Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устах аюултай байна

ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх,  хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58% нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.

Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран, хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Мөн ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.