Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үхэхдээ үхэр буугаа хэн нь тавих гээд байгаа юм бол...

Р.Саруул
2016 оны 12 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн он жилүүдэд Хөгжлийн банктай холбоотой маш олон зөрчил илэрсэн гэдгийг улстөрчид болон тус газрын санхүүд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн онцлон хэлж байсан. Гэтэл тус банкийг шалгаж эхэлсэн цагаас хойш үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээллүүд гарч, иргэдийн тархийг угааж эхэлсэн.

Уг нь 2012 онд Засгийн эрхийг гартаа аваад байсан АН-ынхан Эдийн Засгийн Хөгжлийн яамыг байгуулсныхаа дараа тус банкийг бий болгож байсан түүхтэй.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байгуулагдсан тус банк ганцхан сайдын үзэгний үзүүрээр хэдэн тэрбум төгрөгийг үр ашиггүй гаргаснаас болж өдгөө бид дааж давшгүй өрөнд орж энэ бүхний буруутан хэн бэ гэдгийг ч тогтоож чадахгүй өөр хоорондоо “алалцаж” байна.

Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн парламентын үед Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан тухайн үед маш олон ноцтой зүйлүүдийг илрүүлэн тогтоож олон нийтэд мэдээлж байсан.

Гэтэл түүнийг мэдээлэл хийснийх нь дараа АН-ын нэр бүхий хүмүүс түүн рүү дайрч хэлсэн үг үйлдэл бүрийг нь няцааж хана руу шахаж эхэлснээр энэ ажил цааш явж чадалгүй гацаж байсан.

Тэгвэл шинэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхэлж дахин Хөгжлийн банканд шалгалт оруулж Хууль зүйн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрвөн cap гаруйн хугацаанд тус банкны санхүү болон удирдлагын багт нь шалгалт хийж маш олон ноцтой зөрчлийг илрүүлж үүнийгээ хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон.

Гэтэл АН-ын ах нар Засаг барьж байх үедээ хийсэн дайралтуудаа дахин хийж нэр бүхий хүмүүсийг Хөгжлийн банкнаас хамгийн их мөнгө авч идэж уусан хүмүүс мэтээр тодруулчихсан.

Үхэхдээ үхэр буугаа хэн нь тавих гээд байгаа юм бол...

Тухайлбал, өнгөрсөн даваа гараг буюу 12-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзахдаа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд, Нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан.

Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахалж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна.

2017 онд эргэн төлөгдөх 1.6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1.3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээсэн юм.

Тэд энэ удаагийн шалгалтыг ч мөн адил хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн бус дүгнэлт гаргасан, дүгнэлтэд дурдсан олон зүйлүүд баримтаар нотлогдохгүй байна хэмээн хэлж байгаа нь хачирхалтай.

Уг нь тус намыг засгийн эрх барьж байх үед маш олон тэрбум төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулж төсвийн сахилга бат алдагдаж санхүүгийн эрээ цээргүй байдал газар авснаас болж өнөөдөр Хөгжлийн банк хүнд байдалд орсон гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын Ж.Мөнхбат баримт нотолголтойгоор гарган тавьсан.

Угтаа бол С.Эрдэнэ гишүүний баримт нотолгоогүй гээд яриад байгаа зүйлийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шалгалт, Үндэсний аудитын газрын хоёр удаагийн шалгалт, Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалт, УИХ-ын Байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр энэ бүхэн тогтоогдсон гэсэн үг.

Гэтэл энэ бүх шалгалтыг тэд хүлээн зөвшөөрөхгүй өөрсдийгөө хаацайлж янз бүрийн мэдээллийг ард түмэнд өгч байгаа нь шударга биш явдал. Тэртээ тэргүй өдгөө олон нийт Хөгжлийн банкны талаар хангалттай мэдээлэл авч ямар сайд дарга нар тус газраас хэдэн тэрбум төгрөгийг зувчуулж халаасалсан бэ гэдгийг бага сага мэдэхтэйгээ болсон.

Тийм учраас л тэдний энэхүү тархи угаасан мэдээлэлд олон нийт нэг их ач холбогдол өгөхгүй гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Түүнчлэн энэхүү шалгалтын дүнг хамгийн их эсэргүүцэж байгаа хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр бүлгийн дарга С.Эрдэнэтэйгээ мэдээлэл хийхдээ энэ үйлдлээ харуулсан уу гэж хардмаар.

Хэрвээ уншигчид санаж буй бол эрхэм гишүүн АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг тэрбум гаруй төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байдаг. Яг үнэндээ энэ их мөнгийг авахад хэр баргийн аавын хүү арилжааны банкуудын зээлийн шалгуур хийгээд нөхцөлийг нь хангаж чадахгүй.

Тиймээс л саарал ордноор түүнийг Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан учраас энэхүү шалгалтын дүнг эсэргүүцэж буй гэж хэлж байгаа билээ. 

Бусад руу буруугаа чихээд ч тамга тэмдэгтэй цаасанд дөнгөлөгдөв

Цагаан дээр хараар бичигдсэн тамга тэмдэгтэй цаас ийн байсаар байхад АН-ын ах нар үгүй гэж зүтгээд өөрсдийнхөө алдааг хэн нэгэнд тохож нэр цэвэр гарахаар мацаж байгаа дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, буруугаа бусад рүү чихээд ч тамга тэмдэгтэй цаасанд тэд дөнгөлөгдчихлөө гэсэн үг.

Хэрвээ уншигчид санаж буй бол манай сонин өнгөрсөн онд Хөгжлийн банкны асуудлыг хөндөж бичсэнийхээ төлөө шүүхийн танхимд дуудагдаж шүүх биднийг буруутгасан шийдвэрийг гаргаж байсан.

Гэтэл тэрхүү мэдээллүүд одоо тогтоогдож байхад Хөгжлийн банкны эрх мэдэл бүхий хүмүүсийн талд шийдвэр гаргасан шүүгч нар хэрхэн яаж хуулийн зарим зүйлтийг буруугаар ашиглаж хэрэгт авагдсан материал дээр яаж шинжлэн судлал хийдгийг нь харуулчихсан. Ямартай ч шүүхээс биднийг буруутгасан шийдвэрүүд нь эхнээсээ няцаагдаж Хөгжлийн банкны хууль бус үйлдлийн талаарх ноцтой баримтуудыг ажлын хэсгийнхэн хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгуулахаар боллоо.

Нэгэнт алдаа гаргасан бол тэр алдааныхаа хариуцлагыг хүн үүрэх л болно. Төсөл, зээл нэр дор эрх ашгаа нуусан асуудал үнэн бол хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс нь нэг л өдөр хүлээнэ.

Тэр өдөр хэзээ ирэх вэ гэдгээс айж нойр нь хүрэхгүй байгаа хүмүүс алдаагаа ухаарч нэг ч гэсэн сайн үйлийг хийх нь Монгол үндэстэнд, Монголын ард түмэнд буян болно доо.

Зураг