Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

170 ЖИЛ АЖИЛЛАХ МОНГОЛ ҮЙЛДВЭР-1

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

~Өдрийн сурвалжлага~

“Монцемент” үйлдвэрийн гадаа буугаад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл “АСАР ТОМ”. “Монполимет” группийн Геологи, уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх биднийг буухад “Манай үйлдвэрт анх ирсэн хүмүүс томыг нь гайхдаг юм. Үнэндээ ийм том гэдгийг ирж байж л мэддэг” гэсэн нь ийнхүү нотлогдов.

Тэртээ 1976 онд Монгол орны газар бүрээс илгээлтээр ирсэн залуус зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотыг босгож байжээ. Тэгвэл Дорноговь аймгийн Өргөн суманд яг тэр үеийг санагдуулам бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.

Дорноговь аймгийн Сайншанд хотоос 55 км, Улаанбаатар хотоос 520 км-т орших “Сэнжит Худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн Монполимет групп “Монцемент” үйлдвэрийг 2015 оны наймдугаар сард ашиглалтад оруулсан билээ.

“Сэнжит Худаг” шохойн чулууны орд нь 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй, химийн найрлага, геологийн тогтоцоороо цементийн үйлдвэрлэлийн технологи, чанарын шаардлагад дээд зэргээр тохирсон орд юм.

Анх геологи, хайгуулын ажил явагдаж байхад хоосон талд хоёр гэр л баригдсан байсныг бодвол одоо халуун устай, дэд бүтэцтэй, төмөр замтай, ажилчидтай, үйлдвэрийн хүнгэнэх дуутай амьдрал буцалсан газар болжээ.

 

Улаанбаатар хотоос тус үйлдвэртэй танилцахаар гарсан миний хувьд бондын мөнгийг хэр үр ашигтай зарцуулсныг нүдээр үзэх зорилго өвөртөлж байсан юм. Гэхдээ очоод “Монцемент” үйлдвэрийг бүтээн байгуулах зардлын 25 хувийг бондоос, 33 хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас, 42 хувийг "Монполимет" групп санхүүжүүлснийг олж мэдэв. Хөгжлийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар цементийн үйлдвэрийн төсөлд 65 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Харин төслийн нийт зардал 260 сая ам доллар болсон аж.

Энэ утгаараа олон улстай хамтарсан, Монголын тал давамгайлсан бүтээн байгуулалт гэж хэлж болно. Мөн Монгол улсад хамгийн ашигтай байх нөхцлөөр гэрээ нь хийгдсэн тул Эрдэнэтийн дараа орох гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсан төсөл гэгддэг.

“Оюу толгой” цэнхэр, “Эрдэнэт” оюу ногоон өнгөөр үйлдвэрийн гадна фасадыг хийсэн байдаг бол “Монцемент” цайвар ногоон өнгөөр хийжээ. Үйлдвэр үндсэндээ түлш түүхий эд бэлтгэх хэсэг, чулуунцар үйлдвэрлэлийн хэсэг, цемент үйлдвэрлэл, борлуулалтын хэсэг, савлах хэсэг, оффис, лабораториос бүрдэнэ. Харин үйлдвэрээс хоёр км орчимд ажилчдын орон сууцны хотхон бий.

ХӨГЖЛИЙН ТАЛХ-ТЭМЭЭТЭЙ ЦЕМЕНТ
 

Тэмээний зурагтай ногоон, хөх, улаан шуудайнд 50 кг-аар савлаж хийсэн цементүүд бол “Монцемент” үйлдвэрийн гол бүтээгдэхүүн. Цемент бол улс орны хөгжлийн талх буюу стратегийн өндөр ач холбогдолтой эд. 

Ялангуяа барилгажилт, дэд бүтцийн хөгжил ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед өсөн нэмэгдэх цементийн хэрэглээг урд хөршөөс их хэмжээгээр импортлох нь эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлнө.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн импортыг орлож байгаа тухай “Монполимет” группийн Геологи, уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх “Хөгжингүй улс орнуудын жишгээр Монголд улсад цаашид хийгдэх дэд бүтцийн ажлууд их байна. Мөн уул уурхайн томоохон бүтээн байгуулалтуудад цементийн хэрэгцээ их чухал.

 

Өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг манай үйлдвэр дотоодоосоо хангах зорилготой. Бид хуурай аргаар жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар бид дотоодын эрэлтээс шалтгаалж 200 мянган тонн цемент нэг жилд үйлдвэрлэж байгаа.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл төслийн дэд бүтэц болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулагдсан.

Цемент болон металлург бол хөгжингүй улс орнуудын стратегийн салбар байдаг. Ямар ч улс орнуудын хөгжлийг цементийн үйлдвэр чиглүүлж, тодорхойлж байдаг. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн зуун хувь дотоодын зах зээлд амжилттай борлуулагдаж байна” хэмээн үйлдвэрээ танилцуулах явцдаа ярив.

 

Бидний харж буй энэ төмөр зам нь Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замтай холбогдсон тул үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн вагон вагоноор хэрэглэгчдийн гар дээр очно.

Төмөр зам барих ажлыг мөн л “Монцемент” төслийн хүрээнд хийжээ.

ЕХАБ ДЕВИДОР: хөгжиж буй улс орнууд үндэсний бүтээн байгуулалтаа маш их дэмждэг
 

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас тус төслийн санхүүжилтийн дийлэнх хувийг гаргасан тул гадны өндөр боловсролтой, туршлагатай экспертүүдийг ажиллуулдаг аж. Угаасаа ийм том үйлдвэрийг тэдний тусламжгүйгээр ганцхан жилийн дотор барина гэдэг бэрх.

Египет улсаас ирсэн Ехаб Девидор бол “Монцемент” үйлдвэрийн даргаар ажиллаж буй гадны эксперт. Тэрбээр өмнө нь долоон улсад цементийн үйлдвэр байгуулж, ажиллагааг нь жигдрүүлэн орон нутгийнханд хүлээлгэн өгсөн туршлагатай.

Ехаб Девидор “Төсөл амжилттай хэрэгжиж байгаа ч хэрэгжилтийн явцад зарим бэрхшээл тулгарч байна. Тухайлбал хөрөнгө оруулалтын хууль, импортын татварын зөрчил зэрэг нь манай төслийн явцад сөргөөр нөлөөлдөг. Бизнесийг амжилттай явуулахын тулд хөрөнгө оруулалтын орчинг таатай бүрдүүлэх нь чухал.

Миний өмнө нь ажиллаж байсан хөгжиж буй улс орнууд үндэсний бүтээн байгуулалтаа маш их дэмждэг. Тухайлбал эхний арван жил татвараас хүртэл чөлөөлөх арга хэмжээ авч байсан.

“Монцемент” төслийн хувьд нийт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ид үед 1,000 гаруй хүн ажиллуулсан. Үүний 40 гаруй хувь нь орон нутгийн иргэд байдаг. Цаашид тогтмол ажиллах боловсон хүчнүүддээ ч мөн адил энэ зарчмыг баримтална” гэв.

Бидний яриа үйлдвэрийн зүрх болсон өрөөнд үргэлжлэв. Энд өндөр мэргэшсэн залуучууд үйлдвэрийн автомат ажиллагааг 30 гаруй дэлгэцнээс шууд хянаж байдаг.

Үргэлжлэл бий#

Бид дараагийн нийтлэлээрээ "Монцемент" үйлдвэрийн эко технологи, хүний нөөцийн бодлогын талаар хүргэх болно.

170 ЖИЛ АЖИЛЛАХ МОНГОЛ ҮЙЛДВЭР-2 нийтлэл.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.