Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүү буурч 15% болов"

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс /НДҮЗ/ тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас /ЭМНДЕГ/ иргэдийн тэтгэврийг Хаан болон Төрийн банкаар дамжуулан олгодог байжээ.

Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон гэдгийг ХНХ-ын сайд хэллээ.

Өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болж буурсан

Тэрбээр,Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ.

Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг. Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян одоогоор хоёр айман, нэг дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь би тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд ч энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арижлааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн” гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн үед гэр бүлийнх нь эзэмшилд байдаг “МАК” компанитай холбоотой мэдээлэлд тайлбар хийлээ. Жиргээнд “МАК” компанийг гаднаас ажиллах хүч авчран, татварын хөнгөлөлтөд хамрагдсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар Н.Номтойбаяр сайд “Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагдсан. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарч байсан. Мөн 2015 онд 139 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан.  

Томоохон, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэтчилэн томоохон ажилд дотоодоосоо ажиллах хүч гаргах бололцоогүй үед нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг тогтолцоо үйлчлээд 16 жил болж байна.
Давхардсан тоогоор 200 орчим, давхардаагүй тоогоор 50-60 компани энэ хөнгөлөлтийг эдэлсэн байдаг. Зөвхөн сүүлийн 4-5 жилд гэхэд “Монполимэт”, “МАК”-аас гадна 20 компани хөнгөлөлт эдэлсэн.

Энэ процедур 16 жилийн хугацаанд яаж явсан гэхээр Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу тухай аж ахуйн нэгж шаардлага хангаж байгаа үед өөрсдөө хөдөлмөрийн асуудал хариуцсан яаманд хүсэлтээ гаргаад, тухайн хүсэлтийнх нь дагуу Засгийн газрын хуралдаанаар шийддэг.   

Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгсөн байгаа. Тэр нь “Монполимэт”, “МАК” компаниуд. Одоогоор давхардсан тоогоор 49 компани энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа.

Үүнтэй уялдуулаад өөр бусад хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар судалж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай тухайн үйлдвэр, төслөө хэрэгжиж эхний бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлэх хүртэл тодорхой хэмжээнд хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулдаг байх гэх мэтчилэн дэмжлэг, хөтөлбөрүүдийг судалж байгаа” гэв.

Нарийн мэргэжлийн ажилтан гаднаас оруулж ирсэн компаниуд гүйцэтгэлээрээ хөнгөлөлт эдэлдэг

Дээрх тайлбарыг хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.  

- Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулсан гэлээ. Энэ хоёр банктай ямар гэрээ хийж, ямар нөхцөлөөр бууруулж байгаа юм. Шат дараатай буурна гэсэн. Цаашдаа хэд хүртэл буурах боломжтой вэ?

-Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судал. Судлаад тодорхой шийдлийг танилцуул гэсэн. Үүний дагуу яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа.

Одоо тэтгэвэр авагчдын 91 хувь нь Төрийн банк, Хаан банкаар үйлчлүүлж байна. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол  урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, Хаан банкнаас шилжиж өөр банкийг сонгосон байгаа.

Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1-р зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна. Жишээ нь, Төрийн банк, Хаан банканд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан.

Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай маржинаа харилцан тохиролцоод 4 болвол 11 хувиар, 5 болвол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банканд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа. Хууль зөрчиж байгаа зүйл ерөөсөө байхгүй.

Тэглээ гээд зээлийн орлого буурсан уу гэвэл үгүй. 36 тэрбумаар нэмэгдсэн. Энэ сангийн орлогоос жилдээ дор хаяж 30 орчим тэрбум төгрөгийг орлогдох боломжтой гэж өнгөрсөн дөрвөн жилд хэлж байсан. Одоо тэрийг нөхөх шийдвэр гарсан.     

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүлээн авдаг. Тэгэхээр танд хамаарал бүхий компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм биш үү?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй.

Түүнээс биш “Монполимет” юм уу “МАК”-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан.

Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдуудаас саналаа аваад шийднэ. Яамдууд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг  судалж байгаа.       

-Та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн. Монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн сайд нь өнөөдөр хувийн компанидаа Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой вэ?

-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Шал өөр. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.

-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1,500 ажилтан байна гэхээр 15 дахин өссөн байна. Ингэж нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?

-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.

-МАК компани хөнгөлөлт эдэлж байгаа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хувьд хэр ёс зүйтэй асуудал вэ?

-Та нар өөрсдөө шүү.

-Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?   

-Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.

-Та тэгэхээр хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?

-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК орно.

-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа вэ?

-Гүйцэтгэлээрээ тооцдог юм.