Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголросцветмет” ХХК 78 тэрбум төгрөгийн ӨРТЭЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эрдэнэт үйлдвэр, гэрэл зургийг MPA.mn

Үндэсний аудитын газар “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг ил тод болгожээ.

 “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан

“Монголросцветмет” аж ахуйн нэгдлийг БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хэлэлцээрийн дагуу  байгуулсан бөгөөд уг Хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор соёрхон баталсан байна.

Компанийн хувь нийлүүлсэн өмчийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Оросын Холбооны Улсын Төрийн өмчит “Ростех” корпорац эзэмшиж байсан бөгөөд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар өмчлөгч өөрчлөгдсөн талаарх албан ёсны мэдээлэл компанид алга байна.

Компанийн Зөвлөл 2014, 2015 онд 48 болон 49 (эчнээ) дүгээр хуралдааныг тус тус зохион байгуулж, 2016 онд хуралдаагүй байна.

Компанийн ажилтны тоо, олборлолтын нөөц

Компани жилд 610.0 мянган тонн жоншны хүдэр олборлож, 600.0 мянган тонн хүдэр боловсруулж, 120.0 мянган тонн ФФ-95 маркийн флотацын баяжмал, 12.0 мянган тонн ФК-75 маркийн металлургийн баяжмал үйлдвэрлэх, 2.0 сая тонн төмрийн хүдэр олборлож, 450.0 мянган тонн хүдэр боловсруулж, 200.0 мянган тонн 52 хувийн агуулгатай хуурай, 250.0 мянган тонн 65 хувийн нойтон агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

2016 оны 3 дугаар улирлын байдлаар жоншны 13, алтны 6, мөнгө 4, холимог металлын 1, төмрийн 1, зэсийн 1, нийт хайгуулын 4, ашиглалтын 26 тусгай зөвшөөрөл бүхий 17.0 сая тонн жоншны хүдрийн, 16.2 сая тонн төмрийн хүдрийн, 1.4 тонн алтны нөөцтэй байна. Тус компанийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хот дахь захиргаа, “Бор-Өндөр” УБҮ, түүний харьяа салбар цехүүд, “Зэрэгцээ” алтны уурхай, ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Эрээн хот дахь салбар нэгжид 1,397 ажиллагсад ажиллаж байна.

Хөрөнгө

2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланд 27,396.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,604.3 сая төгрөгийн биет бус хөрөнгө, 24,271.0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө бүртгэлтэй байна. Тус байгууллагын хуримтлагдсан алдагдал 9,562.6 сая төгрөг байна.

Аудитаар нийт 16,303.8 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг арилгуулах талаар хугацаатай акт, албан шаардлага бичигдсэн ба зохион байгуулалтын 2, хууль журмыг хэрэгжүүлэх 4, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 3, нийт 9 зөвлөмж өгсөн болно. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

Дүгнэлт
  • Компани өөрийн нөөц, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг хүчин чадлын хэмжээнд хүргэж төлөвлөөгүй, зарим бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж тогтоогоогүй байна.
  • Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан зарим хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй нь төлөвлөлт, тооцоолол бодитой бус, компанийн санхүүгийн чадавхи буурсан, гүйцэтгэх удирдлагын ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаатай холбоотой байна.
  • 2008 оноос хойш компанийн хөрөнгийг дахин үнэлээгүй, ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй, хуучирсан техник, тоног төхөөрөмж, бараа материал нийт хөрөнгийн 40 гаруй хувийг эзэлж байна.
  • 2016 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн тайланд хуримтлагдсан алдагдал 9,562.6 сая төгрөгт хүрсэн нь гадаад валютын зээл, ханшийн зөрүүнээс 4,882.3 сая төгрөгийн алдагдал хүлээж, санхүүгийн хүндрэл үүсэх нэг нөхцөл болсон байна.
  • Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захиргаа болон салбар уурхайн зарим ажиллагсдад 2014-2016 оны 9 дүгээр сарын байдлаар 12,745.3 сая төгрөгтэй тэнцэх ам.долларын нэмэгдэл цалин олгосон байна.
  • Компанийн нийт өр төлбөр 78,095.3 сая, авлага 4,394.7 сая төгрөгт хүрсэн нь хөрөнгийг зохистой удирдах, өр авлага үүсгэхгүй байх талаар компанийн гүйцэтгэх удирдлага үр дүнтэй ажиллаагүйг харуулж байна.
  • Орон сууц, нийгэм соёлын зориулалттай байгууламжийг орон нутагт шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүйгээс 2,884.8 сая төгрөгийн ашиглалтын зардал гарсан байна.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөц дууссантай холбоотойгоор “Шижир-Алт” ХХК-ийг татан буулгах тухай Зөвлөлийн хурлын шийдвэр 2012 онд гарсан боловч өнөөг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна.
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийг төлөвлөсөн хэмжээнд хийгээгүй, зарим ашигт малтмалын ордыг бүрэн ашиглах боломжийг алдсан байна.

Аудитын дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө. “Монголросцветмет“ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд:

  • Алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд валютын нэмэгдэл цалин болон нөхөн олговор олгож байгааг зогсоох.
  • Үндсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийж, ашиглагдахгүй байгаа хөрөнгийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.
  • “Шижир-Алт” ХХК-ийг үндсэн компанид нэгтгэх асуудлыг шийдвэрлэх.
  • Нийгмийн чиглэлийн зориулалттай зарим объектуудыг орон нутагт шилжүүлэх, худалдан борлуулах, эргэлтэд оруулах зэрэг асуудлыг судлан шийдвэрлэх.

Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн бодитой боловсруулан батлах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах.
“Монголросцветмет“ ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагад:

  • Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг судлах ажлыг өргөжүүлэх замаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх.
  • Экспортод гаргах үндсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнийг баримтлан борлуулж байх, шинэ зах зээлийг судлах.
  • Улс орон нутгийн төсөвт төлөх татвар хураамж, авлага, банкны зээлийг төлж барагдуулах талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх.
  • Дотоодын худалдан авалт, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг дотоодын мөнгөн тэмдэгтээр тооцож гэрээ байгуулан ажиллах.
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн гүйцэтгэж, зарим ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг судлан шийдвэрлэх.
  • 2004 онд 4878А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгож АМТХ-ийн холбогдох заалтыг мөрдөж ажиллах зөвлөмжүүдийг тус тус өгсөн байна.

 

 

Эх сурвалж: Үндэсний Аудитын Газар