Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: 1,072 хувьцааг яах вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнөөдөр “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэдийн өмчлөлд байгаа 1,072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар салбарын мэргэжилтнүүд дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус компани нийт 10 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үүний 15 хувийг иргэн бүр өмчилдөг билээ.

Хэлэлцүүлэгт  Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ж.Мягмарсүрэн, “ЭТТ” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, MICC үнэт цаасны компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцсон юм.

Оролцогчид “ЭТТ” компанийн хувьцааг эргэлтэд оруулах нь хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл, ард иргэд, компанид өөрт нь ч ашигтай гэдэгт санал нэгдэж байлаа.

Тэдний онцлох байр сууриас хүргэж байна.

“Эцсийн шийдвэрүүд гарч дуусаагүй”
 
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа “IPO хийхэд зарим хүндрэл бэрхшээл гарч, тодорхой хугацаагаар хойшилсон. Ингэж хойшлоход ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэвэл нэгдүгээрт нүүрсний зах зээл уналттай байна.

Зах зээл уналттай байхад компанийн хувьд IPO хийх нь амжилтгүй болж, нэр хүндэд нь сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Мөн тухайн үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Манай Монгол Улсын үнэт цаасны зах зээлд дутагдалтай байгаа, үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагын дутагдал бий.

Хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь улс төрийн хүчин зүйл. Анх “ЭТТ” төслийг цогцоор нь хэрэгжүүлэх 39 дүгээр тогтоол гарч байсан. Энэ тогтоолоор “ЭТТ” нь уурхай, төмөр зам, цахилгаан станцтайгаа байсан. Үүгээрээ хөрөнгө оруулалт татах асуудал яригдаж байлаа. Дээр дурдагдсан шалтгаануудаас болж хөрөнгө оруулалт татах ажиллагаа хойшлоод шаардлагатай зарим ажлуудыг өөр газрууд хэрэгжүүлэхээр болсон. Жишээ нь төмөр зам, цахилгаан станцын төслүүд байна.

IPO хийх гэдэг амархан зүйл биш. Тооцоо судалгаа хийгдэж байгаа. Манай компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд тодорхой ажлууд хийсэн ч дээрээс гарч буй шийдвэрүүдийн дагуу судалгаануудыг байнга өөрчлөх асуудал гарч байна. Мөн гол үзүүлэлтүүд нь байнга өөрчлөгдөөд байгаа. Үүнд нөлөөлөх эцсийн шийдвэрүүд гарч дуусаагүй байгаа” гэв.

“”ЭТТ” компанийн хувьцааг арилжаанд оруулах нь зөв”
 
Гэрэл зургийг MPA.mn

MICC үнэт цаасны компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ ”ЭТТ” компанийн хувьцааг арилжаанд оруулах нь зөв гэж би боддог. Яагаад гэвэл нүүрсний үнэ өсөж байна. Хувьцаат компани болсноороо компанийн засаглал сайжирч, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хувийн хэвшлээс орж, зөв удирдлагаар явах ёстой.

Төмөр зам, цахилгаан станц төслүүд салсан гэж ярьж байна. Салгаснаараа энэ компанийн үнэ цэнэ буурч байгаа. Тиймээс энэ шийдвэрийг ТУЗ-өөрөө ярилцаж, компанийнхаа үнэлгээнд ямар байдлаар оруулахыг шийдэх ёстой юм болов уу. Төрийн компани гэдэг утгаараа хувьцааныхаа оронд 300 мянган төгрөг тараасан. Хувийн компани байсан бол зээлсэн мөнгөө хэзээ ч тараахгүй байсан байх.

Энэ компанийг хурдхан нээлттэй хувьцаат компани болгож, хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн үнэлгээг ч хэд дахин нэмэх боломжтой” гэв.

“Бид зургаан жил хувьцаатай ч юм шиг үгүй ч юм шиг явж байна”
 
Гэрэл зургийг MPA.mn

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр Энэ хувьцааны үр өгөөжийг авахын тулд эхлээд компани нь өөрөө компани шиг үйл ажиллагаатай байх ёстой. Улс төрөөс ангид, мэргэжлийн баг ажиллаж байж үр дүнгээ гаргасан. Мэргэжлийн байгууллагуудыг төлөөлж байгаа холбооны өмнөөс хэлэхэд бидэнд хүндрэлтэй байсан. Энэ компани улс төрөөс асар их хамааралтай учраас бидний үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөөд байна.

Засгийн газраас хувьцааны дансаа брокер дилерийн компаниар нээлгээрэй гэдэг. Гэтэл тэр нь сонгууль угтсан үйл ажиллагаа болоод хариуцлагыг нь брокер дилерийн компани хүлээж байгаа юм.

Бид зургаан жил хувьцаатай ч юм шиг үгүй ч юм шиг явж байна. Энэ хувьцааг зарах, худалдаж авах, өвлөх эрх нь ч байхгүй. Ийм байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ.

Бид хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэхийн тулд асуудлаа дэвшүүлэн тавих хэрэгтэй” гэв.