Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Агуу ой санамж” бүхий Их Монголын ухамсрыг дахин сэргээх нь яагаад утга учиртай вэ?

Зууны мэдээ
2017 оны 3 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН өнөөгийн БАЙДЛААС ИЛРЭХ УТГА

2016 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал хоёр тэрбум ам.доллар орчимд хүрчээ. 2015 оны байдлаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, төсвийн зарлага өмнөх оныхоос 6.3 хувь багасаж  3.6 тэрбум ам.доллар байв. ОУВС-ын мэдээлснээр тухайн жилийн ДНБ-ий хэмжээ 11.2 тэрбум ам.доллар орчим байв. 2011-2013 онуудад 10 гаруй хувийн өсөлттэй байсан ч огцом унаж, 2015 онд 2.3 хувь болтлоо буурчээ.

2015 оны гадаад худалдааны борлуулалт 4.6 тэрбум ам.доллар байсны дотор Хятад руу чиглэсэн экспорт 3.9 тэрбум. Импортын 3.7 тэрбум ам.доллар дахь Хятадын эзлэх жин 3.7 тэрбум. Гадаад валютын орлого нь нүүрс, зэсээс хамааралтай байгаа нөхцөлд Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай байсаар байна. 2010 он гарснаас хойш Монголын эдийн засгийн үхэл, сэхлийг шийдэх эрх Хятадын гарт бүрэн орсон.

Эдгээр тоо бол Монгол Улс СЭВ-ээс салснаас хойших 25 жилийн бодит байдал юм. Зөвлөлтөөс салж, Хятадын эдийн засгийн хамааралд орсон төдий үзэгдэл болжээ. 

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛД ОЛЖ АВСАН ЗҮЙЛ

2016 оны парламентын сонгуулиар эрх баригч, сөрөг хүчин хоёр байраа солив. Дээр өгүүлсэн эдийн засгийн тоон үзүүлэлтийг бүтээсэн эзэд нь энэ хоёр нам хоёулаа юм. Сонгууль явуулж засгийн газраа сольдог системийг бүтээж чадсан ч, ард түмний эдийн засгийг (people's economy) бүтээх тал дээр амжилт олсон гэж хэлж болшгүй.

Хүн ам 50 хувиар өсөж, нийслэл УБ дахь төвлөрөл гурав дахинаас ч илүү гарчээ. Хоёр том нам хойч үедээ “их өрийг” өвлүүлснээс өөрийг хийсэнгүй. Улсыг бүтээх ажлын араг ясыг босгож чадсангүй гэж дүгнэхээс өөр аргагүй.

АНУ-ын мэдээлснээс үзвэл Японы ЗГ-аас Монголд үзүүлсэн иенийн зээл, буцалтгүй тусламж, технологийн хамтын ажиллагааг нийлүүлэхэд 2014 оныг хүртэл 2.4 тэрбум ам.доллар болж буй. Дээрээс нь Дэлхийн Банк, АХБ-аар дамжуулан өгснөө тооцвол хоёр оронтой тоо гарах ёстой.

Дээр дурдсан тоонуудын илэрхийлж буй маш сул дорой бодит байдлаас үзвэл Японы тусламжийн бодит үр дүн тун маруухан зүйл болсон нь ойлгомжтой юм. Япон, Монгол хоёрыг харьцуулахад Монгол улс физик суурь нөхцөл талаараа илүү сайн. Гэвч, энэ 25 жилд олдсон боломжийг ашиглаж чадсангүй, үүний цаана удирдах давхаргын юманд хандаж буй байдалд гол асуудал бий.

ӨМНөХ сонголтын ХУВИЛБАРУУД ХАМААРАЛТ БАЙДЛЫГ ИХЭСГЭХЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ

Улс төр гэдэг гарсан үр дүнгээр хариуцлагаа тооцуулдаг. Сүүлийн 25 жилд элитүүд улсаа Хятадын хамаарал дор оруулжээ. Энэ байдлыг Монгол Улсын геополитик, гео-эдийн засгийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож чадаагүйнх гэж хойч үе нь шүүмжлэх биз ээ.

ЗХУ нурснаас хойш Япон зэрэг барууны орнуудын тусламжийг авсаар одоог хүрч ирлээ. Барууныхнаас Монголыг зөвхөн Орос, Хятадын дунд хавчуулагдсан зөөлөвч улс гэдгээр нь ч биш, гол нь хоёр хөршөөсөө огт өөр улс төрийн хандлагатайг нь үнэлж үздэг.

XXI зуунд орсноор Оросын оронд Хятад Евразийн бүсэд өөрийн орон зайг нэмэгдүүлсэн. Цэргийн хүчийг илүүд үзсэн Зөвлөлтөөс ялгаатайгаар, хятадууд эдийн засгийг голчилсон. Тэр бодлогын нэр нь Торгоны замыг сэргээх Нэг бүс, нэг зам юм. Эндээс монголчуудад Коридор улс гэдэг нэр оногдов. ШХАБ-ын 2016 оны Ташкентийн хурал дээр Эдийн засгийн коридор байгуулах төсөл гэх баримтыг батлаад буй.

Энэ гарын үсгийг Монголын геополитикд шинэ нөхцөл үүсгэлээ гэж үнэлж болох уу. 1990 оныг хүртэлх Зөвлөлтийн зөөлөвч улс байснаасаа Орос, Хятадыг холбогч “коридор улс Монгол” гэж өөрийгөө тодорхойлж буй нь Орос, Хятад хоёулангаас нь хамаарах материаллаг болоод оюуны хамаарлаа улам нэмэгдүүлж, хоёр гүрний дунд улам шигдэн орж буй хэрэг төдий биш гэж үү.

ШИНЭ МОНГОЛЫН ХАМГИЙН СУЛ ТАЛ ОЮУНЫ ДАЙЖИЛТ

Монголчуудын идэвхжил хүн амынх нь өсөлтөөр илэрч буй. 1990 онд хоёр сая 180 мянга орчим хүнтэй байсан бол одоо гурван сая гараад байна. Тэр үеийг хүртэл хаалттай улс байсан бол одоо бүрэн чөлөөтэйгөөр гадаад улсуудад ирж очдог болсон. Хүн амын 10 хувьтай тэнцэх 300 гаруй мянган хүн гадаадад ажлын байр хайн гарч одсон. Түүнээс гадна барууны их дээд сургуулиудад суралцаж төгссөн өндөр мэдлэгтэй хүний нөөц мөн тэндээ үлдэн ажиллаж байна.

Монгол Улсын зүгээс харахад маш үнэтэй хүний баялгаа гадагшаа алдаж байна. Гэлээ гээд тэдгээр өндөр боловсролтой хүмүүс эх орондоо ирлээ гэхэд шингээх ажлын байр, орчин байгаа билүү. Тун цөөхөн. Олж авсан мэдлэг чадвар нь огт хэрэггүй зүйл болон гундаж орхино. Тийм учраас мэргэжлээрээ ажиллан өндөр орлого олох боломжтой гадаадад ажиллаж амьдрах гэдэг замыг сонгохоос өөр аргагүй. Тэгэх тусам Монгол Улсын боломж улам бүр хязгаарлагдана. Олон улсын харилцаа, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсын санал санаачилга гарган ажиллах боломж хумигдсаар байх нь ойлгомжтой.

ЦААШДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АРАГ ЯС-ХӨДөө АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Тийм ергөн уудам газарт газар тариалан эрхлэх боломжтой хэр нь Монгол хүнсээ импортолдог орон. Улаан буудайг бараг 100 хувь өөрөө хангадаг. Түүнийгээ нэмэгдүүлж ч болно шүү дээ. Хөрш Хятад гэх ойгүй том хэрэглэгч улс байхад. Тэднийг Монголын зах зээл болгочих хэрэгтэй. Гэтэл тэрхүү Хятадаас төмсөө худалдаж авдаг гэхлээр Монголын Засгийн газрын хөдөө аж ахуйн бодлого хангалтгүй байна гэхээс өөр аргагүй.

Олборлох тусам багассаар дуусдаг газрын баялгаас ялгаатайгаар хөдөө аж ахуй бол хэрэгжүүлэх бодлогоос хамааран тогтвортой, сэргээгдэх боломжтой үйлдвэрлэл юм. Мэдлэг шингэсэн аж үйлдвэр болгох ч бололцоотой ирээдүйн аж үйлдвэрийн нэг юм. Аялал жуулчлал бол байгалиа тэр чигээр нь ашиглах төдийгөөр хөгжүүлж болох ч хангалттай бус. 

Зөвхөн байгалийн үзэсгэлэнгээр жуулчдыг татна гэдэг хангалтгүй. Жуулчид тухайн салбарт ажиллаж буй хүмүүсээс цацаж буй мэдээлэлд ихээхэн мэдрэмжтэй ханддаг. Үзүүлж буй үйлчилгээнээс үнэ цэнэ үүсэж бий болдог. Тиймээс аялал жуулчлал гэдэг мэдлэг шингэсэн мэдээллийн технологийн аж үйлдвэр гэж хэлж болно. Өнөөгийн Монгол бол алтан дээр суусан гуйлгачны дүртэй байна. Монголд хөгжингүй орнуудынх шиг аялал жуулчлалын салбар бүрэлдэж буй болоогүй байна. Албан хаагчид, удирдах давхаргынханд ч тэр талын ойлголт ховор.

Өнөөгийн Монгол гэдэг бол “харьцуулсан иргэншлийн” өнцгөөс харахад хэр зэрэг үнэ цэнэ бүхий агуулгатай болохыг мэдэж байна уу? Тэрхүү түүхэн орчны агуулгыг мөшгөн явж суралцаж байна уу? Тиймээс булагдаж дарагдсан түүхээ ухаж малтах шаардлагатай. Ухаж малтах гэдэг нь өмнөх үеийнхээ бүтээсэн ул мөрийг дахин сэргээж ой санамжаа гаргаж ирнэ гэсэн үг. Түүхийн олдвор ухна гэсэн үг биш.

XXI ЗУУНЫ МОНГОЛЫГ “ИХ монголын ДАХИН СЭРГЭЛТ” БАЙЛГАХЫН ТУЛД

Монголын “Улсаа бүтээх” үйл хэрэгт томоохон алсын хараа хэрэгтэй. Түүний араг ясыг бүрдүүлэхийн тулд даруйхан эхэлж болох хоёр хүчин зүйлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал хоёрыг нэрлэлээ. Аль аль нь ирээдүйн Монголыг бүтээхэд өндөр технологийн мэдлэг шаардана.

Түүний дээр, Монголыг Орос, Хятадын коридор улс гэдгээс өөр юм байхгүй гэх ойлголтоос салгах хамгийн дөт зам болох юм. Зууны дөрөвний нэгд туулсан алдаа, оноогоо дүгнэж, энэ хугацаа бол өөрийн орны хувь заяаг өөрсдийн гараар бүтээх бүдүүвчийг зурах дадлагын хугацаа байлаа гэж дүгнээд цаашдын бодит ажлаа эхлэхийн тулд хамгийн түрүүн энэ хоёр салбараас эхлэх нь зүйтэй.

Одоо шаардагдаж байгаа зүйл бол монгол хүн хилгүй ертөнцөд орших соёл иргэншил гэдэг утга бүхий Монголыг өөрийн түүх болгон харахын тулд чин үнэнээсээ асуудалд хандах нь чухал. Бүх л төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эх үүсвэр болох зөөлөн хүчийг хурааж, хүчтэй болохын тулд ингэх хэрэгтэй гэж үзэж байна.

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зочин профессор Н.Икеда

Зураг