Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэй уулзлаа.
Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэс тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс тавантолгой” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд 2.2 тэрбум тонн гэж тооцсон байдаг.
Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших зэрэг саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулав.
Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна.
Эх сурвалж: УУХҮЯ