Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Идэвхтэй хөдөлгөөн ямар ч төрлийн хавдраар өвчлөх эрсдлийг долоон хувиар бууруулдаг

Г.Номин, iKon.mn
2017 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн анхаарлыг хавдрын асуудалд хандуулах, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдээлэл түгээх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээрээ “ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэдэг. 

Энэ жилийн онцлог нь дэлхийн улс орнууд спортоор дамжуулан олон нийтийн анхаарлыг энэ тулгамдсан асуудалд хандуулж, хавдраас урьдчилан сэргийлэхэд дасгал хөдөлгөөний үүрэг ач холбогдлын талаар таниулахыг зорьж байгаа ажээ.

Иймээс дэлхийн хавдартай тэмцэх өдрийг “Бид чадна. Та ч бас чадна” хэмээх уриан дор спортын бүх клубууд, багууд, тамирчид хавдартай тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэж байна. 

Дасгал хөдөлгөөн хавдраас урьдчилан сэргийлэхэд ямар үр нөлөөтэй вэ?

АНУ, Хавдар судлалын хүрээлэнгийн судлаачид 1.44 сая насанд хүрэгчдийн дунд хийсэн идэвхтэй дасгал сургуулилт ба 26 төрлийн хавдрын эрсдэлт хүчин зүйлс судалгааг 2016 оны тавдугаар сард хийжээ. Уг судалгааны дүнгээр идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүс ямар ч төрлийн хавдартай болох эрсдэл долоон хувиар бага байдаг нь тогтоогдсон.  

Тиймээс хүн амыг хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх гол бүрэлдэхүүний нэг бол тогтмол, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх гэдгийг энэхүү судалгаагаар нотлон харуулсан байна. 

 

Дасгал, хөдөлгөөнтэй холбоотойгоор 13 хавдрын эрсдэлт хүчин зүйлс буурсан байдлаар харуулбал:

  1. Улаан хоолойн хорт хавдар, 42 хувь
  2. Элэгний хорт хавдар, 27 хувь
  3. Уушгины хорт хавдар, 26 хувь  
  4. Бөөрний хорт хавдар, 23 хувь 
  5. Ходоодны хорт хавдар (ходоод дээд хэсэг), 22 хувь
  6. Умайн хорт хавдар, 21 хувь 
  7. Цусны хорт хавдар,  Лейкеми, 20 хувь     
  8. Цусны хорт хавдар, 17 хувь 
  9. Бүдүүн гэдэсний хорт хавдар, 16 хувь
  10. Толгой болон хүзүүний хорт хавдар, 15 хувь 
  11. Шулуун гэдэсний хорт хавдар, 13 хувь 
  12. Давсагны хорт хавдар, 13 хувь 
  13. Хөхний хорт хавдар, 10 хувь

Мэдээллийн эх сурвалж: “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ

 

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ нь хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, хүн амд эрүүл аж төрөх, эрүүл амьдрах талаар эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 2014 онд үүсгэн байгуулагдсан байгууллага юм.