Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ту-154 онгоцны нисгэгчийн сүүлчийн үгийг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хар тэнгист осолдсон Оросын цэргийн Ту-154 онгоцны нисгэгчийн бүхээгний хар хайрцагийг өчигдөр уснаас гаргаж Москва руу шинжилгээнд илгээсэн билээ.

Уг хайрцагт нисгэгчдийн сүүлийн яриа бичигдэж үлддэг. Тэгвэл Ту-154-ийн нисгэгчдийн хэлсэн сүүлийн үгийг задалж сонссон тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Нисгэгчийн хэлсэн сүүлийн үг “Закрылки, сука!” байсан ба дараа нь “Командир, падаем!” гэж орилсон байна.

“Закрылки” нь онгоцны далавчны ар хэсэгт байрлах дэвүүрийг хэлдэг бөгөөд онгоцыг хөөрөх болон газардах үед ажиллаж агаарын урсгалыг зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл дэвүүрт ямар нэг асуудал гарч, дараа нь онгоц унаж эхэлснийг дээрх үг гэрчилж байна.

Нэрээ хэлээгүй эх сурвалжийн мэдээлснээр хар хайрцагны мэдээллийг урьдчилсан байдлаар шинжлээд осол нисгэгчийн алдаанаас болсон гэж дүгнэжээ. Онгоц хөөрөх үед дэвүүрийн ажиллагааг буруу тооцсоноос онгоц хөөрөх хүчээ авч чадалгүй унаж эхэлсэн байж болзошгүй.

Онгоцны сүүл хэсэгт байрлах хоёр хар хайрцагны байрлалыг тодорхойлоод байгаа ба уснаас удахгүй гаргах тухай батлан хамгаалах яам мэдээлжээ. Энэ хар хайрцагт онгоцны нислэгийн үеийн техникийн мэдээллүүд хадгалагддаг байна.

Өнгөрсөн Ням гарагийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яамны Ту-154 онгоц Сочи хотоос хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа радараас алга болсон юм. 92 хүн зорчиж байсан уг онгоц Хар тэнгист унаж осолдсон болохыг дараа нь тогтоож байв.

Хар хайрцгийг задлах ажиллагаа:

“Закрылки” (англиар Flaps гэдэг) буюу далавчны дэвүүр онгоц хөөрөх болон газардах үед хэрхэн ажилладаг тухай:

Эх сурвалж: Russia Today