Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Удаан хугацаагаар суудаг хүмүүс түргэн хөгширдөгийг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өдөрт тогтмол олон цагаар сууж, бага хөдөлдөг хүмүүс түргэн хөгширдөг болохыг баталжээ.

Тодруулбал өдөрт 10-аас дээш цаг суудаг, дасгал хөдөлгөөн бага хийдэг хүний эд эс хугацаанаасаа өмнө хөгширдөг байна.

“American Journal of Epidemiology” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд өгүүлснээр Калифорний Сан Диего Их сургуулийн эрдэмтэд 64-95 насны 1,500 эмэгтэйг оролцуулсан судалгаа хийжээ.

Ингэхэд өдөрт 10 цагаас дээш суудаг, эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг 40 минут хүрэхгүй хугацаанд хийдэг эмэгтэйчүүдийн эд эс байнгын хөдөлгөөнтэй байдаг хүнийхээс биологийн найман насаар хөгшин байсан гэнэ.

Биологийн насны хувьд хөгшин эд эстэй эмэгтэйчүүд богино теломертэй байжээ. Теломер нь хүний ДНХ эрчлээсний үзүүрт оршдог ба хромосомуудыг элэгдлээс хамгаалдаг. Теломерийг ерөнхийдөө гуталны үдээсний хуванцар толгойтой зүйрлэдэг ба хөгшрөх тусам богиносож байдаг гэдэг.

Энэхүү теломер нь богиносоход янз бүрийн өвчлөл хүний биед бий болдог гэнэ.

Харин удаан суух зуршилтай ч өдөрт доод тал нь 30 минутын эрчимтэй дасгал хийдэг хүмүүсийн теломер богиносоогүй байжээ.

Тиймээс судлаачид дасгал, хөдөлгөөнийг хүмүүс 80 насалсан ч орхихгүй байхыг зөвлөсөн байна. Одоо тэд залуу хүмүүс болон эрчүүдэд дасгал хөдөлгөөн, суугаа ажлын нөлөө ямар байгааг үргэлжүүлэн судлахаар болжээ.

Олон цагаар суухад хүний бодисын солилцоо удааширдаг ба энэ нь цаашлаад цусан дахь чихрийн түвшин, цусны даралтыг зохицуулах, хоол боловсруулахад нөлөөлж өвчлөлд хүргэдэг.

Тиймээс хүн долоо хоногт доод тал нь 150 минутын дасгал хийж, зурагтны өмнө, ширээний ард, машин, автобусанд гэх мэт нийт суух хугацаагаа бага байлгах хэрэгтэйг зөвлөжээ.

 

Эх сурвалж: Independent