Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк атаархуу хүмүүсийг хамгийн их зовоодог

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүк нь хүмүүсийг аз жаргалгүй болгодог, ялангуяа атаархуу хүмүүсийг бүр их зовоодог тухай саяхан хийсэн судалгааны дүн харуулжээ.

Уг сүлжээнээс долоо хоног хөндийрсөн хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун болж байгаа нь мөн харагдсан байна. Копенгагений Их сургуулийн судлаачид 1,095 хүний хагасыг нь Фэйсбүүк хэрэглэхийг зөвшөөрч, үлдсэн хагасыг нь хэрэглэхгүй байхыг даалгаж туршилт явуулжээ.

Ингэхэд найз нарынхаа постуудыг харж атаархдагаа нуугаагүй хүмүүс хэрэглэхгүй байснаар хамгийн их эрүүлжсэн үр дүн гарсан байна. Судалгаанд Дани улсын өнцөг булан бүрт амьдардаг хүмүүс оролцсон бөгөөд 86 хувь нь эмэгтэйчүүд, дундаж нас нь 34, дундаж Фэйсбүүк найзын тоо нь 350 байсан гэнэ.

Тэд эхлээд 15 минутын тест өгснийхөө дараа санамсаргүйгээр Фэйсбүүкээс ангижрах, эсвэл үргэлжүүлэн хэрэглэх бүлэгт хуваагдсан байна. Туршилтын сүүлчийн өдөр дахин тест авахад 888 хүн үлдсэн байсан ба Фэйсбүүкээс ангижрах бүлэгт эхлэхэд байсан хүмүүсийн 13 хувь нь тэсэлгүй хэрэглэж эхэлсэн тул туршилтыг орхисон ажээ.

Ингэхэд Фэйсбүүк хэрэглэж байсан хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж 10 онооноос 7.74 байсан бол Фэйсбүүкээс холдсон хүмүүсийн сэтгэл ханамж 8.11 болсон байна.

Эдгээрээс атаархалдаа шаналж явдаг хүмүүсийн сэтгэл ханамж илүүтэй дээшилсэн нь харагджээ.

Судалгаанаас мөн 19-32 насныхан сошиал сүлжээнд хамгийн их цаг зарцуулж, тэр хэрээрээ сэтгэл зүйн дарамтад байдгийг илрүүлсэн байна.

Тиймээс судалгааны багийнхан “Нэг л зүйл тодорхой. Хэрвээ чи Фэйсбүүкийг идэвхтэй хэрэглэдэг бол сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд хэрэглээгээ багасгах хэрэгтэй” гэж зөвлөжээ.

 

Эх сурвалж: Independent