Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Харуки Муракамигийн шинэ номыг өнгөрсөн шөнөөс зарж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Японы томоохон номын дэлгүүрүүд хөл ихтэй байлаа. Нэрт зохиолч Харуки Муракамигийн үнэнч уншигчид түүний шинэ бүтээл болох “Killing Commendatore” (Командлагчийг устгахуй) номыг худалдан авахаар цугларсан байна.

Мураками шинэ номынхоо талаар маш их нууцалж байсан ба хүмүүст ямар ч урьдчилсан төсөөлөлгүйгээр уг номыг уншуулах хүсэлтэй байгаагаа ярьж байжээ.

68 настай Муракамигийн өмнөх зохиолууд 40 орчим хэл дээр хөрвүүлэгдсэн ба олон улсын хэвлэлүүд, уншигч нар жил бүр түүнийг Нобелийн шагнал авна гэж таамагладаг ч одоо болтол уг нэр хүндтэй шагналыг аваагүй байгаа юм.

Хэвлэлийн Шинчоша компани энэхүү хоёр боть номыг 1.3 сая хувилан зах зээлд гаргаж байна. Япон хэл дээр гарч байгаа 2,000 хуудас номыг хэзээ бусад хэлүүд рүү хөрвүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Номынхоо тухай Мураками Данид болсон шагнал гардуулах ёслол дээр ярихдаа “Энэ бол ‘Эрэг дээрх Кафка’ зохиолоос урт, ‘1Q84’ зохиолоос богино, тун сонирхолтой түүхийг өгүүлэх ном” гэж байжээ.

Мураками 1987 онд “Норвегийн ой” номоороо дэлхий дахинд дуулиан тарьж, дараа нь “Эрэг дээрх Кафка”, “1Q84” зохиолууд нь бэстселлэр болж байв.

Японы уншигчид нь худалдаж авсан номоо тэр шөнөдөө уншиж эхэлсэн бөгөөд эхний сэтгэгдлээ сошиал сүлжээнд хуваалцаад эхэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP, Japan Times