Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхбаяр: ТОСК цаашдаа барилга барихгүй, түрээсийн орон сууцны асуудал хариуцаж ажиллана

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. 

Барилга, Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээллийнхээ эхэнд “Одоогоор Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 4.7 хувьд хүрсэн. Нийт 5,483 байгууллага барилгын салбарт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 78,660 аж ахуйн нэгжүүд дээр  байнгын болон улирлын чанартай ажлын байр байна” гэж онцолсон. 

Өнөөдрийн байдлаар 88 мянган өрх ипотекийн зээлэнд хамрагдаж, зах зээл рүү 4 их наяд төгрөг  гараад байгаа аж. Ипотекийн зээлийг Монголбанк өмнө нь олгогдсон ипотекийн зээлээр санхүүжүүлж байгаа. Сард 30-35 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Энэ нь 600 орчим өрхөд зээл олгож байна гэсэн үг юм.  

Монголбанк арилжааны банкуудтай уулзалт хийж, анх гаргасан 4 их наяд төгрөгийг эргүүлэн төлөх хугацааг нэг жилээр сунгасан. Ингэснээр ипотекийн зээл санхүүжих боломжийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар нийт зээлийн 1.2 хувь нь чанаргүй зээл байна.

Цаашид бодит эх үүсвэрийнхээ нөөцийг нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээр хийж байна. Мөн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 725 айлын орон сууц Улаанбаатар хотод байна. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны м.кв-ыг нэмсэн. Таван аймагт 360 айлын орон сууц бий

Салбарын сайд дээрх мэдээллийг хийсний дараа гишүүдийн тавьсан асуултад хариулт өгөв. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх вэ. Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах вэ. Барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам ямар бодлого барих гэж байна вэ.  

Барилга, Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Одоогоор ипотекийн зээл  эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжиж байгаа. Тодорхой хугацаанд ингэж явах нь.

Сангийн яам бодит эх үүсвэр чиглэлээр ажиллаж байгаа. Сая бодит эх үүсвэр орж ирэх асуудал бараг шийдэгдсэн байсан ч тодорхойгүй хуагцаагаар хойшиллоо. ТОСК цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцны асуудлаа хариуцаж ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна. Орон нутагт орон сууц баригдах нь эрс бага байна. Үүнийг төрийн бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ. Төсвийн хөрөнгөөр барилгын  ажил гүйцэтгэхдээ орон нутагт нь эрхийг нь өгчихөж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор аймагт эрх мэдэл алга, тендерээр хэдэн тахир дутуу барилга баригдаад, эзэд нь хот руу явчихаад байна.

Замын–Үүдэд 100 ортой баригдах эмнэлэг жорлон болчихоод байна. Хөрөнгийг нь бүгдийг нь авчихсан. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хотоос компани очиж хийгээд, эргээд утсаа авахаа больчихдог. Ийм боломж нөхцөлийг салбарын яам нь засаг даргад нь өгчихөж болдоггүй юм уу.

Барилга, Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Аймаг орон нутагт ипотекийн зээлийн хүүг наймаас бага хүүтэйгээр олгох чиглэлд яам анхаарч ажиллана. Бодит эх үүсвэр олдсон тохиолдод энэ ажлыг эхлүүлнэ. Төсвийн хөрөнгөөр баригдах орон нутгийн барилгын ажлыг бид анхаарна. Орон нутгийн ядуурал, нийслэлийн утааны асуудлаар бид олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Амины орон сууцтай айлуудыг ипотекийн зээлтэй хэрхэн уяж өгөх асуудлаар ажиллана.

Өнгөрсөн хугацаанд явагдсан тендерүүдийн тухайд бид асуудлыг нягтлаад, холбогдох шаардлагуудаа тавиад явна. Уг нь аймгийн засаг даргад тендерийн эрх байдаг. Гэтэл тэр нөхөр нь нийслэлийн компанид өгчихсөн байгаа юм. Цаашид улсын төсвөөс барилгын ажил нь дуусаагүй компаниудын мөнгийг олгодог хэлбэрт хязгаарлалт хийнэ. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд салбар яам хэрхэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй юм. 

Барилга, Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Өнөөдрийн бололцоон дээр тулгуурлаж Монголбанк идэвхтэй ажиллаж байгаа. Сангийн яамнаас бодит эх үүсвэрийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй. Барилга, Хот Байгууллатын яам чиг үүргийнхээ хүрээнд эх үүсвэрийг хариуцахгүй байгаа. Гэхдээ Сангийн яамтай хамтран идэвхтэй ажиллаж байна.