Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Юу үзүүлэхээ ч мэддэггүй БИД

Н.Пунцагболд
2017 оны 1 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эдийн засаг тэр чигээрээ уул уурхай дээр л тогтож байгаа. Уул уурхай зогсонги байдалд ороод, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, бусад байгалийн баялгийн үнэ жаахан буурчихаар л Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхдөг. Уг нь Монгол хөдөө аж ахуйн орон. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, 60 сая малтай. Газар тариалан, хөдөө аж ахуйг тултал нь хөгжүүлж болохоор.

Гэвч бид зүгээр л газар доорхи баялгаа хараад л гар хумхин суусаар өдийг хүрсэн. Сүүлийн жилүүдэд эдийн засгаа солонгоруулах талаар ярьж эхэлсэн. Харамсалтай нь одоохондоо нэг их солонгороод, алаглаад байгаа юм алга. Уул уурхайгаас хараат хэвээр, эдийн засаг элгээрээ хэвтсээр л.

Хоёр гурван толгой харж, “ходоодоо хонхолзуулаад” байж байна, монголчууд. Уг нь эдийн засгийг солонгоруулах нэг өнгө нь аялал жуулчлал. Монгол бол хамгийн эртний төрт улсын үргэлжлэл, монголчууд дэлхийг эзэлж явсан их хаадын үр сад Монголын газар нутаг дээр цагтаа дэлхийн нийслэл хаяа тэлж байсан юм шүү.

Дээрээс нь онгон дагшин байгаль, уламжлалт өв соёл, нүүдлийн мал аж ахуй, арвин түүх манайд бий. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэсэн үг. Харамсалтай нь манай төр засаг ч, томоохон бизнесмэнүүд ч энэ салбар руу хөрөнгө мөнгө хаяхгүй байна. Ядаж л зам харгуй ч байхгүй. 

АН өнгөрсөн дөрвөн жилд янз бүрээрээ дуудуулж байж хэдэн км зам тавьсан. Түүний буянд одоо арай дээр болоод байгаа. Гэхдээ л сайн сайхан болчихсонгүй. Жилдээ нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэй боловч тэр нь 400 мянгаас нэг их хол давж чадахгүй л байгаа. Ядаж байхад жуулчны виз авчихаад манайд барилга барихаар ирсэн хятадуудын тоо энд бас давхардаад явчихдаг. 

Ингээд л бид сая жуулчин хүлээж авах талаар мөрөөдөсхийгээд л, зам харгуй, үйлчилгээ, бие засах газар гээд бүхий л зүйлээ сайжруулах талаар ч бодолгүй л суугаад байдаг. Нөгөө талаар өнгөрсөн жил манай улсад ирсэн нэг жуулчин хоёр долоо хоногт дунджаар 1,774 ам.доллар зарцуулсан гэх судалгаа гарсан байна билээ.

Зочид буудал, зоогийн газар, худалдан авалт гээд бүх л зардал нийлээд шүү дээ. Яах вэ, багагүй л мөнгө. Одоо бид энэ мөнгөний хэмжээг нэмэх, цаашлаад Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байдаг. Гэтэл манай улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, компаниуд маркетинг, менежмент талаасаа муу ажилладаг. 

Хөтөч нэртэй гадаад хэл жаахан гадарладаг нөхдүүд нэг микро хөлсөлж аваад л жуулчдыг аваад хаашаа хамаагүй давхидаг. Ядаж юу үзүүлэхээ ч мэддэггүй байдал гадны жуулчдыг манайд дахиж ирэхээс, эх орондоо очоод найз нөхдөдөө Монгол руу аялахыг зөвлөхөөс дайжуулж байна.

Нэг талаасаа манай улсад яг зорьж очоод үзчихээр дэлхийн гайхамшиг болсон бүтээн байгуулалт, хүний гараар бүтсэн бүтээл байхгүй нь үнэн. Гэхдээ жуулчид байгалийн сайхан, нүүдэлчдийн амьдрал, Монголын ан амьтан, уламжлалыг үзэж харах гэж л ирдэг талаараа ярьсан нь бий. Цөөнгүй жуулчнаас асуулт асууж, судалгаа хийж үзэхэд ингэж хариулсан нь байдаг. Гэтэл манайхан сайндаа л Хөвсгөл явж нуур үзүүлнэ, эсвэл байгалийн дурсгалт гэсэн газарт очдог. Тэр нь жуулчдад таалагдах нь ч бий, таалагдахгүй ч бас байна. 

Өнөөх Монголын уламжлал, ёс заншил, ам амьтан, нүүдэлчдийн амьдралыг бараг үзүүлдэггүй гэж байгаа. Саяхан нэг аялал жуулчлалын бизнес эрхэлдэг танил маань сонин болгож ярьсан юм.

Хэдэн жуулчин авч явж байгаад санамсаргүйгээр Монголын хамгийн олон тэмээтэй айлд оччихож л дээ. Гэтэл өнөө хэдэн жуулчных нь нүд орой дээрээ гараад, ийм гайхамшигтай юм гэж байдаг аа хэмээн дуу алдсан гэнэ билээ. Гадаадынханд хоёр бөхтэй тэмээ үзнэ гэдэг чинь манайхан Австралид очиж имж үзсэнтэй л ялгаагүй шүү дээ. Тэгээд 300, 400 тэмээ харвал сүрдэж, гайхаж л таарна. Сүрэг агт хараад монголчууд бид өөрсдөө ч омогшдог биз дээ. Түүнтэй адил гадныхан ч бас гайхаж, биширнэ шүү дээ. Бид ердөө л малаа үзүүлээд л жуулчдыг татаж болж байна.

Гэтэл манайхан нэг навсайсан амралтын газар очоод, нооройсон хоёр гуравхан тэмээ харуулдаг. Тэгээд бүр номхон болчихсон нэг морь унуулаад л бол оо. Тэгээд хэдэн зуун км явж явж ганц хад, чулуу үзүүлдэг биз дээ. Цаатан үзүүлнэ гээд Хөвсгөл руу явна. Тэнд очоод хашаанд хашчихсан, уяатай хэдэн цаа үзүүлээд л гүйцээ. Ингээд л нөгөө хэдэн жуулчныхаа мөнгийг ямар ч хамаагүй аргаар “саах” гээд л зүтгээд байна даа.

Ийм байхад яаж Монголд жилдээ сая жуулчин ирэх вэ дээ, ёстой лөөлөө л байна. Тэгээд эдийн засгаа солонгоруулах гээд байгаа юм бол яагаад аялал жуулчлал руу хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм бэ. Ядаж байхад томоохон бизнесмэнүүд нь ч хөрөнгө оруулалт хийдэггүй.

Улаанбаатар хотод гэхэд Цонжинболдогоос өөр очоод үзчих газар юу байна. Тэрэлж рүү явлаа, сайхан байгаль байгаа ч сайн үйлчилгээ алга. Уг нь санаагаар болдог бол Хархориныг Монголын аялал жуулчлалын төв болгомоор байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүр ирж үзэхийг хүсэхээр бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Эртний нийслэл Хархорум хотыг тэнд босгоё л доо. Дэлхийн нийслэл байсан нэр нь ядаж брэнд шүү дээ. 

Өмнөговь аймагт гэхэд үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж болж байна. Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг “Шар цав” гэдэг газар үлэг гүрвэлийн 19 мянган мөр чулуужаад үлдчихсэн байгаа. Тэрхүү үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь байгальд бүтээгдсэн хэв маягаараа хатуу элсжилтийн үе давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай.

Хэлбэр хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 4-5 өөр үлэг гүрвэлийнх гэдэг нь батлагдсан юм билээ. Ийм олдвор эрт галавын амьтны аймгийн экологи, зан араншин, хөдөлгөөн зэргийг тогтооход чухал баримт болдог. Нэг доор хадгалагдан үлдсэн мөр, тэндээс олдсон үлэг гүрвэлийн яс манайхаас өөр улсаас олдсон тохиолдол бараг байхгүй. Тэгээд ч Төв Азиас зөвхөн манай улсаас л үлэг гүрвэлийн яс олддог. 

Ийм нөхцөл боломж байхад бид тэнд яаж ийж байгаад, ёстой нөгөө гаднаас зээл тусламж аваад ч хамаагүй Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй. Дэлхийд өөр хаана ч байхгүй цэцэрлэгт хүрээлэн. Үлэг гүрвэлийнх нь чулуужсан мөр, араг яс, чулуужсан өндөг гээд бүх үзвэр нь байна. Дээрээс нь хэдэн арван хиймэл үлэг гүрвэл барьчихгүй юу. Тэгээд бүхий л асуудлыг нь шийдээд, тэнд хот байгуулж ч болно.

Хамгийн гол саад нь ус байх л даа. Гэхдээ бас ч гэж огт усгүй газар биш шүү дээ. Шийдэж болно. Ингэж л бид аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм. Түүнээс биш одоогийн байгаа шигээ хэдэн нооройсон тэмээ үзүүлээд, номхон морь унуулаад, явж явж ганц хад, нуур харуулдаг байвал сая жуулчнаа мөрөөдсөөр л сууна биз.

Ядаж л малчдаа, малаа, тэмээгээ брэнд болгоё л доо энэ чинь. Харин ойрноос нэг гэрэлтэй мэдээ дуулдаад байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол аялал жуулчлалын салбарыг түлхүү анхаарч ажиллахаар бодлого төлөвлөлтөө яриад байгаа. Казино энэ тэрээс авахуулаад аялал жуулчлалын том төвийг байгуулах талаар ч төлөвлөж байгаа юм билээ. Тиймээс ирэх дөрвөн жилд энэ салбарт жаахан нар тусах болов уу гэж найдаж байна.

Зураг