2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S26
22°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Орхон: Бид олон улсын зах зээл дээрх нэр хүнд, санхүүгийн чадавх, найдвартай байдлаа бататган харууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 23
Сурталчилгаа
Зураг

- Худалдаа, хөгжлийн банк нийтдээ таван удаагийн 1.0 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгосон тоо миний өмнө байна. Монгол Улсад өнөөдөр ингэж олон удаа олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргасан банк байтугай аж ахуйн нэгж байхгүй байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Худалдаа, хөгжлийн банк 2007 оноос хойш олон улсын хөрөнгийн зах зээл дээр нийтдээ 5-н удаагийн бондыг амжилттай арилжааллаа.

Манай улсын хувьд Засгийн газар болон Хөгжлийн банк бонд гаргаж байсан туршлагатай. Харин манай банкны хувьд анхдагч нь байгаад зогсохгүй бонд гаргаж арилжаалсан цорын ганц Монголын арилжааны банк хэвээр байна. Бондын санхүүжилтээр дамжуулан бид өнгөрсөн хугацаанд нийт 1.14 тэрбум ам.долларын эх үүсвэрийг татаж, харилцагчдынхаа бизнесийг тасралтгүй санхүүжүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархалтай байдаг.  

Таван удаа амжилттай бонд гаргасны цаана өмнөх бүх бондуудаа цаг хугацаанд нь амжилттай эргүүлэн төлсөн түүх, туршлагаас гадна Худалдаа, хөгжлийн банкинд итгэх итгэл, нэр хүнд, ашигт ажиллагаа болон амжилттай удирдлага зэрэг олон хүчин зүйлүүд ч мөн нөлөөтэй. Банк бонд гаргахдаа санхүүгийн болон хууль эрх зүйн олон үүрэг, хариуцлагыг өөртөө хүлээж байдаг.

Худалдаа, хөгжлийн банк аль ч гэрээ, хэлэлцээрт хүлээсэн үүргээ ямагт биелүүлсээр ирсэн нь энэ амжилтын бас нэг үндэс суурь нь гэж үзэж байна. Өнөөг хүртэл бид харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, өөрийн хүлээсэн аливаа үүргээ хариуцлагатайгаар биелүүлсээр ирснийг Та бүхэн бидний өмнөх туршлагаас харж байгаа байх.

- 2014 онд ХХБанк гурван жилийн хугацаатай 700 сая юанийн бонд арилжаалж байсан нь тун саяхан санагдаж байна. Энэ онд төлөх хугацаа нь болсон байна. Тийм үү?

- Тийм ээ, гурван жилийн өмнө гаргасан 700 сая юанийн бондыг 2017 оны 1-р сарын 20-ны өдөр бид өөрийн дотоод эх үүсвэрээрээ амжилттай төллөө. Ийнхүү анх бонд гаргаснаасаа хойш 4 дэх бондоо бид эргэн төлөх хугацаанд нь төлж, олон улсын зах зээл дээрх нэр хүнд, санхүүгийн чадавх, найдвартай байдлаа бататган харууллаа.

Энэ бондын тухайд гэвэл Хятадын оффшор бүсэд Монгол Улсаас гаргасан анхны бонд бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалтгүй компани гаргасан анхны тохиолдол байснаараа онцлогтой юм. Бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын сангууд, томоохон банкууд дийлэнх нь байсан. Эндээс хөрөнгө оруулагчдын дунд Худалдаа, хөгжлийн банкинд итгэх итгэл, банкны нэр хүнд өндөр байдгийг харж болно.

- Энэхүү бондын санхүүжилт Монгол Улсын эдийн засагт хэрхэн үр нөлөөгөө үзүүлсэн бэ?

- Бондоор санхүүжилт татахын хамгийн гол давуу тал нь хугацаа нь урт байдаг. Тухайлбал манай банк 3-5-н жилийн хугацаатай бондууд гаргасан. Хоёрт хүү харьцангуй бага байдаг. Өөрөөр хэлбэл, их хэмжээний санхүүжилтийг аливаа барьцаагүйгээр, өөрийн нэр хүнд, санхүүгийн чадавх, зээлжих зэрэглэл дээрээ үндэслэн таатай нөхцлөөр татах боломж юм. Энэ хэмжээгээрээ эргүүлээд бондоор татсан хөрөнгийг харилцагчиддаа зээл болгон олгохдоо бид илүү урт хугацаатай, бага хүүг санал болгож байна.

Мэдээж үүнээс гадна бусад эерэг нөлөө олон байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр буурсан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр хэмжээнд хүрсэн, өөрөөр хэлбэл Монгол Улсаас гадагшилж байгаа хөрөнгө, орж ирж буй хөрөнгөөс үлэмж хэмжээгээр их байсан үед орж ирсэн хөрөнгө тул Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой хадгалахад хувь нэмрээ оруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэсэн үг.

2014 онд гаргаж, сая хугацаандаа эргэн төлсөн 700 сая юанийн бонд болон манай банкны 2015 онд Засгийн газрын баталгаатай гаргасан бондын хувьд ч Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн, үзүүлж буй гол үр нөлөө нь энэ гэдгийг би тодотгон хэлмээр байна. Бид дээрх 2 бондын эх үүсвэрийг бүгдийг нь Монголбанкинд урт хугацааны своп хэлцлээр шууд арилжсан.

- Танай банк өрийн бичиг арилжих, хөрөнгө босгох талаар нэлээд туршлагатай боллоо. Ер нь Монголын арилжааны банкууд гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хэр байна вэ. Та бүхэн өөрийн энэхүү туршлагаа бусдад хуваалцаж болдоггүй юм  уу?

- Бид сүүлийн 10 жилд таван удаа бонд гаргаснаараа маш их туршлага хуримтлуулсан. Мэдээж хэрэг тодорхой шаардлагуудыг хангасан ямар ч байгууллага олон улсын зах зээлд бонд гаргахаар санал болгох, цаашлаад бонд гаргах бүрэн боломжтой.

Тухайн бонд гаргагчийн туршлага, олон улсын хөрөнгийн зах зээлд танигдсан байдал нь юуны өмнө нөлөөлөх боловч хамгийн гол хүчин зүйлийг эрсдлийн үнэлгээ гэж хэлэх байна. Тодруулбал, хөрөнгө оруулагчид бонд гаргаж буй компанийн болон тухайн улсын эдийн засгийн орчны эрсдлийг хэрхэн үнэлж байгаагаас маш их зүйл шалтгаалдаг.

Тийм учраас “Big 3” буюу “Том 3” гэгддэг Moody’s, Standard and Poor’s болон Fitch агентлагуудын тогтоосон зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд “Том 3”–аас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг удаа дараалан бууруулсан нь Засгийн газар гэлтгүй Монгол Улсын ямар ч компани бонд гаргахад тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Энд бага хүүтэй бонд гаргах боломж буурахаас эхлээд гаргахаар санал болгосон бонд амжилтгүй болох хүртэл эрсдэл багтана.

Үнэлгээний байгууллагуудын аргачлалын дагуу тухайн улсын засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь ерөнхийдөө тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани, банк, аж ахуйн нэгжүүдийн үнэлгээний тааз байх механизмтай байдаг тул Засгийн газрын үнэлгээ буурахад тухайн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж байгаа бүх компанийн үнэлгээг дагуулж бууруулдаг. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, эдийн засаг буцаж сэргэн Засгийн газрын бодлого, улс төрийн тогтвортой байдал, Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн тохиолдолд бусад банкууд бонд гаргах боломж илүү нээлттэй болно.

Бидний хувьд бол туршлагаа харамгүй хуваалцдаг. Ганцхан жишээ дурдъя. Монгол Улсын Засгийн газрын 2012 онд гаргасан Чингис бонд, үүний дараа 2015 онд гаргасан 1.0 тэрбум юанийн бонд мөн 2016 онд гаргасан 500 сая ам.долларын бондын төслүүдэд Худалдаа хөгжлийн банк зөвлөхийн үүрэгтэйгээр оролцож бондоо амжилттай гаргахад нь хувь нэмрээ оруулсан.

Бонд гаргахад олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж, маш их бэлтгэл ажил шаардагддаг. Мэдээж туршлага энэ бүх ажлыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх хөшүүрэг болдог. Энэ ч утгаараа бид бонд гаргахаар зорьж буй компаниудад зөвлөхөд ямагт бэлэн байдаг, зөвлөгөө өгч ч байгаа.

- Бонд арилжихаар хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалт (roadshow) хийх үед Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар тэд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

- Бид Монгол Улсаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, олон улсын зах зээлд танигдсан тоглогчдын нэг болсон. Бонд гаргах бүрт тухайн санал болгож буй бонд болон банкныхаа талаар мэдээлэл, сурталчилгааг хийх уулзалтууд, таны дурдсанчлан roadshow уулзалт, танилцуулгуудыг Хонконг, Сингапур, Лондон, Бостон, Нью-Йорк болон дэлхийн санхүүгийн бусад гол хотуудад хийж, томоохон хөрөнгө оруулагчид, тэр дундаа дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын сангууд, томоохон арилжааны банкууд, олон тэрбум ам.доллар тэр байтугай их наядаар хэмжигдэх ам.долларын хөрөнгийг удирддаг Asset Managers буюу хөрөнгийн удирдлагын компаниуд, бусад хөрөнгө оруулагчидтай уулзалт хийдэг.

Эдгээр хөрөнгө оруулагчийн хувьд мэдээж хэрэг манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд, үйл ажиллагаа, удирдлагын чадавх, чадамжаас гадна улс орны макро эдийн засгийн хүчин зүйлүүдийг маш их анхаарч үздэг. Тэр дундаа Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх, бидний ярьдаг мега төслүүд, нөгөө Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн эргэн тойронд өрнөж байгаа үйл явц, эдгээр том төслөө Засгийн газар хэр дэмжиж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй хэвийн үйл ажиллагааг явуулж байгаа эсэх, улсын бодлогын залгамж халаа чанар, тогтвортой байдлыг чухалчилж үздэг.

Үүн дээр нэмээд манай улсын гадаад хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлага, энэ тал дээр баримталж буй  бодлого, улсын төсөв, санхүүгээ хэрхэн удирдаж байгаа байдал, төсвийн бодлого, мөнгөний бодлогоо хэрхэн үр ашигтай хэрэгжүүлж байна гэхчлэн олон талын хүчин зүйлсээс хамаарч шийдвэрээ гаргадаг.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй эрсдэлтэй гэж үзэж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ удаа дараа буурсан явдал, эргэн төлөлт хийх хугацаа нь дөхөж буй Засгийн газрын болон Хөгжлийн банкны томоохон дүнтэй төлбөрүүдтэй холбоотой үүсэж болзошгүй эрсдлээс шалтгаалж байна гэж харагдаж байна.

- Иргэд бонд гаргахад өр зээл тавьлаа гээд нэг их сайшааж ханддаггүй. Та энэ талаар мэдээлэл өгөх үү?

- Бондыг өр гэж ойлгодог сөрөг хандлага нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг нь анзаарагддаг. Үүнийг эерэг талаас нь хараасай гэж хүсч байна. Тухайлбал, арилжааны банкны явуулдаг бизнес бол иргэдийн гар дээрх мөнгөн хөрөнгөнд хүүгийн орлого олох боломжийг бүрдүүлэн хадгаламж болон бусад хэлбэрээр төвлөрүүлж, санхүүжилт шаардлагатай байгаа харилцагчиддаа зээл болон бусад хэлбэрийн санхүүжилт олгож, бизнесээ тасралтгүй явуулах, өргөжүүлэн тэлэх боломжийг нь олгож байдаг.

Хадгаламж ихэвчлэн нэг жил хүртэл хугацаатай байдаг бол банкнаас зээл хүсч буй харилцагчдын хэрэгцээ хамгийн багадаа нэг жил, түүнээс урт гурав, тав, 10 жил байдаг.

Гэтэл хадгаламж эзэмшигчдийн маань банкинд байршуулж байгаа хадгаламж ихэвчлэн 1 жил хүртэл хугацаатай байдаг бол банкнаас зээл хүсч буй харилцагчдын хэрэгцээ хамгийн багадаа 1 жил, түүнээс урт 3, 5, 10 жил байдаг. Эндээс арилжааны банкуудын 1 жилийн хугацаатай татсан хадгаламжийн хөрөнгөөр 3-н жилийн хугацаатай зээлийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Нөгөө талаас манай улсад хадгаламжийн хүү харьцангуй өндөр, тухайлбал 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар жилийн 16.0% байна. Ийм өндөр зардалтайгаар эх үүсвэрээ бүрдүүлж байгаа арилжааны банкуудын зээлийн хүү нь хадгаламжид төлж байгаа хүүн дээр үйл ажиллагааны зардал, эрсдэл зэрэг зардлуудаа нэмээд өндөр тогтохоос өөр аргагүй болдог. Иймд хугацаа урт, хүү багатай зээл харилцагчиддаа санал болгох боломжийг бондын эх үүсвэр олгодог. 

Иргэдийн хадгаламж ч бай, өрийн бичиг, бонд ч бай аливаа эх үүсвэрийг зөв, зохистой байршуулж, үр ашигтай, төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгө болон бизнесийн туршлагатай, хариуцлагатай аж ахуйн нэгжүүд, иргэдэд зээл олгосноор цаг хугацаанд нь төлж болдог гэдгийг бид олон удаа баталж чадлаа. Арилжааны банк бол санхүүгийн зуучлалын мэргэжлийн байгууллага бөгөөд олон улсын стандартыг бизнес, засаглал, эрсдлийн удирдлага, мэдээллийн технологи зэрэг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр мэргэжлийн боловсон хүчинтэйгээр ажилладаг тул бондыг өр биш өгөөж болгож чаддаг.

- Бонд гэхээр иргэд хангалттай ойлголтгүй болохоор цааргалж, нэг их ойшоож үздэггүй байх талтай. Та маш энгийнээр бондын ач холбогдлын талаар жишээ дурдан тайлбарлаж өгөхгүй юу?

- Миний өмнө дурдсанчлан, бондын санхүүжилт олон талын ач холбогдолтой боловч хамгийн гол зүйл нь харилцагч бизнесийн байгууллагууд, иргэдэд хугацаа урт, хүү харьцангуй багатай зээл олгох боломжийг банкинд олгодгоороо хамгийн гол давуу талтай.

Өөр нэг чухал ач холбогдол нь, Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, экспортын голлох түүхий эдүүдийн үнэ ханш олон улсын зах зээлд буурсан зэргээс шалтгаалж улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр хэмжээнд хүрсэн, эдийн засгийн өсөлт саарсан цаг үе болох 2014, 2015 онуудад Худалдаа, хөгжлийн банк 700 сая юанийн, 500 сая ам.долларын бондуудыг амжилттай арилжаалсан нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Нөгөө талаас бид иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудад шаардлагатай санхүүжилтийг тасралтгүй олгох замаар эдийн засгийн эргэлтэд томоохон дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн, бонд гаргах үйл явц өөрөө томоохон хөрөнгө оруулагчдад өөрийн банк, улс орны талаар, үнэн зөв, тухайн цаг үеийн шинэ мэдээллийг өгч байдгаараа Монгол Улсын талаар эерэг сурталчилгаа болж байдаг гэж хэлж болно.

Бид таван удаагийн бондоо амжилттай арилжаалж, бонд бүрээ цаг хугацаанд нь эргүүлэн төлж чадаж байгаа нь гадаад зах зээлд Монгол Улсын талаар эерэг сурталчилгаа болж байгаа юм.

Энэ нь мэдээж хэрэг эргээд зөвхөн Худалдаа, хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар гэлтгүй манай улсын өөр бусад банк, компаниудад олон улсын зах зээлд бонд гаргах замыг нээж өгч байгаа, бонд гаргахаар сонирхож буй бүхий л компаниудын ажлыг хөнгөвчилж, амжилтын үндэс болж байгаа хэрэг юм.

- Таны сая дурдсан 2015 онд гаргасан 500 сая ам.долларын бондод Засгийн газар баталгаа гаргасан. Засгийн газар яагаад Худалдаа, хөгжлийн банкны бондод баталгаа гаргасан бэ гэдэг асуулт үргэлж байдаг, цаашлаад Засгийн газар баталгаа гаргаснаараа Засгийн газрын өрийг нэмэгдүүлж байгаа эсэхт тайлбар өгөх үү?

- Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргах харилцааг тодорхой хуульчлаад өгчихсөн байгаа. Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зохицуулагддаг процесс. Энэ хуулийн дагуу Монгол улсын ямар ч банк, аж ахуйн нэгж Засгийн газраар баталгаа гаргуулах эрхтэй. Гэхдээ мэдээж тодорхой шаардлага, шалгуурууд бий. Арилжааны банкны хувьд Засгийн газраар баталгаа гаргуулахын тулд зөвхөн Засгийн газраас өмнө нь үүссэн авлагатай байх тохиолдолд түүнийгээ барьцаалж гаргуулж болдог хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гаргасан дотоодын бонд буюу үнэт цаасыг эзэмшигч аж ахуйн нэгжүүд Засгийн газрын баталгааг гаргуулж болдог.

Энэ хуулийн дагуу, тухайн үед Худалдаа, хөгжлийн банк 1.0 их наяд гаруй төгрөгийн Засгийн газрын дотоодын бондыг эзэмшиж байсан учраас Засгийн газраас авах уг авлагаа барьцаалж, баталгаа гаргуулсан.

Засгийн газрын өрийн таазанд орж тооцогдох тухайд гэвэл Засгийн газрын нэгэнт өмнө гаргачихсан байгаа өрийг барьцаалж гаргаж байгаа баталгаа тул шинээр өр гэж тооцогддоггүй. Ингэхээр Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Засгийн газрын бондыг эзэмшигч ямар ч аж ахуйн нэгжид энэ боломж нээлттэй.

- Засгийн газрын бондоор татсан хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэх мэт яриа, шүүмжлэл сонсогддог. Худалдаа хөгжлийн банкинд ийм асуудал үүсдэггүй юу?  1.0 тэрбум гаруй ам.доллар бол нэг аж ахуйн нэгжийн хувьд байтугай, манай улсын хувьд ч томоохонд тооцогдох дүнтэй хөрөнгө.

- Бид нэгэнт туршлагажсан, чаддаг зүйлээ хийж байгаа мэргэжлийн байгууллага. Үнэхээр ч таны хэлсэнчлэн ийм томоохон дүнтэй хөрөнгийг буруу зарцуулвал, бондоо эргэн төлөх хугацаа нь болоход яах вэ гэдэг эрсдэл үүснэ.

Харин бидний хувьд бондын хөрөнгөө үр ашиггүй зарцуулж байгаагүй гэдгийг гаргасан бонд бүрээ ийнхүү амжилттай эргэн төлдөгөөс харж болно. Нэг дор ороод ирсэн их мөнгөөр, одоо юу хийх вэ гэдэг асуудал бидэнд тулгарч байгаагүй. Бүгдийг урьдчилж тооцоолсон, үр ашигтай зарцуулалтыг тодорхой төлөвлөсөн байдаг.

Нөгөө талаас манай улс шиг хөгжиж буй орны хувьд, шинээр томоохон төсөл, бүтээн байгуулалт, бизнес эхлүүлэх хэрэгцээ мундахгүй. Зөвхөн шинэ ч гэлтгүй, хуучин бизнесээ ч мөн өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэх хэрэгцээ байнга байдгаас зээлийн эрэлт үргэлж өсөн нэмэгдэж байдаг.

Арилжааны банкууд өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хангаж байж, улс орны хөгжил цаашаа явна, эдийн засаг өснө.

Энэ ч утгаараа Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн голлох бүх секторт үйл ажиллагаа явуулж байгаа том, жижиг, дунд олон харилцагчдынхаа бизнесийг тасралтгүй санхүүжүүлсээр ирсэн. Би дээр хэлсэнчлэн бид бондыг өр биш өгөөж болгодог банк.

Монгол Улсын валютын цэвэр нөөцөд нөлөөлөхгүйгээр төлбөрөө хийсэн. 

- Сая танайх бондоо төлөхөд хүндрэлтэй байв уу. Худалдаа, хөгжлийн банкны санхүүгийн байдал ямар байгаа вэ?

- Бид өнгөрсөн долоо хоногт 700 сая юанийн бондоо өөрийн хуримтлуулсан эх үүсвэрээрээ бүрэн төллөө. Ямар нэгэн дахин санхүүжилт хийгээгүйгээс гадна Монголбанктай хийсэн байсан своп хэлцлээ хэвээр нь үлдээж, цэвэр өөрийн гадаад эх үүсвэрээс шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын валютын цэвэр нөөцөд нөлөөлөхгүйгээр төлбөрөө хийсэн гэсэн үг. Манай банкны хувьд санхүүгийн байдал, хөрвөх чадвар маш сайн байгаа бөгөөд 2020 он хүртэл аливаа бонд болон олон улсаас татсан их хэмжээний төлбөр байхгүй байгаа.

Хэрэв 2017 онд түүхий эдийн үнэ энэ хэмжээндээ хадгалагдаж, манай улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, экспортод эерэгээр нөлөөлж, эдийн засаг дахин сэргэх хандлагатай байвал Худалдаа, хөгжлийн банкинд аж ахуйн нэгж, иргэддээ олгох зээлийн сул чөлөөтэй эх үүсвэр хангалттай байгааг дурьдмаар байна.

Мөн энэхүү эерэг хандлага нь Монгол Улсын маань зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол дахин сэргэсэн тохиолдолд Худалдаа, хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин бонд гаргасан анхдагч нь болох болно.

Цаашид Худалдаа, хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр бий болгосон өндөр нэр хүнд, өргөн их туршлага дээрээ үндэслэн олон удаа хөрөнгө босгож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж явах болно.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.

 

Ярилцсан: А.Хулан

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x