Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол Улсыг илэрхийлэх 10 ТОО

Ч.Болортуяа
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын 2016 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг илэрхийлэх статистикийг танилцуулаад байна. Нийт 33 хуудас статистикаас бид Монгол Улсыг илэрхийлэх ерөнхий 10 үзүүлэлтийг танилцуулж байгаа юм. 

НЭГ. ХҮН АМЫН ЦЭВЭР ӨСӨЛТ 1.6 ПУНКТЭЭР БУУРАВ
 

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

2015 оны нэгдүгээр сард Монголчууд гурван сая дахь иргэнээ бахархалтайгаар хүлээн авсан билээ. Тэгвэл 2016 оны эцэст урьдчилсан дүнгээр Монгол Улсын хүн ам 3120.9 мянга болж, өмнөх оноос 63.2 (2.1 %) мянган хүнээр өслөө. 

Улсын хэмжээнд 2016 онд 79,382 хүүхэд төрсний (98.5%) нь Монгол Улсад, 1,188 (1.5%) нь гадаадад төрсөн байна.

1,000 хүнд ногдох төрөлт 2016 оны эцэст 25.4, нас баралт 5.2, хүн амын ердийн цэвэр өсөлт 20.2 байгаа юм. 

Төрөлтийн түвшин 2016 онд өмнөх оноос 1.9 пункт, нас баралтынх 0.3 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.6 пунктээр буурчээ.

График 1, 1,000 хүнд ногдох төрөлт, нас баралт, ердийн цэвэр өсөлт, жил бүрийн эцсийн байдлаар (2013-2016)


ХОЁР.  Монголд 100 мянга орчим өрх толгойсон эцэг, эх байна

Монгол Улсад өнчин хүүхэд улсын хэмжээнд 2016 онд 37.2 мянга байна. Үүний 3.5 мянга (9.5%) нь бүтэн өнчин хүүхэд, 33.7 мянга (90.5%) нь хагас өнчин хүүхэд байгаа юм. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд 2016 онд 304 (7.9%)-ooр, хагас өнчин хүүхэд 380 (1.1 %)-аар буурчээ. 

График 2,  Бүтэн, хагас өнчин хүүхэд 

Эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 2016 онд 14, байгалийн гамшигт өртсөн хүүхэд 68, амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд 28, садар самуун, хүчирхийлэлд өртсөн хүүхэд 165, зам тээврийн осолд өртсөн хүүхэд 313, ахуйн осолд өртсөн хүүхэд 304 байна. 

Өрх толгойлсон эх 2016 онд 77.7 мянга болж, өмнөх оноос 889 (1.1%), өрх толгойлсон эцэг 20.6 мянга болж, өмнөх оноос 163 (0.8%)-аар буурчээ. Үүнээс үзвэл 2016 оны байдлаар Монголд 100 мянга орчим өрх толгойсон эцэг, эх байна.  

Өрх толгойлсон эхчүүдийн:

  • 45.3 (58.3%) мянга нь 3 хүртэлх, 
  • 25.9 мянга (33.4%) нь 3-5 хүртэлх, 
  • 6.5 (8.3%) мянга нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

График 3,  Өрх толгойлсон эх, өрхийн гишүүдийн тоогоор

Мөн улсын хэмжээнд 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрх 36.3 мянга болж, өмнөх оноос 230 (0.6%) өрхөөр нэмэгджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2016 онд 101.0 мянга болж, өмнөх оноос 737 (0.7%)-гоор буурчээ.
 

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АЛЬ НЭГ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ХАМРАГДАЖ БАЙНА
 

 

Бүх шатны сургуульд суралцагчид 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд 992.6 мянга болж, өмнөх оноос 26.8 (2.8%) мянгаар нэмэгджээ.  Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 1,354 цэцэрлэгт 243.4 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 66 (5.1%)-гаар, хүүхдийн тоо 18.0 (8.0%) мянгаар өссөн байна.  Цэцэрлэгийн бүлэг 7,492 болж, өмнөх оноос 459 (6.5%)-ooр нэмэгдлээ.

Ерөнхий боловсролын 778 сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 552.0 мянган сурагч өдрөөр суралцаж байгаа нь өмнөх оноос сургуулийн тоо 10 (1.3%)-аар, суралцагчид 16.9 (3.2%) мянгаар өсөв. 

Нийт суралцагчдын:

  • 288.4 (52.3%) мянга нь 1-5 дугаар ангид, 
  • 167.4 (30.3%) мянга нь 6-9 дүгээр ангид, 
  • 96.2 (17.4) мянга нь 10-12 дугаар ангид суралцаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчид 2016 - 2017 оны хичээлийн жилд 62.0 мянга болж, өмнөх оноос 3.2 (4.9%) мянган хүүхдээр буурчээ. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд нийт 34.6 мянган сурагч амьдарч байгаагийн 17.9 (51.7%) мянга нь эмэгтэй, 25.2 (72.8%) мянга нь малчдын хүүхэд байна.

2016-2017 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮ)-ийн 86 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 36 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСТ-ийн 52 нь бие даасан, 18 нь коллежийн, долоо нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. МСТ-д суралцагч 2016-2017 оны хичээлийн жилд 40.1 мянга болж, өмнөх оноос 2.6 (6.1%) мянгаар буурчээ.

2016-2017 оны хичээлийн жилд нийт 95 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 17 нь төрийн өмчийн, 74 нь төрийн бус өмчийн, 4 нь гадаадын их сургуулийн салбар байна.

Улаанбаатар хотод 87, хөдөө орон нутагт 8 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.

Их, дээд сургууль, коллежид суралцагчид 157.1 мянга болж, өмнөх оноос 5.5 (3.4%) мянгаар буурсан байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 133.2 (84.8%) мянга нь бакалаврын түвшний сургалтанд хамрагдаж байна.

График 4, Бүх шатны сургуульд суралцагчид, хичээлийн жилийн эхэнд


ДӨРӨВ. ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГЧИД 17.3 ХУВИАР НЭМЭГДЭВ

 

Нялхсын эндэгдэл улсын хэмжээгээр 2016 онд 1,315 болж, өмнөх оноос 81 (6.6%)-ээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,628 болж, өмнөх оноос 152 (10.3%)-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлон нөлөөлжээ.

1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 онд 16.8 болж, өмнөх оноос 1.5 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.8 болж, өмнөх оноос 2.5 пунктээр өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 онд 69,663 болж, өмнөх оноос 10,263 (17.3%)-аар нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчид 326 (36.5%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 1,485 (19.3%)-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 601 (12.1%)-ээр, сүрьеэгээр өвчлөгчид 225 (5.3%)-аар мөөгөнцөрөөр өвчлөгчид 311 (18.2%)-ээр буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчид 1,210 (21.5%)-аар, трихомониазаар өвчлөгчид 333 (8.2%)-аар, улаанбурханаар өвчлөгчид 6,809 (29.0%)-ooр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 4,045 (3.7 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2016 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 6 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 225 болсон байна.

ТАВ. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ ДОЛООН ХУВИАР ӨСЧЭЭ
 

 

 

Улсын хэмжээгээр 2016 онд 27,167 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос гэмт хэрэг  590 (2.1 %)-ээр буурсныг илтгэж байна.

18 түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 онд улсын дунджаар 139 болж, өмнөх оноос 2 (1.4 %)-оор буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 онд 162.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 44.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 18.6 (12.9 %) тэрбум төгрөгөөр өсч, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.0 (10.3 %) тэрбум төгрөгөөр буурчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1,449 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 93 (6.9%)- аар өссөн байна. 

График 5, Бүртгэгдсэн гэмт хэрэг, учирсан хохирол, нөхөн төлүүлэлт (сараар)

ЗУРГАА. УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГЫН 85.4 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА
 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5852.1 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9519.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3667.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Татварын нийт орлого 4996.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 122.1 (2.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Татвар буурах шалтгаан нь нийгмийн даатгалын орлого 157.8 (15.5%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 93.5 (8.9%) тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 34.6 (5.8%) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 283.1 (32.6%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 149.8 (12.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. 

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.4 хувийг татварын орлого эзэлж байна. 14.6 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оноос татварын орлого 0.2 пунктээр буурч, татварын бус орлого 0.2 пунктээр өсчээ. 

График 6, Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцэл


 

ДОЛОО. 34 МЯНГАН КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТҮР ЗОГСООЖЭЭ

 

Статистикийн бизнес регистрийн санд 2016 оны эцэст 141.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 72.2 (51.0%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.  

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын:

  1. 46.2 (63.9%) мянга нь Улаанбаатар хотод, 
  2. 8.5 (11.8%) мянга нь Төвийн бүс, 
  3. 7.9 (11.0%) мянга нь  Хангайн бүс, 
  4. 6.5 (9.0%) мянга нь Баруун бүс, 
  5. 3.1 (4.3%) мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна. 

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын:

  • 84.1 хувь нь 1-9 ажиллагчидтай, 
  • 7.0 хувь нь 10-19 ажиллагчидтай, 
  • 5.5 хувь нь 20-49 ажиллагчидтай, 
  • 3.4 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

График 7, Компаниудын ажилчдын тоо, 

Үйл ажиллагаа явуулаагүй 69.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын:

  • 30.5 (44.1) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 
  • 34.7 (50.0%) мянга нь түр зогсоосон, 
  • 1.5 (2.2%) мянга нь бүрэн зогсоосон, 
  • 2.6 (3.7%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

Үйл ажиллагаагаа эхлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын эзлэх хувь өмнөх оноос 10.1 пунктээр нэмэгдэж, түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагынх 8.9 пунктээр, бүрэн зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагынх 0.4 пунктээр, бусад (хаяг тодорхойгүй, олдохгүй гэх мэт) аж ахуйн нэгж, байгууллага 0.9 пунктээр буурчээ.

НАЙМ. ИМПОРТ БУУРЧ, ЭКСПОРТ ӨСӨВ

 

Монгол Улс 2016 онд дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдаа хийжээ. Нийт бараа эргэлт 8275.3 сая америк доллар, үүнээс экспорт 4917.3 сая америк доллар, импорт 3357.9 сая америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 191.5 (2.3%) сая америк доллар, үүнээс импорт 439.6 (11.6%) сая америк доллараар буурчээ. Харин экспорт 248.1 (5.3%) сая америк доллараар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2015 онд 871.8 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2016 онд өмнөх оноос 687.6 сая америк доллараар нэмэгдэж, 1559.4 сая америк долларт хүрчээ.

Экспорт 2016 онд өмнөх оноос 248.1 (5.3%) сая америк доллараар өсөхөд:

эрдэс бүтээгдэхүүний экспорт 194.3 сая америк доллар, үүнээс зэсийн баяжмал 672.5 сая америк доллар, боловсруулаагүй нефть 50.0 сая америк доллараар буурсан хэдий ч үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт 340.1 сая америк доллар, нүүрсний экспорт 417.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оноос 439.6 (11.6%) сая америк доллараар буурахад:

  • эрдэс бүтээгдэхүүний импорт 212.2 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 121.8 сая америк доллар,
  • автобензин 81.0 сая америк доллараар,
  • үндсэн төмөрлөг бүтээгдэхүүн 161.1 сая америк доллар,
  • машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 105.1 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 86.3 хувийг эзэлж байгаа бол импортын 54.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

График 8, Гадаад худалдаа

ЕС. МОНГОЛ УЛС 61.5 сая малтай

 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээгээр 2016 оны эцэст 61549.2 мянган толгой мал тоологдлоо. 

Үүнээс:

  • 3635.5 мянган адуу, 
  • 4080.9 мянган үхэр, 
  • 401.3 мянган тэмээ, 
  • 27856.6 мянган хонь,
  • 25574.9 мянган ямаа тоологдов.

Малын нийт тоо өмнөх оноос 5569.5 мянга (9.9%), адуу 340.2 мянга (10.3%), үхэр 300.5 мянга (7.9%), тэмээ 33.4 мянга (9.1%), хонь 2913.5 мянга (11.7%), ямаа 1981.9 мянга (8.4%)-аар өслөө.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2016 оны эцэст 311.4 мянга байна.

16-34 насны малчид 34.8 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 55.3 хувь, тэтгэврийн насны малчид 9.9 хувийг эзэлж байна.

График 9, Малын тоо 


10. УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 20.5 ХУВИАР ӨСЧЭЭ

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр 9943.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 1231.4 (14.1%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оноос 20.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өмнөх оны мөн үеэс:

  • уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, цайрын баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, алт, нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт 8.3-46.7 хувь,
  • боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, цэвэр ус, шар айраг, цемент, шингэн сүү, архи, амтат ус, ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүн, хэвлэмэл хуванцар картууд, төмөр замын дэр мод зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-75.8 хувиар өссөн байна.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт молибдений баяжмал, газрын тос, хайлуур жонш, баяжмал, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.6-28.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, нарийн боов, ган төмөр хийц, шохой, зүсмэл материал, барилгын модон хаалга, цонх, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, металл бэлдэц, металл цувимал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-66.5 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2016 оны эцэст 11083.5 тэрбум төгрөгт хүрч, 6947.5 тэрбум төгрөг буюу 62.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

График 10, Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, дэд салбараар дүнд эзлэх хувиар