Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд агаарын бохирдлын эсрэг НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

iKon.mn сайт өнөөдрөөс "Утаагүй Улаанбаатарын төлөө" булангаа нүүр хуудсандаа гаргаж байна.

Улаанбаатарын утаа бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, утааны улирал буюу өвлийн туршид эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа давуулан хонгилдоо багачуудыг хэвтүүлэн эмчилж байна. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын эсрэг бид чухам яг юу хийж байна вэ. Цаашид юу хийх вэ?

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Хамгийн түрүүнд бид эрх баригчид 2017 онд утааны эсрэг яг юу хийх талаар сурвалжиллаа.

Агаар бохирдуулагч дөрвөн эх үүсвэрийг төлөөлөн иргэд, ААН-үүд жилд дунджаар улсад 22 тэрбум төгрөгийн төлбөр төлдөг. Харамсалтай нь энэ мөнгийг бидний хамгийн эмзэг сэдэв болоод байгаа агаарын бохирдлын эсрэг бүтнээр нь зарцуулахгүй. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргахаар тогтсон бөгөөд энэ нь агаарын бохирдуулсны төлбөрт авдаг мөнгөний 20 гаруй хувьтай тэнцэж байна.

Таван тэрбум төгрөгийг дөрвөн чиглэлээр зарцуулахаар тогтжээ. Үүнд,

  1. 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд,
  2. 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад,
  3. 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад,
  4. Үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ.

Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 198 мянган өрхийн 30 хувь нь барилгын хог хаягдал, автомашины хуучин дугуй гээд шатааж болох бүхий л зүйлийг шатааж байгаа талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны хэвлэлийн албаныхан хэлж байлаа.  Тэдгээр зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух, түлш тарааснаар агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас мэдээлэл, сурталчилгааг сайн хийж, улмаар ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн учраас олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулах хөрөнгийг тусгасан байна.

"Мөнгө зарцуулахгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжийг эрэлхийлж байна"

Дээрх хөрөнгийн дийлэнх нь хүн амын 50 хувь оршин сууж буй, агаарын бохирдлын голомт гэж хэлж болох Улаанбаатар хотод зарцуулагдах аж. Үүн дээр нийслэлээс 3.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Уг нь бол хуулиараа агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрүүдээс авсан төлбөрийг эргээд бохирдлыг бууруулахад зарцуулах ёстой. Гэсэн хэдий ч энэ жил эдийн засгийн нөхцөл хүнд байгаа учраас УИХ-аас таван тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар болсон. УИХ, Засгийн газар, Сангийн яам, Агаарын бохирдлыг буурах үндэсний хороо гээд шат шатандаа хөрөнгийн асуудлыг ярилцаж, харилцан ойлголцсоны үндсэн дээр таван тэрбум дээр тогтсон.

Мөнгө зарцуулахгүйгээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, агаарын бохирдлыг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Мөн нүүрс түлэхгүй байгаа иргэдээ урамшуулая, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй технологийг дэмжие гэсэн бодлогыг баримталж байгаа.

Гэр хороололд байгаа 198 мянган өрх нэг өвлийг давахын тулд 600 мянган тонн нүүрс түлж байна. Дунджаар 36 тэрбум төгрөгийг зөвхөн нүүрсэнд зарцуулж байгаа” гэв.

Манай улс агаар бохирдуулагч дөрвөн эх үүсвэрээс төлбөр авдаг. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэд, түүхий нүүрс олборлогч, томоохон эх үүсвэр /Цахилгаан станцууд/, органик болон химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл хүссэн ААН-үүд уг төлбөрийг төлдөг хуультай.

График: Агаарын бохирдуулсны төлбөрөөс улсын төсөвт хэчнээн төгрөг хуримтлагдсаныг харвал,

/мянган төгрөг/

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд ба үр дүн

Өнгөрсөн таван жилийн хугацаанд буюу 2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна.

Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч тус зуухны хэрэглээ бага байгааг түүвэр судалгаанаас харж болохоор байна. Түүвэр судалгаа хийж үзэхэд зарим хороодод сайжруулсан зуухны хэрэглээ 20 хувьд ч хүрэхгүй байгааг албаныхан хэлж байлаа.