Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа. 

-Цаг үеийн хамгийн чухал сэдэв агаарын бохирдолтой тэмцэх асуудал. Салбарын сайдын хувьд агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг хэлж өгнө үү?

-Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлттэй байна. Энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд  амьсгалын замын эрхтний өвчлөл жил дараалан өсч байгаа мэдээ гарсан.  

Цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, багтраа, харшил, ларингитийн өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна.  Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM2.5, PM10  гэдэг үл үзэгдэгч  тоосонцрууд хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг.  

Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг эдгээр тоосонцрууд  уушгины гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай. Хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг  үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж, бохирдлыг багасгахын төлөө бид тууштай ажиллах шаардлагатай.

Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон  түүхий нүүрсийг жилд Улаанбаатар хотын хэмжээнд жилд  5.9 сая тонныг хэрэглэдэг. Үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа  боловч  агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байна.

Мөн  Улаанбаатар хотод явж байгаа   тээврийн  хэрэгсэл агаарт  ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг ялгаруулдаг. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  байгаатай холбоотой.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлууд ямар үр дүнд хүрэв?  

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр их  ч ярьж, багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүн хангалттай биш байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй.  Тухайлбал, 2011-2014 онуудад  сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улсын төсвөөс 92.9 тэрбум, Дэлхийн банк, “Жайка”, Мянганы сорилтын сангаас  нийт 46.5 сая ам.долларыг зарцуулсан байна. Дээрх арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа РМ2.5 тоосонцрын хэмжээ бага хэмжээгээр   буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.

-НҮБ-аас хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх, нөгөөтэйгүүр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байсан. Агаарын бохирдлыг бууруулахад мөнгө зарахгүй ажлуудыг энэ мэтчилэнгээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын дүнд бид агаарын бохирдлоосоо салж чадна. Өнөөдөр утаатай тэмцэх чиглэлээр ард иргэд маш их шүүмжилж байгаа боловч бодитой оролцоо хангалтгүй байна.

Утааг багасгахад иргэн бүрийн бодитой үүрэг, оролцоо чухал гэдгийг бүгдээрээ ухамсарлаасай. Энэ сарын эхээр хуралдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн аяныг өрнүүлэх ажлыг хийх үүргийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгсөн. 

-Эрчим хүчний сайд орон сууцны дулааныг хийн эх үүсвэрээр шийдвэрлэх ажил хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Яам, агентлагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

-Агаарын тухай хуулиар бүх салбар, яамд агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаас   бүх яамдад албан үүрэг өгсөн. Байгалийн хийгээр халаалт шийдэх асуудал нь урт хугацааны бодлогодоо бол зөв алхам. Ойрын хугацаанд эдийн засгийн хувьд боломжгүй. Хийн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжих боломжтой хэдий ч дэд бүтцийн зардал маш өндөр өртөгтэй гардаг.

 -“Цэвэр агаар сан”-г сэргээх, гэр хорооллын өрхийн дулааныг цахилгаан хангамжаар шийдэх, уурын болон усны халаагуурын зуух ашиглах, агаарын бохирдлыг бууруулах сантай болох зэргээр олон ажлыг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Хэрхэн төлөвлөж хэзээнээс эхлүүлэх вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны   анхны хуралдаанаар    өнөөдөр, цаашид, дунд хугацаандаа  бид агаарын бохирдлыг бууруулах талаар  юу хийх, ямар зорилт тавьж ажиллахаа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд өмнөх жилүүд шиг их мөнгө зарцуулах боломжгүй байна.

Гэхдээ  бүх нөөц боломжоо шавхан ажиллах шаардлагатай. Эхний ээлжид бид “Цэвэр агаар сан”-г эргэж байгуулахаар ажиллаж байна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглах  боломж бүрдэнэ.

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад  таван  тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг тэглэхэд зарцуулна. Сайжруулсан зууханд 450 сая, сайжруулсан түлшинд 400 саяыг зарцуулахаар төлөвлөсөн.

-Өмнөх жилүүдийг бодоход энэ жил нэлээд бага мөнгө төсөвлөсөн байна. Сайжруулсан зуух, утаагүй түлшинд 900 саяыг зарцууллаа гээд хэр үр дүн гарах бол?

-Энэ удаа сайжруулсан зуух, түлшийг зорилтот бүлэгт нийлүүлэх бодлого барьж байна. Нийслэлийн 198 мянган айл өрхийн 30 хувь нь агаарыг ихээр бохирдуулагч, хүний эрүүл мэндэд онц хортой зүйл түлдэг гэсэн  судалгаа бий. Эдгээр иргэддээ сайжруулсан түлш, зуух тараана. Ингэснээр агаарын бохирдол хамгийн багадаа 10 хувиар буурна гэж үзэж байгаа. Сайжруулсан  зуух, түлшний хөнгөлөлт зорилтот бүлэгт чиглэснээр тухайн иргэддээ, нийтийн эрх ашигт ч хэрэгтэй гэж үзэж байгаа. 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖЯ-ны цаашдын бодлого, чиглэл юу вэ?

-Агаарын бохирдолттой өнөө маргаашаа бодож, амиа аргацаасан байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс  бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлах  ёстой гэсэн бодлогыг БОАЖЯ-наас  барьж байна.

Мэдээж  түүхий нүүрсний хэрэглээг өнөөдөр шууд зогсоох боломжгүй. Нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрийг дэмжих бодлого барьж ажиллана. 1950-иад оны эхээр Лондон хот агаарын бохирдлын гамшгаас салж чадсан түүх нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосонд байсан.

Түүхий нүүрсийг хориглоод цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, Агаарын чанарын бүсүүддээ онцгой хяналт тогтоож утаанаас салсан түүх байдаг. Гаднын энэ мэт сайн жишээ, туршлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван  жилд зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох ажлуудыг үргэлжлүүлэн шат дараатай хийнэ.  

Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа учраас төвлөрлийг сааруулах, нийслэл хотоо тэлэх  бодлогыг явуулах ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч ашиглалтад орсон 130 мянган орон сууц худалдан авагчаа хүлээж  байна. Ард иргэдийн маань худалдан авах чадвар сайнгүй байгаа учраас энэ аажмаар үр дүнгээ өгөх бодлого.

Зураг