Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Универсиад 2017” наадамд оролцох тамирчдыг үдэн гаргалаа

БСШУСЯ
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад их наадам Казахстан улсын Алмата хотноо 2017 оны нэгдүгээр сарын 29-өөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг өнөөдөр үдэх ёслолын арга хэмжээ Спортын төв ордонд боллоо. “Бага олимп” гэгддэг тус наадамд энэ удаад 55 орны 3,000 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорих гэж байна.

“Универсиад 2017” наадам нь биатлон, керлинг, сноуборд, фристайл, уран гулгалт, уулын цана, цана ба цанын хоёр төрөлт, трамплин, тэшүүр, хоккей, шорт трейкийн 12 спортын төрлөөр зохиогдох юм.

Тус наадамд Монгол Улсаас баг тамирчдыг оролцуулах асуудлыг “Олон улсын оюутны спортын холбоо”-ны албан ёсны гишүүн байгууллага “Монголын оюутны холбоо” хариуцан зохион байгуулж байна. Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн Ч.Эрдэнэтуяа ахлагчтай  15 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид оролцоно. Дашрамд дурдахад, монголын баг тамирчид 1991 онд Японы Саппоро хотноо болсон Универсиад наадамд анх оролцсоноос хойш хоёр жил тутам 12 удаагийн наадамд тасралтгүй оролцжээ. 

Тамирчдыг үдэх арга хэмжээнд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон “Монголын цанын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, “Тэшүүрийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Болормаа нар оролцлоо.