Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШИЛТ: Баянхошуунд амьдарч буй иргэн ГЭРТЭЭ ГАДАА БАЙГААГААС ИЛҮҮ ХОРДОЖ БАЙНА

Б.Дөлгөөн
2017 оны 1 сарын 12
iKon.MN

- УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ - 

iKon.mn “Ногоон Титэм” байгаль орчны шинжилгээний лабораторийн хийсэн "БИД АВТОМАШИНД ЯВЖ БАЙХДАА SO2, NO2 –Т ХЭРХЭН ӨРТДӨГ ВЭ?" туршилтын үр дүнг танилцуулсан билээ.

Тэгвэл энэ удаад тус лаборатори гадна орчин, гал түлдэг дотор орчин, цахилгаан халаагууртай дотор орчны агаар дахь SO2, NO2-ын хэмжээг харьцуулан судалжээ.

Судалгааны зорилго нь байнга гэртээ байдаг иргэд буюу өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нярай хүүхдүүдэд дотоод орчны агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа, хэр хэмжээний SO2, NO2-ыг өдөр тутам биедээ авч байгааг харуулах ажээ.

Туршилтыг Баянхошуунд байрлах хоёр өрөө байшинтай айлыг сонгон, арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 2-ны хооронд явуулж, гурван цаг тутамд агаарын найрлага хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан байна. Туршилт явуулсан тухайн айл гал тогоондоо гал түлдэг ба том өрөөндөө цахилгаан халаагуур хэрэглэдэг. 

 
 

Галладаг өрөө болон цахилгаан халаагууртай өрөөн дэх SO2, NO2-ын хэмжээг Баянхошууны тойрог дахь агаарын чанарын станц дээрх бохирдлын хэмжээтэй харьцуулан графикаар харуулбал, 

Жич:

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

- Уг дүрслэл десктоп компьютер дээр нийцтэй харагдана.

Туршилтын үр дүнгийн талаар “Ногоон Титэм” лабораторийн захирал, судлаач Б.Алтангэрэл "Галладаг өрөөний агаар дахь SO2, NO2-ын хэмжээ Баянхошууны тойрог дахь агаарын чанарын станц дээрх гадна агаарын хэмжилттэй харьцуулахад их байгаа нь харагдаж байна. Гэрийн дотор агаар гадна агаараас илүү бохирдолтой байна гэсэн үг. 

Баянхошуунд хийсэн энэхүү судалгаа бол зөвхөн нэг өрхийн судалгаа. Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдарч байгаа. Тэгвэл эдгээр иргэний төлөөлөл болсон 300 иргэнд дор хаяж судалгаа хийх хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатарын иргэн хотын аль бүсэд ямар хэмжээний бохирдолд өртөж байгаа нь тодорхой болно. Мөн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд цаашлаад дундаж наслалтад хэрхэн нөлөөлж байгаа судлах шаардлагатай. Ийм судалгааг хийхэд ойролцоогоор нэг сая ам.доллар хэрэгтэй" гэлээ.

SO2, NO2 БИДЭНД ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ВЭ?

АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ NO2

Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхтэй ордог. Агаарын бохирдлын эх үүсвэрээс ялгарсан азотын исэл (NO) агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ. Үүссэн азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ. Аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг.

Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

ХҮХРИЙН ДАВХАР ИСЭЛ SO2

Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий. Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаанаас үүсдэг.

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

 

Ийнхүү нарийвчилсан судалгааг хийж, дүгнэлт дээр нь ажиллах хэрэгтэйг судлаач Б.Алтангэрэл мөн онцолж байлаа.  Төр, засгийн удирдлагууд одоогоор тухайлсан судалгаа шинжилгээ болон урьдчилсан тооцоололгүйгээр ажиллаж байгаа юм. Төрөөс агаарын бохирдлын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч буй ч эдгээр нь ямар үр дүнд хүрэхийг тайлбарлах хүн одоогоор алга.