Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Экс албан тушаалтнуудыг “Эрдэнэт”-ийн асуудлаар шалгах Ажлын хэсгийг байгуулсан бололтой

С.Уул, Өглөөний сонин
2017 оны 2 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас шийдвэрлэлээ. Ямартай ч тэд хувийн хэвшилд худалдагдаад байсан тус үйлдвэрийн 49 хувийг "Эзэн нь юм аа мэдэж байна" хэмээн төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргав.

Тэгвэл тухайн үед хувийн хэвшлийнхэнд худалдан авах боломжийг нь олгосон "шинэчлэл"-ийн Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг, Монголбанкнаас их хэмжээгээр мөнгө гаргасан гэх асуудалд холбогдоод буй тус банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг хууль бус шийдвэр гаргасан бол хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүд хийгээд Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн олон нийтэд уриалах болсон билээ.

Уг нь хувийн хэвшлийнхэн ОХУ-тай хэлэлцэн тохиролцсоны дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан ч УИХ-ын чуулган, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр элдвээрээ чичлүүлж, хамгийн гол буруутнаар нэрлэгдэв. 

Зүй нь УИХ болон Хууль зүйн байнгын хорооныхон тухайн үеийн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хуралдаан дээр авч ирж үнэхээр хууль бус шийдвэр гаргасан эсэхийг асууж шалгаасан бол шударга ёсонд ойр байх байв. Ингэж олон хүн ярьж байна. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа дотооддоо хууль зөрчсөн учраас нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн заалтыг тогтоолдоо тусгасан байна. 

Ч.Сайханбилэг, Н.Золжаргал нар буруудах уу

Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай УИХ-ын дээрх тогтоолд “хууль тогтоомж удаа дараа зөрчсөн” Монголбанк, Засгийн газар, тэрчлэн зарим банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярт­сайхан нарт даалгасан юм.

Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар хууль тогтоомж зөрчив гэдгийг шалгах, "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэхийг тогтоох ёстой гэсэн үг аж. Хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа хариуцлагын хэм хэмжээг шүүх тогтоох нь зүйн хэрэг бөгөөд харин үүнээс урьтаад хувийн хэвшилд хатуухан арга хэмжээ авчихлаа.

Бид "Эрдэнэт"-ийн асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа эсэхийг албаныхнаас асуухад “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал зохих хууль хяналтын байгууллагад шалгагдахаар ирсэн. Одоогоор тус үйлдвэрийг шалгах хууль хяналтын байгууллагын Ажлын хэсгийг томилсон байна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг нарийн өгөх боломжгүй” гэв.

Хамгийн гол нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан тал хууль зөрчөөгүй гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн ч энэ асуудал цааш хэрхэн яаж хөврөх бол гэсэн асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.

Зураг