Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай арилжааны банкуудын “дампуурлын” том шалтгаан нь хувийн шунал, амбиц"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
 

МҮХАҮТ-аас Валютын ханшийн өсөлт сэдвээр өнөөдөр Монголбанк, Засгийн газар, бизнесийнхний дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, ЗГХЭГ-ын төлөөлөл цагтаа ирсэнгүй. Харин Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч О.Орхон, бусад бизнес эрхлэгчид оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын тал талын байр суурийг хүргэе.

Б.Лхагважав: Нэг ч улс төрч өнөөдөр хийсэн алдаандаа хариуцлага хүлээгээгүй

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Монгол төгрөгийн сулрал бизнес эрхлэгчдэд бүх шатандаа асуудал болж байна. Зургаадугаар сарын сүүлээс хойш төгрөг 1,900-2,500-д хүрчихсэн байгаа. Саяын 20 гаруй хувийн уналтаас болж бүх бизнесүүдэд ашгийн тухай ойлголтгүй болчихлоо. Олж байгаа 7-8 хувийн ашиг нь үүндээ идэгдчихэж байгаа юм. Татварын тоон дүнг харахад биелэлт сайн байна. Энэ нь татварын ил тод байдлын хууль, НӨАТ-ын татвар төлөлт нэмэгдсэнтэй холбоотой болохоос эдийн засгийн сайжралтай холбоотой биш. Авдаггүй татвараа авч эхэлсэн гэсэн үг.

Нөгөө талаас компаниуд сүүлийн 25 жил дөрвөн удаа хямралд өртөхдөө өнөөдрийнх шиг ингэж 2013 оноос хойш дөрөв дэх жилдээ орж буй хямралыг үзээгүй.

Макро эдийн засаг дээрээ Засгийн газар тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Үүнээс болж бид хямралд идэгдээд дуусаж байгаа. Нэг ч улс төрч өнөөдөр хийсэн алдаандаа хариуцлага хүлээгээгүй.

Өнөөдрийн шинэ Засгийн газар бидэнд гэрэл гэгээ харагдах реформ хийхээр харагдахгүй байна. Энэ 20 хувийн уналт дараа жил бид нарыг яах юм бэ гэдэг л асуудал байна. Би үүнийг өөрөө хоёр янзаар тайлбарлаж байгаа. Нэг нь сонгуулиар Ч.Сайханбилэг 1.7 их наяд төгрөгийг хувьцааны 300 мянган төгрөг болгож тараасан. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 500 сая ам.доллар хоёр өдрийн дотор гарсан байгаа. Манайх 11 их наядын ДНБ-тэй. Тийм улсаас 483 сая ам.доллар хоёр өдрийн дотор гараад явна гэдэг бол аймшигтай асуудал. Үүний төлөөсийг ААН, иргэд төлж байна” гэв.

О.Орхон: Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгтэй

Үүний хариуд Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан мөнгөний бүх үүсвэр нь аль хэдийнэ гадна талд байршчихсан, ихэвчлэн гаднаас босгосон эх үүсвэр байсан​. Дотоодын эх үүсвэрээр маш бага зээл авсан байгаа. Монгол Улсын нөөцөд тооцогдохгүй, Монголбанкны юм уу аль нэг арилжааны банкны дансан дээр байгаагүй гаднаас босгочихсон мөнгө байсан юм. Дүн нь 483 ч биш 400 сая ам.доллар.

Валют гэдэг юм чинь яагаад хомсдоод байгаа вэ гэвэл өнөөдөр энэ улсад хэнд ч доллар байхгүй болчихоод байна. Хомсдчихоод байгаа учраас энэ доллар гэдэг барааны чинь үнэ өсөөд байгаа юм. Банкуудад доллар байна. Гэхдээ банк чинь энэ долларыг хэвлэдэггүй, гадаадаас вагоноор авчирдаггүй. Энэ нь эргээд та бүгдийн харилцах хадгаламжинд байгаа доллар. Өнөөдөр би иргэн Лхагважавын долларыг банкинд хадгалж байгаад гуйгаад байхаар нь 2,000 төгрөгөөр зарчихлаа гэж бодъё. Маргааш иргэн ирээд доллараа авах гэтэл долларыг нь зарчихсан, буцаагаад авах ханш нь 2,500 төгрөг болчихсон байвал энэ алдагдлыг хэн нэгэн үүрнэ. Иргэн, банк, ААН, эсвэл Монголбанк үүрнэ. Өнөөдөр валютын ханшийн энэ алдагдлыг бүх түвшиндээ бид хуваагаад үүрч байгаа. Банкууд ч энэ дээр асар их алдагдал хүлээж байна.

Би зөвхөн ХХБ-ны жишээн дээр хэлэхэд өнгөрсөн онд бид гадны зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгоод Монголбанканд худалдчихсан. Ханш тэр үед 1,860 байсан. Одоо хэд байгаа билээ. Бид таван жилийн дараа энэ долларыг чинь зах зээлээс авч төлөх ёстой.

Монгол Улсын хувьд төгрөгийг гадаад валюттай хөрвүүлэх ямар ч боломж байхгүй. Тийм учраас бүх зовлонгоо Монголбанкны нуруун дээр үүрүүлж байгаа.

Энэ нөөцийг хэн ч зарладаггүй байсныг шинэ удирдлагууд гарч ирээд дэлхий даяар зарласан. Үүнээс болж Монгол Улс өнөөдөр рейтингээ хоёроор доогуур алдчихаад байна. Дээрээс нь гадны хөрөнгө оруулагчид мөнгө өгөхөө зогсоож, нөхцөл байдлыг хараад суучихлаа. Бид Монголд валют олж ирэх байтугай хэдхэн сарын дараа маш том том үнэтэй төлбөрүүд хийх гээд сууж байна.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас Монголбанкнаас тэр болгон валютыг эрэлтэд нь тулгуурлаж зараад байх боломж байхгүйг бид ойлгож байгаа.

Тиймээс одоо орж ирэхгүй, гадна байгаа валютуудыг татаж оруулах, компаниуд үйл ажиллагаагаа төлөвлөхдөө валютыг аль болох бага татах мөн хувь хүмүүс гудсан доороо доллар авч хийхээ болих зэрэг аргууд байна. Ерөөсөө л Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгтэй.

Бидний ноднин оруулж ирсэн 500 сая доллараар манай улс бүтэн жил шахуу амьдарсан шүү. Ноднин “Оюу толгой”-н мөнгө гэж орж ирээгүй шүү дээ. Төсөл хаалттай байсан. Энэ жил харин “Оюу толгой”-н мөнгөөр бид амьдарч байна. Өнөөдөр Монгол Улсын хувьд валют оруулж ирж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” компаниуд байна. Сардаа нийлээд ердөө 40-50 сая доллар л оруулж ирж байгаа. Үүний ихэнх хувийг нь нефть импортлогчид шууд худалдаад авчихдаг. Үлдсэнийг нь бусад импортын үйл ажиллагаа хийдэг компаниуд авч байна. Үүнээс цааших бидний эрэлтэд хүрэлцэхгүй байна. Тийм учраас энэ доллар чинь хомсдоод байгаа юм” гэв.

Б.Жаргалсайхан: Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм
 

"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан энэ асуудлаар нэлээн хүчтэй байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Монголбанк бол дампуурчихсан юм байна. Энэ авсан бүх зээлийг чинь энгийн математикаар нэмж хасахад аль хэдийнэ дампуурчихсан. “Буян” компани Монголбанкны оронд байсан бол дампуурчихсан байгаа.

Орхон захирал бас худлаа ярьж байна. Өнөөдөр дэлхий нийт эдийн засгийг улам л нээлттэй болгохын төлөө явж байгаа. Гуравдагч аудитын компаниар шалгуулаад интернэтэд бүх юмаа нээлттэй тавьж байна. Яагаад юмыг хааж бооно гэж яриад байгаа юм. Монголбанк нөөцөө дэлгэснээрээ ард түмэн чинь үнэнийг нь олж мэдэж байгаа шүү дээ.

Бид 25 жил хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж 500 мянган төгрөгийн цалинтай амьдарч ирлээ. Жилийн 18 хувийн хүү бид банкуудад төлж байгаа. Энэ банкуудад өөдөлж байгаа юм байна уу. Ерөөсөө өөдөлсөн юм алга байна.

Манай арилжааны банкуудын дампуурлын том шалтгаан нь хувийн шунал, амбиц. Бизнесийн бүх салбар руу орж байгаа та нар. Тэнд ч Дарханы төмрийн үйлдвэр, энд ч Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэтийг аваад л сүүлдээ энэ улсын эзэн болно гэж бодоод байхгүй юу. Ротшильд, Рокфеллерийн түүхийг уншчихсан. Тэр эрин зуун дуусчихсан. Больж үз. Та нар зээлийн хөрөнгөөр тэр бүхнээ хийж байна. Зээлээ төлөх болохоор Засаг дээр үүрүүлчихдэг. Засаг нь бидний татварыг нэмж төлдөг. Өөр юугаар төлөх юм. Наад үлгэрээ одоо боль.

Би 1994 онд гаднаас 80 сая ам.доллар зээлж авчирч байхдаа Засгийн газрын баталгаа гаргаагүй. Зөвхөн Сангийн яамнаас тодорхойлолт л авч байсан. Та нар гаднаас 400 сая долларын зээл авсан гэж байна. Ямар баталгаа гаргасан юм. Та нарын хийж байгаа энэ том том деалүүд энэ улсыг сөнөөж байгаа.  Амьдралын үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг та нар мэдээгүй. Мөнгө олно гэдэг бол бусдаас зээл аваад түүнийг үрэхийг хэлдэг гээд ойлгочихсон. Наадах чинь худлаа.

Та нар доллар аваад, жирийн иргэд тав, арван доллар авч болохоо байчихсан юм уу. Манай иргэд гадаадад ажиллаад жилдээ 200-300 сая доллар Монгол руу шилжүүлж байгаа. Та нарын мөнгийг аваагүй.

Монгол Улс дампуурах юм бол та нар л дампуурна. Жирийн хүмүүст наад доллар чинь байхгүй, төгрөг чинь ч байхгүй. Гэхдээ Монголчууд өлсөж үхэхгүй.

Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм. Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга байя л даа бүгдээрээ. Бид ядуу байж болно. Улс орон хэцүү байж болно. Гэхдээ бид ил тод байдал, шударга ёсыг хүсээд байна шүү дээ.

Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна. Сүүлийн 10 жил манай улс төрчид банкуудтай хуйвалдаж дэндүү их бизнес хийж байгаа.

Тийм учраас энэ ил тод байдлыг хадгалах хэрэгтэй” гэв.