Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын айлчлалын үеэр монголчуудад өгсөн гадныхны сануулга

Р.Төгс
2016 оны 12 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ болон Персийн булангийн орнуудаар ажлын айлчлал хийсэн. Хойд хөрш болон Арабын нэгдсэн Эмират, Саудын Арабын вант улсад айлчилна гэсэн албан мэдээгээр үдүүлсэн УИХ-ын дарга Кувейт улсад ч айлчлалаа үргэлжлүүлсэн. Түүний айлчлалын үеэр гадаад ертөнц монголчуудыг хэрхэн хүлээн авч, ямар үгсийг хэлж, сануулга үлдээж байсныг товчлон хүргэе.

ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй

ОХУ-аас айлчлалаа эхлүүлсэн спикер арванхоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбсюны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзсан.

Уулзалтуудын үеэр В.А.Васильев “Хамтын ажиллагааны түвшин чамлалттай байгаатай санал нэг байна. Сайжруулах ёстой. Улаанбаатарт саяхан болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ойрын үеийн зорилтуудаа хэлэлцэн тохирсон гэж үзэж байна. Эдийн засгийн харилцааг амжилттай болгоход эрх зүйн орчин таатай байх ёстой.

Бизнесийнхэнд эрсдэл учрах ёсгүй” гэдгийг онцолсон бол Төрийн Думын дарга, В.В.Володин “Парламентын болон улс төрийн харилцаанаасаа эдийн засгийн харилцаа хоцронгуй байгааг хаана хаанаа мэдэж байгаа. Бидний гол анхаарах асуудал бол энэ мөн” хэмээн тэмдэглэсэн.

Энэ үеэр Оросын төмөр хатагтай гэгдээд байгаа монголчуудын чамгүй сайн танил болох В.И.Матвиенко Их хурлын даргад ийн хэлсэн юм.

"Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш.

Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой" хэмээсэн юм.

Арабын Нэгдсэн Эмират: Дүрэм, журмыг баримталсан байх ёстой

ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийхээр ирсэн М.Энхболд Арабын Нэгдсэн Эмират улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзсан.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү гэсэн УИХ-ын даргын хүсэлтэд хатагтай Амал Абдулла Ал КубаисиЭдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой" хэмээн сануулсан юм.

Саудын Араб: Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа

Их Хурлын дарга Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлсэн. Тэрбээр Эль-Рияд хотноо хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна хэмээсэн М.Энхболдын үгийн хариуд Саудын Арабын хунтайж “Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Тиймээс Таны тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандана. Бид найрсаг харилцаатай Монгол Улсад туслахдаа баяртай байх болно” гэжээ.

Кувейт: Монголд судалгаа хийсэн ч хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөр алга байна

Арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж “Кувейтийн сан”-гийн захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадертай уулзсан. Чингэхдээ “Манай эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа учраас Засгийн газар энэ байдлыг гэтлэн давах тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа.

Олон улсын банк, санхүүгийн байгууллага, сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байна. Т үүнчлэн танай улс, “Кувейтийн сан"-тай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Та бүхнийг, Сангийн удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь үзэж танилцахыг урьж байна” гэсэн билээ.

Харин Аль-Бадер урилгыг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд “Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим асуудал шийдлээ хүлээж байна" гэж тэмдэглээд Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн.

Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна. Мөн Шүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулагчийн асуудал байгаа. Бид холбогдох судалгааг хийгээд танай талын техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж байна.

Сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзье. Зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ. Шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Айлчлалынхаа хоёр дахь өдөр УИХ-ын дарга Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхсан. Энэ үеэр Кувейтийн Эмир “Иракийн дайны үед Кувейтийг дэмжиж байсанд нь бид Монгол Улсад байнга талархаж байдаг. Энэ жилийн хувьд газрын тосны үнийн уналттай холбоотойгоор манай санхүүгийн байдал амаргүй байна.

Гэхдээ Монгол Улсад боломжийнхоо хэрээр туслахыг зохих байгууллагуудад чиглэл болгоно" гэсэн байна.

Харин тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Анес Халид Аль-Салехтай уулзахад “Манай улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн хамгийн сүүлчийнх нь 2010 онд хийгдсэн. 2014 онд Эрхэм дээд Эмирийн зарлигаар Кувейтийн хөрөнгө оруулалтын газрын ахлах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Монголд очиж, судалгаа хийсэн ч хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөр алга байна гэсэн дүгнэлт хийсэн. Танай улсаас бодитой төсөл, хөтөлбөр ирүүлбэл Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар хүлээж авахад бэлэн” гэжээ.

Зураг