Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтантулга: Хүүхдийн мөнгийг энэ сард амжихгүй бол ирэх сарын эхээр олгож эхэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
 

Хүүхдийн мөнгө хэзээнээс олгогдож эхлэх нь тодорхойгүй байгаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.  

-Хүүхдийн мөнгө олгох асуудлыг танай яам хариуцахаар болсон. Хэзээнээс энэ мөнгө олгогдож эхлэх үү. Энэ сардаа багтах уу?  

-Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын чуулганаар 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийг баталсан. 

Үүний дагуу "Хүний хөгжил, сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай" 2012 оны 70 дугаар тогтоол хүчингүй болж хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх болсонтой уялдуулж Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газраас баталсан.

2016 оны байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэг сая 25 мянган хүүхэд хамрагдсан. Нийт хүүхдийн 60 хувьд нь буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 502.567 гэсэн босго онооноос доогуур зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд бэлэн мөнгөөр олгоно

Харин үлдсэн 400 гаруй мянган хүүхдийн мөнгийг бэлэн бусаар банканд байршуулж 2019 оноос нөхөж олгох юм

2017 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө энэ сарын сүүлээр амжихгүй бол ирэх сарын эхэн гэхэд орно. Харин хоёрдугаар сараас эхлээд сар бүрийн 20-ны өдрийн дотор орох болно.

-Амьжиргааны түвшинг харгалзан хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийдэж байгаа. Тэгвэл тухайн иргэн хүүхдийн мөнгө авах эсэхээ хэрхэн мэдэх вэ? 

-Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах, эсхүл http://check.hudulmur-halamj.gov.mn/ хаягаар орж бэлэн болон бэлэн бусаар авах эсэхээ нягтлах боломжтой юм.

-Хүүхдийн мөнгө авах бол хаана яаж бүртгүүлэх вэ?

-Оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан юуны түрүүнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан эсэхээ тодруулж, хэрэв хамрагдсан бол өрхийн оноо нь 502.567 гэсэн онооноос дээш эсхүл доош байгааг шалгуулна.

Хэрэв хамрагдаагүй бол хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Түүнчлэн одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа иргэдийн тухайд заавал дахин банканд очиж хүсэлт гаргах шаардлагагүй

-Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ? 

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг огт авч байгаагүй иргэдийн тухайд эхлээд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдахын тулд сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж хүсэлтээ өгч судалгаанд хамрагдсан байх шаардлагатай. Өрхийн оноогоо бодуулсны дараа аль нэг банканд хүүхдийн нэр дээр данс нээлгэнэ. 

-Дүүрэг хороогоор нь харгалзуулан үйлчлүүлэх банкийг нь зааж өгдөг байсан. Харин одоо хүүхдийн мөнгө авах банкаа тухайн иргэн өөрөө сонгож болно гэсэн үг үү?

-Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арилжааны 12 банкаар дамжуулан чирэгдэлгүй, хүнд сурталгүйгээр иргэдэд олгож байна

-Нийт хүүхдийн 40 хувь нь 2019 оноос хүүхдийн мөнгө авч эхэлнэ гэсэн. Тэдгээр хүүхдүүд ч гэсэн одоо аль нэг банк сонгоод бүртгүүлэх ёстой юу? 

-Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд орчихсон бол дахиж бүртгүүлэх шаардлагагүй. Монголбанк болон Сангийн яаманд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бэлэн болон бэлэн бусаар авах хүүхдийн нэрсийг сар бүр хүргүүлж байна.

2016 оны долоодугаар сараас хойш хүүхдийн мөнгө нь орохгүй байгаа хүүхдүүд буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь тухайн өрхийн оноо нь 502.567 гэсэн  онооноос дээш байгаа өрхийн хүүхдийн мөнгийг 2019 оноос нөхөж олгоно.