдийг хүргэж байна.

 

Ямар ч тэнэг хүн ажиллуулж чадах бизнест хөрөнгө оруул.

“Хэзээ нэг өдөр тэнэг хүнтэй таарч болох тул ямар ч тэнэгийн ажиллуулж чадах бизнест хөрөнгө оруулах хэрэгтэй. Удирдлагад жижиг алдаа гарахад тэсвэрлэж чадахгүй бол энэ бол бизнес биш. Гэхдээ энэ нь бид сул удирдлага сонгоход бэлэн гэсэн үг биш”

 

Оргилд гарах ганцхан зам бий. Энэ бол хүнд хөдөлмөр.

"Ямар нэг зүйлийг бусдаас илүү хийдэг болохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, өрсөлдөгчид чинь сайжирсаар байх тул чи тасралтгүй суралцах ёстой. Орой нь оронд орохдоо өглөө босож байснаасаа ухаалаг болсон байхыг хичээ. Ингэж чадвал туулах зам урт байж болох ч чи сайжрах нь гарцаагүй."

 

Өөрийн оюун ухааныг хэтрүүлж үнэлэх нь гол аюул.

“Хэрвээ өөрийн IQ-г 160 гэж боддог байтал үнэндээ 150 байвал чи сүйрэхэд ойрхон байна. Жинхэнэ IQ нь үнэн хэрэгтээ 130 байхад өөрөө 120 гэж бодож явах нь хамгийн зөв.”

 

Тэнэг зүйлсийг ухаантай хүмүүс л хийдэг.

“Хамгийн ухаантай хүмүүс хамгийн тэнэг зүйл хийдгийг бид эртнээс мэддэг болсон. Тиймээс бид алдаа гаргахгүйн тулд яагаад ингэдгийн учрыг олохыг хичээсээр ирлээ”

 

Хамгийн дуртай, хамгийн сайн хийж чадах зүйлээ хий.

"Дур сонирхолтой зүйлээ хийх нь хамгийн зөв. Хэрвээ Бафет балет бүжиглэдэг байсан бол өнөөдөр түүний тухай хэн ч мэдэхгүй байх байлаа."

 

Олон төрөлд хүч үзэх нь экспертүүдийн хувьд солиорол.

"Бизнесийн сургуульд бизнесийг төрөлжүүлэхийн сайн талыг заадаг. Гэвч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ байдгийг сана. Юу ч мэдэхгүй, туршлагагүй хөрөнгө оруулагч л олон төрлөөр хөөцөлддөг. Харин чи эксперт бол энэ нь солиорол. Хөрөнгө оруулалтын гол зорилго бол төрөлжиж салдаггүй байх бизнесийн орчныг нээж олох юм."

 

Хэрвээ чи найдваргүй, залхуу этгээд бол юунд ч сайн байгаад нэмэргүй.

"Хол байх ёстой чанар бол залхуурал, найдваргүй байдал. Хэрвээ чи залхуу, найдваргүй этгээд бол ямар ч чадвартай байгаад нэмэргүй, даруй сүйрнэ."

 

Ухаантай хүн олон хэдий ч цөөхөн нь бусдын бодоогүйг сэтгэдэг.

“Нэгэн залуу Моцарт дээр очоод ‘Би симфони бичмээр байна’ гэжээ. Моцарт түүнийг хэт залуу байна гэж. Залуу хариуд нь Моцартыг залуудаа симфони бичиж эхэлснийг нь сануулсан байна. Гэтэл Моцарт ‘Тиймээ. Гэхдээ би тэр үед хэнээс ч зөвлөгөө авах гэж яваагүй юм шүү’ гэжээ.”

 

Хувь заяандаа гомдож явах нь юуг ч шийдэхгүй

“Ерөнхийдөө атаа хорсол, өшөө хонзон, хувь заяандаа гомдох зэрэг нь хамгийн хортой бодол санаанууд. Эдгээрээс хувь заяандаа гомдож, гутарч явах нь эдгэршгүй сэтгэцийн өвчинтэй адил. Ийм бодлоос зугтаж яв.”

 

Агуу оюун ухаан номонд л байдаг, сургуульд биш.

“Би сургуулиас биш, номноос л суу ухаантай танилцаж байсан. Бэн Франклинийг анх хэзээ уншсанаа би санадаггүй. Намайг 7-8 настайд Томас Жефферсон дэрний минь хажууд байдаг байлаа. Манай гэр бүлийнхэн ийм замаар л сахилга бат, мэдлэг, бие даах чадварыг олж авдаг байв.”

 

Эх сурвалж: Business Insider