НӨАТ-ын буцаан олголтын явцын талаар Татварын Ерөнхий газрын Дарга Л.Зориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны гүйцэтгэлээр дотоодын бараанд ногдуулдаг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын хэмжээ 553.2 тэрбум төгрөгт хүрч, 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр давсан байна. Өөрөөр хэлбэл энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн гэсэн үг юм.
Түүнчлэн 2016 онд татвар төлөгч иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 19 удаагийн сугалааны тохирлоор иргэнд 3.6 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна.
Мөн татвар төлөгч иргэнд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 620,409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.
Үүнээс буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 482,587 татвар төлөгч иргэний 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр хүргүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 03 -ны 17:00 цагийн байдлаар 461,865 татвар төлөгч иргэнд 33.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 97.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Одоогоор 20,722 татвар төлөгч иргэний 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох ажил хийгдэж байна.