Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хатуу ял шийтгэл үзүүлэх эрх зүйн орчинтой боллоо"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Ийнхүү энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар буцаагдаад байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэнээр уг хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр боллоо

Хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас дараах зүйлийг тодрууллаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг УИХ баталлаа. Өмнөх хуулиасаа ямар онцлогтой болсон бэ? 

-2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж байсан. Хэрэгжээд 2-3 жилийн дараагаас сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байна гэж ярьж ирсэн. Ялангуяа хариуцлагатай холбоотой асуудлууд сул байна гэсэн шүүмжлэл байсан. Энэ бүхнийг энэ хуулийг шийднэ. 

-Өмнөх хувилбараар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдээлсэн хүнийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Хуульд хэрхэн туссан бэ. Мөн хохирогчийг хэрхэн хамгаалах вэ? 

-Хуулийг боловсронгуй болгох гол шалтгааны нэг нь хохирогчийг хамгаалах. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс цагдаад гомдол гаргахаар дарамталдаг, гомдлоо татаж авахаас аргагүй байдалд ордог, шийтгэл гэхээр зөвхөн торгох асуудлыг ярьдаг байсан. Торгохоор нөгөө хохирсон хүнийг хамт шийтгэчихэж байгаа юм.

Ял шийтгэл хүртэл оновтой биш байсан. Тиймээс шинэ хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг торгох арга хэмжээг огт оруулаагүй. Сэтгэл, санаа, бие мах бодь, эд хөрөнгийн хүчирхийлэл үйлдсэн хүн ямар нэгэн байдлаар хариуцлагын гадна үлдэх, ял шийтгэлээс мултрахгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл анх удаа үйлдсэн эсэх болон гэмтлийн зэргээс үл хамааран 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаас эхлээд шийтгэл өгнө.

Мөн шүүгч, прокурор, мөрдөн байцаах байгууллага хохирсон хүнтэй уулзахгүй, гэр оронд нь хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг очуулахгүй байхыг хуульд тусгасан. Хэрвээ энэ арга хэмжээг зөрчиж, хохирогчийг дарамтлавал гэмт хэрэгт тооцож, хоёр жил хүртлэх хугацаагаар хорино

Монголын төр хувийн амьдрал гэдгийг гэр бүлийн дотоод асуудал гэдгээр оролцохгүй биш харин ч оролцож, хатуу ял шийтгэл үзүүлэх хууль эрх зүйн орчинтой боллоо. 

-Иргэний мэдээлэх үүрэг хэвээрээ байгаа юу? 

-Иргэний мэдээлэх үүрэг хэвээрээ байгаа. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг ярьсан. Жишээ нь, гудамжинд зодолдож байгаа хоёр хүний талаар мэдээлээгүйн төлөө хариуцлага ногдуулаад байх уу үгүй юу гэдгийг сая хэлэлцүүлэг дээр гишүүд асууж байсан. 

Хариуцлагаа заагласан. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой ямарваа нэгэн хэргийг мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно

-Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, засаг захиргааны нэгжид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх баг ажиллуулах шинэ бүтэц нэгжүүд бий болсон гэсэн. Ийм бүтцээр ажиллах төсөв хөрөнгийг яаж шийдэх юм бол. 

-Үүнийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэхгүй. Энэ бол бүх нийтийн үйлс. Үүнийг ганцхан яам, эсвэл Засгийн газар ачаа үүрээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. 

Жишээ нь, орон нутгийн төсвийн хөрөнгө дотор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зардал байдаг. Тэнд архидан согтуурсан, мансуурсан, зөрчил гаргасан этгээдүүдийн торгуулийн орлого төвлөрдөг. Үүний тодорхой буюу 40 хүртэл хувийг эргээд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр зэргийн зардлыг санхүүжүүлэх чиглэлээр ажиллана. 

-Хамгаалах байрны тоог нэмэгдүүлэх үү?

-Ер нь олон улсын жишгээр 80 мянган хүн тутамд нэг хамгаалах байр байдаг. Манайх бол мэдээж энэ тоонд яагаад ч хүрч чадахгүй байгаа. Төр өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан байрууд байгаа. ТББ-ын байгуулсан байрууд ч байгаа. Манай яам харьяа агентлагынхаа хүчээр байгуулсан байрууд ч байгаа. 

Бидний хамгийн их амгалан тайван гэж боддог скандинавын орнуудад ч гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн гаралт нь 20 гаруй хувьтай байдаг юм байна. Тийм өндөр хөгжилтэй улс орнуудад ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт өндөр байна гэдэг нь нийгмийн үзэгдэл юм. 

Хамгаалах байрыг судалгаатай байгуулах шаардлагатай. Юун түрүүнд хамгийн их хүчирхийлэл үйлдэгдэж байгаа газар хаана байгааг судална. Он гараад улсын хэмжээнд том судалгаа явуулах гэж байгаа. Энэ судалгаа нэлээн далд хэлбэртэй явагдана. Түүн дээр үндэслээд байгаа олсон, хамгийн хүнд газраас эхэлж хамгаалах байр байгуулах асуудлаа шийднэ.