Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Нийгмийн амьдралаас үүссэн стресс зүрх судасны өвчлөлд ихээр нөлөөлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 10 жилд монголчуудын дундаж наслалт дөрөв гаруй жилээр нэмэгджээ. Тодруулбал, 2005 оны байдлаар Монголд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 68.61, эрэгтэйчүүдийнх 62.11 байжээ. Энэ нь дунджаар монголчууд 65.21 насалж буйг илтгэж буй юм. Харин 2015 онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх нь 66.02 болж өссөнөөр нийт монголчуудын дундаж наслалт 69.89 болсон аж.

Хэдийгээр дундаж наслалт ийн нэмэгдэж байгаа сайн үзүүлэлт бий ч монголчуудын дунд зүрх судасны өвчлөл, хавдар зэргийн өвчлөлийн тоо төдийлөн буурахгүй байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байгаа бол хавдар хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Жилдээ энэ хоёр өвчнөөр нас барж буй иргэдийн тоо нийт нас баралтын талаас илүү хувийг эзэлж байна.

Түүнчлэн сүүлийн гурван жилд амьсгалын тогтолцооны өвчнөөр нас барах нь тогтмол өссөн үзүүлэлт байгаа нь анхаарал татаж байгаа юм.

ИНФОГРАФИК, Монголчуудын нас баралтын тоо, зонхилох шалтгаанаар,

 

Ийнхүү зүрх судасны өвчлөл яагаад монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа хийгээд өвчлөл төдийлөн буурахгүй байгааг бид тодруулсан юм.

“Зүрх судасны өвчлөл стрессээс маш их шалтгаалдаг. Аль болох тайван, зөв дэглэмтэй амьдарвал өвчлөл буурна” хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, профессор Б.Батболд хэлэв. Түүнчлэн тэрбээр эмчлүүлэхээр ирж буй өвчтөнүүд дунд 10 хүний хоёр нь нарийн угшил шалтгаантайгаар зүрх судасны эмгэгтэй болсон байдаг бол найм нь нийгмийн амьдралаас үүссэн стрессээс болсон байдаг гэв.

Мөн “Эрүүл байж, урт хугацаанд идэвхтэй амьдрах эсэх нь хувь хүний өөрийнх нь гарт байдаг. Хэдийгээр хэт их идэх, архи, тамхи хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь эрүүл мэндэд муу гэдгийг хүн бүр мэддэг ч амьдралдаа зөв дадлыг хэвшүүлж чадахгүй байна” хэмээв.
Эмийг цөөхөн хоног уугаад, зовуурь нь намдахаар хэрэглэхээ больдог нь хамгийн том алдаа гэж байлаа. Эмчийн заавар зөвлөгөөний дагуу тогтмол хугацаанд тохирох эмийг хэрэглэснээр өвчин хүндрэхээс сэргийлж чадна гэдгийг тэрбээр мөн сануулсан.   

Нэг өвчтөн жилд дунджаар 200-300 мянган төгрөгийн даралтны эм хэрэглэдэг байна. 

Түүнчлэн ямар нэгэн байдлаар батлагдаж, нотлогдоогүй сүлжээний эмүүдийг хүмүүс их хэрэглэж байгааг шүүмжилсэн юм. Ийнхүү эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд тавих хяналт сул байгаагаас үүдэн баталгаагүй бүтээгдэхүүн оруулж буй аж ахуйн нэгжид төрөөс анхаарал тавьж, хянах ёстойг онцолж байлаа.  

Үүнээс үзэхэд, нийгмийн амьдралаас үүссэн стресс, амьдралын буруу хэвшил нь хүнийг урт удаан хугацаанд эрүүл аж төрөхөд саад болж, улмаар үхэлд хүргэсээр байна. Тиймээс уншигчид та бүхэн өөрт тохирсон эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгох алхмыг цаг алдалгүй одооноос хэвшүүлээрэй. Мөн нийгэм, гадны нөлөөнөөс үүдэх стресс тайлах олон шалгарсан аргуудыг өөртөө хэрэгжүүлээрэй.