Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжилтний дүгнэлт: Меланиа бол Трампын хувьд “өмч” төдий

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп эхнэртэйгээ бүжиглэж байгаа нь

Биеийн хэл судалдаг мэргэжилтнүүд Трампын тангараг өргөх ёслолын өдөр болсон үйл явдлуудыг ажигласны эцэст тэргүүн хатагтай Меланиа бол Трампын хувьд “өмч” төдий хүн гэж дүгнэжээ.

Ингэхдээ тэд Обамагийн эхнэртэйгээ харьцах харилцаатай Трампынхыг харьцуулан шинжилсэн гэнэ.

АНУ-ын засгийн газрын бэлдсэн биеийн хэлний мэргэжилтэн Сюзан Константин хэлэхдээ “Меланиа бол Трампын хувьд өмч нь юм” гээд “Тэдний харилцаанаас би ямар ч халуун дулаан, хайр халамж, зөвшилцөл олж харахгүй байна” гэжээ.

Тангараг өргөх ёслолын орой болсон үдэшлэгт бүжиглэж байгаа ноён, хатагтай Трампын хөдөлгөөн, дохио зангаа зэргийг ажигласан өөр нэг эксперт Патти Вүүд тэдний хооронд тэнцвэртэй бус харилцаа байгааг батлан хэлсэн байна.

Хатагтай Вүүд бүжгийн үеэр Трамп эхнэрээ биедээ хүчлэн шахаж, сүүжний хавиар наалдсан байгаа бол тэргүүн хатагтай түүнээс зугтах байдалтай бүжиглэж байсан нь үүнийг гэрчилнэ гэжээ.

Бас тэр Трамп тангарагийн өглөө машинаасаа буугаад эхнэрээ буухад нь туслалгүй, хүлээлгүй, ядаж эргэж харалгүйгээр шууд шатаар өгсөж Обаматай гар барьсан нь хачин санагдаж байгаагаа хэлсэн байна.

Константин ч энэ үзэгдлийг “тэднийг гэрлэсэн хүмүүс гэдгийг нь мэддэгүй хүнд гэрлээгүй мэт харагдахаар” гэж дүгнэжээ.

Мөн тангараг өргөх чухал агшин эхлэх гэж байхад Трамп хажуудаа ирж зогсох эхнэрээ төдийлөн тоож анзаараагүй бол Обама хэрхэн эхнэртэйгээ харьцаж байгааг харьцуулсан бичлэг сошиал сүлжээгээр тарсан байна.

Сонгуулийн туршид Дональд Трампыг янз бүрийн эмэгтэйчүүд өөр өөр цаг үед биед нь халдсан хэмээн гэрчилж, хэл ам гаргаж байсан. Мөн хэл амаар ч олон эмэгтэйг гомдоож байсан нь хүмүүсийн нүдэн дээр ил болсон юм.

Саяхан тэр үр хөндөлтийг дэмждэг байгууллагын санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг бухимдуулаад байна.

Ямар ч байсан тангараг өргөсөн эхний өдрөө Трамп эмэгтэйчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлээд амжлаа. Мөн тэр өдөр АНУ төдийгүй дэлхийн олон оронд Трампын эсрэг эмэгтэйчүүдийн жагсаал болсон юм.

 

Эх сурвалж: Independent